What would you like to search for?

Our News

Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээг үргэлжлүүлэх шаардлагатай байна

ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн Цөлжилтийн судалгааны салбарын эрдэмтэн судлаачид Хөхморьт сумын ЗДТГ, Монгол элсний Улсын тусгай хамгаалалттай газр нутгийн хамгаалалтын захиргаатай хамтран тус сумын цөлжилтийн өнөөгийн байдал, сөрөг нөлөөг бууруулах арга замыг тодорхойлох суурь судалгааг 2022 онд хийсэн юм. Уг судалгааны дүнг судлаачид танилцууллаа.

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар нутгийн иргэдийг уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, амьдралын хэв маягаа өөрчилж байгальдаа ээлтэй байдлаар амьдрахын ач холбогдлыг сурталчилж, энэ чиглэлээр олон ажил санаачилан хийж байгаа билээ. Үүний нэг нь, нутгийн иргэд болон талуудтай хамтран Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын тодорхой талбайг хашиж элсний нүүдлээс хамгаалсан ажил байлаа. Тодруулбал, 24.7 га талбайг 2018 онд, 36 га талбайг 2020 онд  хашиж элсний нүүдлээс хамгаалсан юм.
Үүнтэй холбоотойгоор ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн Цөлжилтийн судалгааны салбарын эрдэмтэн судлаачид  Хөхморьт сумын ЗДТГ, Монгол элсний Улсын тусгай хамгаалалттай газр нутгийн хамгаалалтын  захиргаатай хамтран тус сумын цөлжилтийн өнөөгийн байдал, сөрөг нөлөөг бууруулах арга замыг тодорхойлох суурь судалгааг 2022 онд хийсэн юм. Уг судалгааны дүнг судлаачид  танилцууллаа.  
" Судалгааны дүнгээс харахад хөрсний ихэнх хувь нь шим тэжээлгүй байсан бөгөөд, бордоог зохих хэмжээгээр ашиглан хөрсний шим тэжээлийг нэмэгдүүлэх, зарим газруудыг хашаалж нөхөн сэргээх, элсний механик хамгаалалт хийж агро ойн зурвас байгуулж элсний нүүдлийг сааруулах нь зүйтэй" гэсэн дүгнэлт гарсан байна. Энэ нь  Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын талуудтай хамтран тодорхой талбайг хашиж элсний нүүдлээс хамгаалсан ажил маш чухал ач холбогдолтой гэдгийг шинжлэх ухааны үндэслэл нотолсон дүгнэлт боллоо. Тиймээс цаашид ийм төрлийн ажлыг үргэлжлүүлэх нь чухал болоод байна.   
Сонирхуулахад, Хөхморьт сумыг өмнө нь элсэндээ дарагдсан сум хэмээн ярьдаг байсан бол эдүгээ байдал  өөр болжээ. Сумын төвд автомашин элсэнд суудаг байсан цаг түүх болж, иргэд сумын төвөөрөө чөлөөтэй алхдаг болжээ. 24.7 га газрын хажууд худаг засварлаж, тог татаж байнгын ажиллагаатай болгож өгсөн нь ажилд их нэмэр боллоо хэмээн мэргэжилтнүүд ярьж байв. Талбайг хашаалсаны үр дүнд олон төрөл зүйлийн ургамал ургаж, тэр хэрээр элсний нүүдлийг сааруулж чадсан байна. Хашиж хамгаалсан талбайн байгалийн нөхөн сэргэлт 80-90 хувьд хүрсэн бөгөөд байгалийн хадлан бэлтгэх, биотехникийн арга хэмжээ хэрэгжүүлэх боломжтой болжээ. “Манай сумын малчид 2022 онд хашаалсан талбайгаас 17 тонн хадлан хураан авсан. Мөн өвлийн цагт биотехникийн арга хэмжээ зохион байгуулж монгол бөхөнг хамгаалдаг учир үүнд зориулж хамгаалалтын зурвасын 10 га талбайг гаргаж өгч байгаа” гэж Монгол Элсний УТХГН-ийн хамгаалалтын захиргааны дарга Н.Үйтүмэн ярилаа.
Цаашид нутгийн иргэд байгаль хамгаалах бүлэг, нөхөрлөл байгуулан өөрсдөө шинээр талбай хашиж хамгаалан байгалийн нөхөн сэргэлтийг бий болгох нь чухал байгаа юм.
 
© ДБХС
24.7 га талбайг 2018 онд, 36 га талбайг 2020 онд хашиж элсний нүүдлээс хамгаалсан юм.

SHARE!

Бусдад түгээхэд бидэнд тусална уу