What would you like to search for?

Our News

“Зэрлэг амьтан аврах, асран хамгаалах анхан шатны мэдлэг, ур чадвар олгох” сургалт зохион байгууллаа

Тус сургалтаар зэрлэг амьтан аврах, асран хамгаалах үйл ажиллагаатай холбоотой хууль, эрх зүйн орчин, оролцогч талуудын эрх үүрэг, энэ хүрээнд хамтран ажиллах боломж, бүтэц зохион байгуулалтын хэлбэр, санхүүжилтийн эх үүсвэр, хамтран ажиллах нийтлэг журам, тус үйл ажиллагаатай холбоотой багц стандартуудыг танилцуулав.

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар нь МУИС, ХААИС-ийн профессор, багш нар болон Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс аймгуудын Байгаль орчин, аялал жуулчлалын газруудтай хамтран тухайн аймгуудын Мал эмнэлгийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаануудын мэргэжилтэн, улсын байцаагч, байгаль хамгаалагч, малын эмч, зооноз халдварт өвчин судлаач, эмч мэргэжилтэн, цагдаа, онцгой байдлын албан хаагчид зэрэг нийт 80 гаруй мэргэжилтнүүдийг оролцуулан “Зэрлэг амьтан аврах, асран хамгаалах анхан шатны мэдлэг, ур чадвар олгох сургалт”-ыг 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрөөс 4 дүгээр сарын 4-нд зохион байгууллаа.
Ер нь амьтан аврах, асран хамгаалах үйл ажиллагаа бол хүний зүгээс тухайн амьтанд үзүүлж буй олон төрлийн үйлчилгээний цогц нийлэмж юм. Хүний оролцоо, тусламж зайлшгүй шаардлагатай болсон зэрлэг амьтныг цаг алдалгүй олж осол аюулгүй барих, тээвэрлэхээс эхлээд үзлэг, оношилгоо хийх, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, эмчлэх, асран сувилж тордох, адуулан маллаж тэжээх, зохиомол амьдрах орчныг бүрдүүлэн хяналт тавих, сайжруулах, ариун цэвэр, халдваргүйжүүлэлтийн дэглэм сахих, эдгэрч, тэнхэрсний дараа байгальд буцаан тавьж нутагшуулах зэрэг олон төрлийн цогц ажил, үйлчилгээг хэрхэн гүйцэтгэхтэй холбогдсон анхан шатны мэдлэг, чадварыг олгоход энэхүү богино хугацааны мэргэжил дээшлүүлэх сургалт чиглэв.
Тус сургалтаар зэрлэг амьтан аврах, асран хамгаалах үйл ажиллагаатай холбоотой хууль, эрх зүйн орчин, оролцогч талуудын эрх үүрэг, энэ хүрээнд хамтран ажиллах боломж, бүтэц зохион байгуулалтын хэлбэр, санхүүжилтийн эх үүсвэр, хамтран ажиллах нийтлэг журам, тус үйл ажиллагаатай холбоотой багц стандартуудыг танилцуулав. Зэрлэг амьтан авран хамгаалах тухай үндсэн ойлголт, дэлхийн улс орнуудад зэрлэг амьтан аврах, асран хамгаалах үйл ажиллагааг зохион байгуулж буй арга, туршлага, ёс суртахуун, тодорхой бүлгийн хөхтөн амьтдыг аврах, асран хамгаалах ажлын онцлог, хөхтөн амьтныг барих, зөөвөрлөх, тэжээх, услах, арчлах аргачлал, байр оромжийн хийц, бүтэц, тоноглол, тусламж шаардлагатай болсон бие гүйцсэн болон өсвөр, залуу шувуудад үзүүлэх анхны тусламж, барих, зөөвөрлөх, тэжээх, арчлах аргачлал, шувуу асрах байрны онцлог, шаардлага, хоёр нутагтан, мөлхөгч амьтдыг барих, зөөвөрлөх, тэжээх, арчлах аргачлал, байр оромжийн онцлог, шаардлага, зэрлэг амьтдад анхан шатны эмнэл зүйн ерөнхий үзлэг хийх, урьдчилсан онош тавих, эмчилгээний төлөвлөгөө боловсруулах, арчилгаа маллагааны заавар зөвлөмж өгөх, яаралттай түргэн тусламж үзүүлэх, энэрэнгүй аргаар унтуулах, халдварт өвчний үед авах арга хэмжээ зэргийн талаар тодорхой мэдлэг, чадвар олгосон сургалт боллоо.
Энэхүү сургалтыг “Зэрлэг амьтан аврах, асран хамгаалах аргачлал” гарын авлага болон Монгол Улсад 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн “Зэрлэг амьтан аврах, асран хамгаалах үйл ажиллагаа. Ерөнхий шаардлага (MNS 6943:2021)”, “Зэрлэг амьтан аврах, асран хамгаалах үйл ажиллагаа. Хөхтөн амьтдад тавих тусгай шаардлага (MNS 6944:2021)”, “Шувууг асран хамгаалах тусгай шаардлага (MNS 6945:2021)”, “Зэрлэг амьтан аврах, асран хамгаалах үйл ажиллагаа. Хоёр нутагтан, мөлхөгчдөд тавих тусгай шаардлага (MNS 6946:2021)” зэрэг багц стандартуудын хүрээнд зохион байгуулсан юм.
Сургалтад оролцогчид манай аймгийг зорин ирж, тун чухал, шинэлэг сэдвээр маш сонирхолтой сургалт зохион байгуулсан байгууллагууд болон сургагч багш нарт талархаж буйгаа илэрхийлж, цаашид зэрлэг амьтны чиглэлээр тууштай ажиллах малын эмч нарыг мэргэшүүлж бэлтгэх, анхан шатны яаралттай түргэн тусламж үзүүлэх (эм тариа, гарын дор хэрэглэх багаж тоног төхөөрөмж, ариутгалын бодис, бусад хэрэглэгдэхүүн) хайрцаг цүнхтэй болгох, зэрлэг амьтдад наркозын эм бэлдмэлийг зөв зохистой хуулийн хүрээнд хэрэглэх нэмэлт сургалт зохион байгуулах, дараагийн ахисан шатны сургалтыг үргэлжлүүлэн хийвэл илүү үр дүнтэй болох талаар саналаа илэрхийлж байлаа.
Тус сургалтаар зэрлэг амьтан аврах, асран хамгаалах үйл ажиллагаатай холбоотой хууль, эрх зүйн орчин, оролцогч талуудын эрх үүрэг, энэ хүрээнд хамтран ажиллах боломж, бүтэц зохион байгуулалтын хэлбэр, санхүүжилтийн эх үүсвэр, хамтран ажиллах нийтлэг журам, тус үйл ажиллагаатай холбоотой багц стандартуудыг танилцуулав.

SHARE!

Бусдад түгээхэд бидэнд тусална уу