What would you like to search for?

БИДНИЙ ТУХАЙ

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)

© WWF Mongolia

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар нь Монгол улсын Засгийн газрын урилгаар анх 1992 онд байгуулагдсан бөгөөд дараагаар нь албан ёсоор Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн салбараар бүртгэгдсэн түүхтэй.

ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ

 

Монгол орны Алтайн сүрлэг оргилоос эхлээд говийн уудам элсэн манхан хүртэлх байгаль маань манай гарагийн амин судас билээ. Бидний зорилго дэлхийн байгаль хамгааллын эрхэм зорилготой нэгэн чигт оршдог, энэ нь байгалийн доройтлыг зогсоож, хүн төрөлхтөн байгальтайгаа зохицон амьдрах ирээдүйг цогцлоох. Ирэх арван жилд Байгальд ээлтэй ирээдүйг баталгаажуулах боломж яг одоо бидний өмнө ирээд байна.       

Манай Стратегийн төлөвлөгөө (2026–2030) нь орон нутгийн үйл ажиллагаа болон Дэлхийн байгаль хамгаалах сангийн байгаль хамгааллын “Дэлхийн хэмжээний замын зураг”-ийн хоорондох гүүр болж байна. Энэ бол дэлхийн биологийн  олон янз байдлыг хамгаалах амлалтуудыг Монголын тал хээр, ой мод, уулс, ус намгархаг газрын бодит сэргэлт болгон хэрэгжүүлэх бидний үндсэн зураглал. Бид экосистемийг сэргээж, экологийн холбоосыг бэхжүүлэн, ирээдүйд тогтвортой орших чадавхтай нийгмийг дэмжих нэгдсэн ландшафт болон байгальд суурилсан шийдлүүдийг хэрэгжүүлж байна.    

Aлтай Соён болон Aмар Хейлоний хойд бүсийн усны эх болсон бүс нутгуудад бид олон сая хүний амьдрал болон тоо томшгүй олон зүйлийн оршин тогтнолыг тэтгэдэг ой мод, усны эх үүсвэрүүдийг хамгаалан ажиллаж байна. Харин өмнөд бүсэд бид “Говийн гайхамшигт-6”-г хамгаалах амлалтаа улам бататгаж, нэн ховор амьтдыг хамгаалах, дэлхийд үлдсэн хамгийн том нүүдлийн коридоруудыг хадгалан үлдэхэд чиглэсэн хөтөлбөрөө бэхжүүлж байна.   

Байгаль хамгаалал бол эцсийн дүндээ хүмүүсийн тухай асуудал юм. Бид эдгээр экосистемийн жинхэнэ хамгаалагч болсон 36,000 малчин өрхтэй мөр зэрэгцэн байгальд түшиглэсэн, тогтвортой амьжиргаа болон эдийн засгийг бий болгохын төлөө ажиллаж байна. Энэхүү алсын харааг дэмжихийн тулд бид зоримог бөгөөд тогтвортой өсөлтийг эрэлхийлж, хамтын ажиллагаа бүрийг ус, зэрлэг амьтан, уламжлалт амьдралын хэв маягтаа хийх хөрөнгө оруулалт болгон хөгжүүлэхийг зорьж байгаа билээ.

Монголын байгаль хамгааллын манлайллыг Дэлхийн байгаль хамгаалах сангийн байгаль хамгааллын “Дэлхийн хэмжээний замын зураг”-тай уялдуулснаар бид эх дэлхийгээ сэргээж, эдгээх дэлхийн хөдөлгөөнийг манлайлахад хувь нэмрээ оруулж чадна.  

Байгаль, зэрлэг амьтнаа хамгаалах бидний хамтын үйлс дэлгэрэх болтугай.   

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын захирал М.Бадамлянхуа

© ДБХС
ХѲТѲЛБѲРИЙН ГАЗРЫН ТУХАЙ

Тус хөтөлбөрийн газар нь Монголд үйл ажиллагаа явуулж буй байгаль хамгаалах хамгийн их баялаг туршлагатай байгууллагуудын нэг бөгөөд биологийн олон янз байдлаараа баялаг, дэлхийд хосгүй хоёр газар нутагт хамгааллын үйл ажиллагаа явуулдаг. Үүнд, баруун Монголын Алтай Соёны экобүс нутаг буюу “Цоохор ирвэсийн өлгий нутаг”, нутгийн зүүн хэсгийг багтаасан Амар мөрний экобүс нутаг юм.

Анх хоёр ажилтантай үйл ажиллагаагаа эхэлж байсан тус хөтөлбөрийн газар өргөжиж, одоо 30 гаруй мэргэжилтнээс бүрдсэн чадварлаг баг Улаанбаатар хот дахь төв оффис, түүнчлэн Ховд аймгийн төв болон Хэнтий аймгийн Дадал суманд тус бүр салбартайгаар үйл ажиллагаа явуулж, Монгол орныхоо байгаль, зэрлэг амьтдын хамгаалалд хувь нэмрээ оруулж байна.

Бид Байгаль орчин, аялал жуулчлалын яам, шинжлэх ухааны байгууллага, үндэсний тэргүүлэх ТББ, олон улсын төсөл, орон нутгийн төрийн захиргааны байгууллага, иргэний нийгмийн байгууллагууд, иргэдтэй нягт хамтран ажиллаж ирсэн олон жилийн арвин туршлагатай. Бусадтай эв нэгдэл, хүсэл эрмэлзэл, итгэлээр гагнагдсан бидний урт хугацааны түншлэл бол амжилтын үндэс суурь юм.

АЛСЫН ХАРАА

Монгол орон зэрлэг амьтан, ургамлын өлгий нутаг байж, хүн ард нь байгальтайгаа шүтэлцэн үеийн үед сэтгэл хангалуун амьдрах ирээдүйг бүтээхэд оршино.

© Дэлхийн байгаль хамгаалах сан
БАЙГАЛЬ ХАМГААЛЛЫН ЗОРИЛГО

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар нь сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд байгаль хамгааллын таван жилийн стратеги төлөвлөгөөг таван удаа боловсруулан хэрэгжүүлээд байна. Өмнөх төлөвлөгөөнөөс гарсан ололт амжилт, сургамж дээр тулгуурлан зургаа дахь 5 жилийн (2026–2030 он) стратеги төлөвлөгөөг Байгаль хамгааллын төлөвлөлтийн нээлттэй стандарт, Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Байгууллагын стратеги төлөвлөгөө боловсруулах аргачилсан заавар, Төсөл, хөтөлбөрийн стандарт зэрэг аргачлалыг ашиглан боловсрууллаа. Энэхүү төлөвлөгөөний хүрээнд тус хөтөлбөрийн газар нь биологийн олон янз байдлыг хамгаалах, орон нутгийн оролцоотой хамгааллыг дэмжих, санхүүжилт татах, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхыг бэхжүүлэх чиглэлээр “Дэлхийн байгаль хамгаалах сан- Стратегийн Замнал 20301”-д хувь нэмэр оруулахыг зорьж байна.

WWF International
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн төв байгууллагын цахим хуудас

Монгол орныхоо байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах ариун үйлсэд бид талуудтай хамтран идэвхийлэн зүтгэж байна.

© Дэлхийн байгаль хамгаалах сан