What would you like to search for?

Our News

Монгол бөхөнгийн өдрийг тэмдэглэлээ

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар дэлхийд нэн ховор монгол бөхөнгийн үнэ цэнийг сурталчлах, хамгаалах ажилд талуудыг татан оролцуулах зорилгоор экоклубын сурагчидтай хамтран жил бүр Монгол бөхөнгийн өдрийг тэмдэглэдэг билээ. Энэ жилийн хувьд онцлогтой байлаа. Учир нь, 1950 оноос хойш үзэгдэхээ болиод байсан нэн ховор монгол бөхөн 2009 оноос хуучин тархац нутагтаа цөөн тоотойгоор харагдаж, 2023 оны тооллогоор Увс аймгийн Наранбулаг, Өлгий, Завхан сумын нутагт тоо толгой нь нийтдээ 464 болж өсөөд байна.

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар дэлхийд нэн ховор монгол бөхөнгийн үнэ цэнийг сурталчлах, хамгаалах ажилд талуудыг татан оролцуулах зорилгоор экоклубын сурагчидтай хамтран жил бүр Монгол бөхөнгийн өдрийг тэмдэглэдэг билээ. Энэ жилийн хувьд онцлогтой байлаа. Учир нь, 1950 оноос хойш үзэгдэхээ болиод байсан нэн ховор монгол бөхөн 2009 оноос хуучин тархац нутагтаа цөөн тоотойгоор харагдаж, 2023 оны тооллогоор Увс аймгийн Наранбулаг, Өлгий, Завхан сумын нутагт тоо толгой нь нийтдээ 464 болж өсөөд байна. Өөрөөр хэлбэл, монгол бөхөн уугуул нутагтаа эргэн ирж, тоо толгой нь нэмэгдсэн юм. Тиймээс энэ удаагийн арга хэмжээг энэ бүс рүү голлон чиглүүллээ. Өмнө нь, Монгол бөхөнгийн өдрийг энэ аймагт тэмдэглэдэггүй байв.
Энэ удаа  экоклубын сурагчид нутагтаа бөхөн ажиглах, булаг шандны эхийг хашиж хамгаалсан байдалтай танилцах, бөхөнгийн байгаль хамгаалагчдын хийж байгаа бөхөнгийн мониторинг судалгаатай танилцах зэрэг олон үйл ажиллагаанд оролцлоо. Хээрийн аялалд экоклубын 60 гаруй сурагч, багш нарын хамт оролцсон бөгөөд тэдний олонхи нь монгол бөхөнг огт харж байгаагүй байв. Тэд хээрийн аяллын явцад монгол бөхөнгийн амьдрах орчинтой танилцсан төдийгүй энэхүү нэн ховор амьтныг харсандаа сэтгэл хангалуун байлаа.
Экоклубын сурагчдын ярьснаар бөхөнгийн байгаль хамгаалагчидтай хийсэн уулзалт тэдний сонирхлыг их татсан ажээ. Тэд монгол бөхөнгийн нас, хэдэн янзага төрүүлдэг, ямар ургамал иддэг зэрэг танин мэдэхүйн асуултыг голчлон асууж байсан бөгөөд байгаль хамгаалагчдын дэлгэрэнгүй тайлбарын ачаар мэдлэгээ дээшлүүлж чадлаа. Мөн экоклубын сурагчдад бөхөн хамгаалагчид  ажлаа танилцуулсан юм. Ингэснээр монгол  бөхөнгийн амьдрах орчинг сайжруулахаар хийж буй хамгааллын болон хяналт шалгалт, тооллого судалгааны чиглэлээр хийж буй ажилтай дэлгэрэнгүй танилцах боломж гарлаа.
Өнгөрсөн жилийн Монгол бөхөнгийн өдрийн үеэр экоклубын сурагчид сурталчилгааны ажилд анхаарлаа хандуулахаар санал нэгдсэн билээ. Ялангуяа малчдад чиглэсэн, сурталчилгааны ажил хийхээр шийдсэн юм. Үүний хүрээнд Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын бүтээсэн “Монгол бөхөн” баримтат киног олон нийтэд үзүүлэхэд анхаарч ажиллажээ. 12 сумын хэмжээнд 4643 иргэнд, дунд сургуулийн 3140 сурагчдад уг киног үзүүлж Монгол бөхөнгийн байгаль экологид гүйцэтгэх үүрэг, амьдрах орчин, онцлог, хамгаалах шаардлагыг сурталчилсан байна.
Мөн 1345 сурагч өөрсдийн фэйсбүүк дээр уг контентыг шэйр хийж найзууд болон дагагчиддаа хүргэжээ. Монгол бөхөнгийн янзаганы тухай дууг 12 сумын 2604 хүүхэд сурсан бол 1717 хүүхэд байгууллагын Youtube хуудаснаас утсан дээрээ татаж авсан байна. Зохион байгуулагчдын ярьснаар экоклубын сурагчдын дэмжлэгтэйгээр хийсэн олон төрлийн сурталчилгааны ажил  нийтдээ 17 мянга гаруй хүнд хүрчээ.
© ДБХС
Энэ удаа экоклубын сурагчид нутагтаа бөхөн ажиглах, булаг шандны эхийг хашиж хамгаалсан байдалтай танилцах, бөхөнгийн байгаль хамгаалагчдын хийж байгаа бөхөнгийн мониторинг судалгаатай танилцах зэрэг олон үйл ажиллагаанд оролцлоо.

SHARE!

Бусдад түгээхэд бидэнд тусална уу