What would you like to search for?

Our News

Хан хөхий уул ирвэстэй гэдгийг баримтаар нотолсон анхны тохиолдол

Нэн ховор амьтны тухай нэгэн шинэ мэдээ сонсгоё. Сонсоход чихэнд чимэгтэй, харахад нүд баясгадаг үзэсгэлэнт сайхан нэгэн амьтан Хангайн нурууны баруун шувтаргын ууланд амьдран байдгийг тогтоолоо. Хан хөхийн байгалийн цогцолборт газрын амьтныг судлах зорилгоор 34 ширхэг автомат камерыг 2020 оны 7 дугаар сард тавьсан. Энэ судалгааны ажил нь Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар, Хан хөхийн нурууны Улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргааны хамтын ажиллагааны хүрээнд хийгдсэн болно.

Нэн ховор амьтны тухай нэгэн шинэ мэдээ сонсгоё. Сонсоход чихэнд чимэгтэй, харахад нүд баясгадаг үзэсгэлэнт сайхан нэгэн амьтан Хангайн нурууны баруун шувтаргын ууланд амьдран байдгийг тогтоолоо.   
Хан хөхийн байгалийн цогцолборт газрын амьтныг судлах зорилгоор 34 ширхэг автомат камерыг 2020 оны 7 дугаар сард тавьсан. Энэ судалгааны ажил нь Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар, Хан хөхийн нурууны Улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргааны хамтын ажиллагааны хүрээнд хийгдсэн болно.
Шинэ мэдээ. 2020 оны 10 дугаар сарын 1-ний өглөөгүүр харанхуйн дунд 5.37 цагт Хан хөхий ууланд тавьсан камерт нэг ирвэс оржээ. Гэрэл зургаа гурван удаа даруулаад, бас цааш, нааш хөлхөн 20 секундын бичлэг хийлгэжээ. Биеийн хэмжээ, галбирыг нь ажвал бие гүйцсэн ирвэс байлаа. Хан хөхий уул ирвэстэй гэдгийг баримтаар нотолсон анхны тохиолдол энэ боллоо. 
Ирвэсийн идэш тэжээл бологч янгир ямаа, халиун буга, зэрлэг гахай гэсэн тураг амьтад камерт бас орсон байна. Уг уул тарвага, зурамнаас гадна ойн олон зүйл амьтад элбэгтэй болохоор ирвэс оршин амьдрах тааламжтай нөхцөлтэй байх боломжтой.
Бас нэг сонирхолтой мэдээ хүргэе. Монгол орны гурван том махчин амьтан энэ ууланд байдаг ажээ. Ирвэснээс гадна чоно, шилүүс камерт орсон байна. 2020 оны 10 дугаар сарын 2-ны өдөр 17.45 цагт өнгө зүс нь гэрэлтсэн залуухан хоёр чоно хошуу амаараа долоолцоод, моодгор сүүлээ шарвалзуулж, нааш цааш сэлбэлзэн их л аз жаргалтайгаар бичлэгт үлджээ. 2020 оны 7 дугаар сарын 12-ний өглөөгүүр 8.54 цагт улбар шар зүстэй шилүүс бүдүүн тарвага зуугаад явж байгаа нь камерын бичлэгт буужээ. Цэцэг, ногоо дэлгэрсэн зуны сайхан өдөр амтат хоолтой золгоод амтархан идэхээр явж байгаад бидний камерын өмнө зогтусаад  сайн ангуучилснаа гайхуулах аятай цааш оджээ. 
Хан хөхий уул нь Хангайн нурууны уулсын системийн баруун төгсгөл юм. Энэ уулнаас эх аван урсдаг олон гол, горхи, бас ой мод, ойн ургамалжилт цогцлон найрссан мал аж ахуй эрхлэх үржил шимтэй нутаг юм. Үржил шимт энэ нутагт Увс аймгийн 8 сумын түмэн олон оршин суудаг. Хангайн хэв шинжийн энэ уул Их нууруудын хотгорын цөлөрхөг хээрээр хүрээлэгдэн оршдог болохоор хангай, говийг сэлгэн нутаглагсад аж төрдөг байна.
  
 
© ДБХС
Хан хөхий уул ирвэстэй гэдгийг баримтаар нотолсон анхны тохиолдол энэ боллоо.

SHARE!

Бусдад түгээхэд бидэнд тусална уу