Бидний түүх | WWF

What would you like to search for?

БИДНИЙ ТҮҮХ

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)

© WWF Mongolia

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF) нь анх 1961 онд Швейцарийн хууль ёсны дагуу бүртгэгдсэн, эдүгээ дэлхий даяар таван сая гишүүн дэмжигчтэй, дэлхийн 100 гаруй оронд байгаль орчныг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, олон улсын ашгийн бус, төрийн бус байгууллага юм.

ЭХЛЭЛ

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн байгаль хамгаалах үндсэн үзэл баримтлал нь байгаль орчны доройтлыг зогсоох, хүн байгаль зохицон амьдрах орчныг  бий болгоход оршдог. Энэ ч утгаараа хүн байгальтайгаа зохицон амьдрах үндэс болгон газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах  төслийг Монголд анх 1992 онд эхлүүлсэн билээ.

ТА МЭДЭХ ҮҮ?

Дэлхийн байгаль хамгаалах сан нь анх Дэлхийн зэрлэг ан амьтдын сан гэсэн нэртэй байсан бөгөөд 1986 онд нэрээ өөрчилж Дэлхийн байгаль хамгаалах сан болсон түүхтэй.

© © WWF / Simon Rawles

Дэлхийн байгаль хамгаалах сан Монголд

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын хэрэгжүүлсэн анхны төслийн зорилго нь (1992-1997) тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөтгөх, ач холбогдлыг нь сурталчлах, менежментийг сайжруулахад шаардлагатай санхүүжилтийг олоход Засгийн газарт дэмжлэг үзүүлэхэд оршиж байсан бөгөөд энэ зорилгоо амжилттай биелүүлсэн юм.

5 жилийн дотор улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээ эрс өсч, Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын шууд дэмжлэгтэйгээр Говь гурван сайхан, Горхи-Тэрэлж, Хангайн нуруу, Хар ус нуурын байгалийн цогцолборт газрууд байгуулагдан, Улсын тусгай хамгаалалттай газар нутаг, түүний орчны бүсийн хууль батлагдсан юм.

Монгол улс газар нутгийнхаа 30 хувийг тусгай хамгаалалтад авах үүрэг амлалтыг 1992 онд олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө авсан билээ. Энэ амлалтыг бодит ажил хэрэг болгоход манай байгууллага үр дүнтэй ажиллаж байгааг онцлон тэмдэглэх нь зүйтэй.

ТҮҮХЭН АМЖИЛТУУД

1992 он
Дэлхийн байгаль хамгаалах сан(WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар байгуулагдсан бөгөөд анхныхаа төслийг тусгай хамгаалалттай газар нутаг(ТХГН)-ыг шинээр байгуулах, өргөтгөх чиглэлд хэрэгжүүлж байв. Үүний үр дүнд Хар-Ус нуур, Увс нуур, Хяргас нуур, Онон Балж, Говь гурван сайхан, Горхи Тэрэлж, Хан Хөхий зэрэг байгалийн үзэсгэлэн төгөлдөр бүрдсэн олон газрыг улсын тусгай хамгаалалтад авч хойч үедээ үлдээлээ. Одоо байгаа тусгай хамгаалалттай газар нутгийн 36,4 хувь нь Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын оролцоо, санаачилга, идэвхи зүтгэлийн үр дүнд байгуулагджээ.  
1994 он
Тухайн нутагт цоохор ирвэс байгаа эсэх түүний байршил, нягтшилын үнэлгээ хийх олон улсын аргачлалыг (SLIMS) анх нэвтрүүлсэн бөгөөд тус ажлын үр дүнд үндэслэн хүн ирвэс  хоорондын зөрчлийг багасгах, иргэдийн амьжиргааны эх үүсвэрийг бүрдүүлэх зорилго бүхий “Ирвэс энтерпрайз” хөтөлбөрийг санаачилсан нь өнөөг хүртэл амжилттай хэрэгжиж байна. 
1997 он
Монголоос өөр хаана ч байхгүй унаган зүйл Монгол бөхөнг хамгаалах ажлыг нутгийн иргэдэд түшиглэн хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд үүний ачаар монгол бөхөнгийн тоо толгой өсч, мөхлөөс аврагдаад байна.
1998 он
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газраас Монгол Улсын хэмжээнд анх удаа биологийн олон янз байдлын орхигдлын дүн шинжилгээг хийж, улмаар 2009 онд Монгол улсын хэмжээнд зайлшгүй хамгаалах шаардлагатай 34 газрыг тодорхойлж тусгай хамгаалалтай газар нутгийн менежментийн орхиогдол, сул тал, цаашид анхаарах асуудлыг тусгасан юм. Эдүгээ тусгай хамгаалалттай газар нутгийг өргөтгөх, хамгааллын менежментийг сайжруулахад тус ажлын үр дүн ихээхэн чухал ач холбогдолтой суурь болж байна.

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар Ховд аймагт салбараа нээж цоохор ирвэс, аргаль хонь, цэнгэг ус, ой, монгол бөхөн  хамгаалах ажил эхэллээ.
2001 он
Хууль бус агнуур, худалдаатай тэмцэх “Ирвэс” шуурхай багийг нутгийн баруун хэсэгт байгуулж, улмаар зүүн хэсэгт өргөжүүлэн 12 жилийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулсаны эцэст Засгийн газарт хүлээлгэн өгөв. “Ирвэс” багийн идэвхтэй ажиллагааны үр дүнд хууль бус агнуур, худалдаа эрс буурсан юм.
2003 он
Усны форумыг үндэсний хэмжээнд анх санаачилан, шат дараалсан уулзалт, зөвлөгөөн, зорилтот үйл ажиллагаа зохион байгуулсны үр дүнд Усны нөөцийн нэгдсэн менежментийн үзэл баримтлалыг Усны тухай хуульд оруулж чадсан юм. Ингэснээр өнөөгийн байдлаар Монгол орны 29 сав газрын хэмжээнд 21 сав газрын захиргаа байгуулагдаж ус хариуцах эзэнтэй боллоо.

Үлийн цагаан оготныг химийн аргаар устгаж, хянах химийн хорт бодисын хэт ашиглалтын эсрэг олон нийтийн кампанит ажлыг зохион байгуулсны үр дүнд химийн хорт бодисын зохисгүй ашиглалтыг хязгаарлаж чадсан юм. 
2004 он
Тогтвортой хөгжлийн боловсролын үзэл баримтлалыг Монгол Улсын боловсролын системд нэвтрүүлэхэд талуудтай хамтран идэвхи, зүтгэлтэй ажиллав. Энэ ажлын хүрээнд Боловсролын яамтай хамтран Тогтвортой хөгжлийн боловсролын үндэсний сургагч багш нарын сүлжээг байгуулж, 29 төрлийн сургалтын хөтөлбөрийг загвар байдлаар боловсруулан сургалтын системд нэвтрүүлжээ.

Нутгийн баруун хэсэгт ойн нөхөрлөлүүдийг анхлан байгуулж, нутгийн иргэдэд түшиглэсэн байгаль хамгааллын ажилд татан оролцуулж эхэллээ. Улмаар байгаль хамгаалах арга ухаантай хослуулан нутгийн иргэдэд түшиглэсэн байгаль хамгааллын үзэл санааг Байгаль хамгаалах хуульд оруулахад Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар ихээхэн хувь нэмэр оруулав.
2006 он
Ерөнхий боловсролын сургуульд эко клубуудыг байгуулснаар хүүхдүүд байгаль хамгаалах ажилд идэвхтэй оролцдог болов. Одоогоор Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын үйл ажиллагаа явуулдаг  хоёр бүс нутагт (Алтай Соён, Амар Хейлон) 24 экоклуб идэвхтэй ажиллаж, байгаль хамгааллын ач холбогдлыг олон нийтэд сурталчилж байна.
2007 он
Увс аймгийн Бөхмөрөн, Сагил сумын нутаг дахь “Гулзат” орон нутгийн хамгаалалттай газарт нутгийн иргэдэд түшиглэсэн  агнуурын менежментийг нэвтрүүлэх ажлыг эхлүүлж үр дүнд хүрэв. Энд амжилттай хэрэгжсэн туршлагад үндэслэн нутгийн иргэдэд түшиглэсэн агнуурын менежментийн үзэл санааг 2012 онд батлагдсан Амьтны тухай хуульд оруулсан юм. Өнөөдөр Гулзат орон нутгийн хамгаалалттай газар нь зэрлэг амьтны агнуурын менежментийг нутгийн иргэд хариуцан ажиллах боломжийг харуулсан шилдэг туршлага болоод байна.
2008 он
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар Хэнтий аймгийн Дадал суманд салбараа нээж цагаан зээр, тул загас, ой, Амар мөрний эх болсон Онон голыг хамгаалах ажил эхэлсэн юм.
2009 он
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газраас зэрлэг амьтан, ургамлын мониторинг хийх, мэдээллийн сан бүрдүүлэх зорилго бүхий “БиоСан” программыг боловсруулж туршсан нь Монгол улсын Байгаль орчны яамаар сайшаагдан үндэсний хэмжээнд нэвтрүүлэх ажлын эхлэл болсон.
2010 он
Анхны усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөг Хар нуур-Ховд голын сав газарт боловсруулж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар батлууллаа.
2011 он
Хил дамнасан тусгай хамгаалалттай газар нутгийг байгуулах олон талт хэлэлцээрийг орон нутгийн, үндэсний, улс хоорондын хэмжээнд зохион байгуулсны үр дүнд Орос, Монголын засгийн газар анхны хил дамнасан тусгай хамгаалалттай газар болох “Увс нуурын сав газар”-ыг байгуулав.
2012 он
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар нутгийн иргэдтэй хамтарч Гулзат орон нутгийн хамгаалалттай газарт идэвхтэй, тасралтгүй ажилласны үр дүнд 2003 оны байдлаар 200 хүрэхгүй байсан аргалийн тоо толгой 2000 гаруй болж өсөв.
2013 он
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар цоохор ирвэс барьж сансрын дохиолол бүхий хүзүүвч зүүх ажлыг эхлүүлж анхны цоохор ирвэсийг зайнаас тандан судалж эхлэв. Ингэснээр цоохор ирвэсийн шилжилт хөдөлгөөн, амьдрах орчныг тодорхойлох боломж гарч байгаа бөгөөд хамгааллын оновчтой менежментийг авч хэрэгжүүлэхэд судалгааны үр дүн үнэ цэнэтэй.
2014 он
Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар монгол  бөхөн хамгаалах цогц ажлыг орон нутгийн удирдлага, нутгийн иргэдтэй хамтран тасралтгүй авч хэрэгжүүлсэний үр дүнд Монгол бөхөнгийн тоо толгой өсч 14600 болов. 2002 оны өвөл тохиосон зуднаас болж монгол бөхөн 750 болтлоо цөөрч байсан билээ.
2015 он
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар талуудтай хамтарч хоёр жилийн турш хичээж ажилласны үр дүнд Говь, тал хээрийн туруутны нүүдлийн замд саад учруулахгүй байх зорилготой авто зам, төмөр замын гарц байгуулах стандартыг Үндэсний стандарт хэмжилзүйн зөвлөлөөр батлуулав.

2015-2025 онд хэрэгжих Биологийн олон янз байдлын үндэсний хөтөлбөрийг Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар боловсруулж, Монгол Улсын Засгийн газар батлав.

Бидний оролцоотойгоор бүтээсэн цоохор ирвэс хүн хоёрын зөрчил, түүнээс сэргийлэх уламжлалт арга ухааныг хойч үед өгүүлэх “Уулын эзэн” богино хэмжээний уран сайхны кино Монголын кино Академийн дээд шагналыг хүртэв.

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар Ховд аймгийн Манхан сумын байгаль хамгаалах “Бөхөн”, “Гүем” экоклубын сурагчдын санаачлагыг дэмжин   “Хавх булаагүй ууланд хамаг амьтан жаргалтай” аяныг зохион байгууллаа. Аяны хүрээнд экоклубын хүүхдүүд малчдаас 234 хавхыг хэрэгцээт ахуйн бараагаар солилцон авч олон мянган амьтныг хавханд орох эрсдэлээс сэргийлсэн юм. Энэ аяныг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд дэмжиж улс орны хэмжээний аян болгосон юм. Түүнчлэн Ховд аймаг хавхгүй аймаг болох зорилго тавьснаа албан ёсоор зарласан билээ.
2016 он
Монгол Улсын хэмжээнд голын урсац бүрэлдэх эх, татам, татмын ойн зураглалыг Монгол орны хэмжээнд гаргаж, уул уурхайгаас ангид байлгах ёстой усны эх, усан сан бүхий газрыг тодорхойлох ажлыг шинжлэх ухааны үндэстэй хийж чадлаа. Үүний үр дүнд баруун болон зүүн Монголын хэмжээнд 4,5 сая га газар нутгийг тодорхойлсоноос Хэнтий аймаг 758,342 га газар нутгийг усны эх бүрэлдэх газар хэмээн тодорхойлж холбогдох хуулийн дагуу хамгаалалтад авах шийдвэр гаргажээ.

Нутгийн иргэдийг ирвэс хамгааллын ажилд татан оролцуулснаар Алтай-Соёны экобүс нутаг дахь цоохор ирвэс хамгааллын гол чухал цэгүүдэд хоёр дахь жилдээ хууль бус агнуур гараагүй жил болов.
2017 он
Мод тарих, ургуулах санаачилгыг манлайлах зорилгоор 1 га талбайд Дэлхийн байгаль хамгаалах сангийн Панда логоны хэлбэрээр 1200 ширхэг нарс тарьснаар нэрэмжит ойн төгөлтэй болох хүсэл, эрмэлзлийг төрүүлсэн сурталчилгааны бодит арга хэмжээ болов.
2018 он
Гол, усыг  хуванцар хог хаягдлаас ангижруулах “Хуванцраас ангид гол мөрөн” санаачилгыг эхлүүлсэн.

Монгол орны төдийгүй дэлхийн цоохор ирвэсийн чухал голомт нутгийн нэг болсон Алтай Соёны бүс нутгийн зорилтот нутгуудад  “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл хэрэгжиж эхлэв.
2019 он
Цоохор ирвэсийг өширхөх үүднээс хороох үйлдлийг бууруулах зорилгоор “Хамгаалалтын хашаа” туршилтын төслийг Баатар Хайрхан, Бумбат Хайрхан, Дарвийн нурууны 37 малчин өрхөд, “Монгол банхар” туршилтын төслийг Говь-Алтай аймгийн Дарвийн нурууны 12 малчин өрхийг хамруулан хэрэгжүүлэв. Тус санаачилгад хамрагдсан өрхийн хэмжээнд жилд дунджаар 400-500 орчим малыг ирвэст бариулахаас сэргийлж, төдий хэмжээгээр ирвэст өширхөх бодлыг сааруулж, эерэг хандлагыг бий болгож байна.

БИД ХАМТДАА БОЛОМЖТОЙ!

© WWF Mongolia