What would you like to search for?

Our News

ОЙН МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХ, АРГАЧЛАЛ САЙЖРУУЛАХАД ЗӨВЛӨХ БАГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

Дээрх хэрэгцээ, шаардлагын хүрээнд ойн менежментийн төлөвлөгөө боловсруулах шинэлэг арга аргачлалыг боловсруулан сум, нэр бүхий тусгай хамгаалалттай газар нутгийн ойн менежментийн төлөвлөгөөг талуудын оролцоотойгоор жишиг байдлаар боловсруулан шинэлэг туршлага нэвтрүүлэх боломжийг бүрдүүлэх шаардлагатай байна.

ҮНДЭСЛЭЛ: Монгол улсад ойг хамгаалах, нөхөн сэргээх, ойн нөөцийг зохистой ашиглах арга хэмжээг Ойн тухай хууль, ойн менежментийн төлөвлөгөөний үлгэрчилсэн загварын дагуу улс, аймаг, сум болон ойн санг гэрээгээр эзэмшиж буй нөхөрлөл, аж ахуйн нэгжийн түвшинд боловсруулан хэрэгжүүлж ирсэн. 2022 оны 6-р сард Ойн тухай хуулинд нэмэлт өөрчлөлт орсоноор ойн аж ахуйн арга хэмжээний заавар, аргачлалыг батлах, холбогдох стандарт, журмыг боловсруулж эрх бүхий байгууллагаар батлуулж, хэрэгжүүлэх үүргийг Ойн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын бүрэн эрхэд шилжүүлсэн билээ.
Хэнтий аймагт ой зохион байгуулалтын ажлыг өмнөх үлгэрчилсэн зааврын дагуу 2023-2024 онд хийж байгаа бөгөөд түүнд үндэслэн түвшин бүрт хамаарах ойн менежментийн төлөвлөгөөг шинэчлэн, түүнчлэн ойн экосистемд нэн тэргүүнд тулгамдаж буй асуудал болох уур амьсгалын өөрчлөлтийг харгалзан шинэлэг арга барилаар боловсруулж хэрэгжүүлэх шаардлага үүсэж байна.
Ойн тухай хуулиар тусгай хамгаалалттай газар нутаг (ТХГН) дахь ойн хамгаалалтын дэглэмийг ТХГН-ийн тухай хуулиар зохицуулахаар заасан ба Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрхийн хүрээнд ойг арчлах, ойжуулах, хөрс, ургамлыг нөхөн сэргээх журам, үйл ажиллагааны төлөвлөгөөг баталж, нөхөн сэргээх газрын хэмжээ, уг ажлыг гүйцэтгэх арга, технологийг тогтоох үүрэг хамаардаг. Ой бүхий ТХГН-ийн хувьд менежментийн төлөвлөгөөнд ой хамгааллын ажлууд тусч хэрэгжүүлж байгаа ч ойн зохистой менежментийг хэрэгжүүлэх, орчны бүсийн ойн менежментийн төлөвлөгөөтэй уялдуулах шаардлагын хүрээнд ойн аж ахуйн арга хэмжээг нарийвчлан төлөвлөх хэрэгцээ үүсдэг.
Хар ямаатын байгалийн нөөц газар (БНГ)-т татмын ой, улиангарын төгөл, үрэл, мойл, нохойн хошуу, гүйлс зэрэг сөөг, сөөгөнцөр ургадаг. Энэхүү өвөрмөц, бичил уур амьсгалыг үүсгэж буй улиангарын төгөл, сөөглөг ургамлыг менежментийн төлөвлөгөөнд төлөөлөл болгон хамгаалахаар сонгосон. Улз голын эх БНГ-ын хувьд тасархайтсан төгөл ойг хамгаалах, нөхөн сэргээх замаар цэвдгийн хайлалтаас хамгаалах нь нэн тэргүүний арга хэмжээ болж байна. Эдгээр арга хэмжээг хэрэгжүүлэхэд хуулийн хэрэгжилтийг хангах, уур амьсгалын өөрчлөлтийг тооцсон болон БНГ-уудын байгуулагдсан зорилгыг хэрэгжүүлэхэд чиглэсэн, уялдсан ойн аж ахуйн арга хэмжээг нарийвчлан төлөвлөх шаардлагатай болсон. Гэвч ТХГН-т энэхүү шаардлагын хүрээнд ашиглах нарийвчилсан аргачлал хараахан боловсруулаагүй байна.
Иймд дээрх хэрэгцээ, шаардлагын хүрээнд ойн менежментийн төлөвлөгөө боловсруулах шинэлэг арга аргачлалыг боловсруулан сум, нэр бүхий тусгай хамгаалалттай газар нутгийн ойн менежментийн төлөвлөгөөг талуудын оролцоотойгоор жишиг байдлаар боловсруулан шинэлэг туршлага нэвтрүүлэх боломжийг бүрдүүлэх шаардлагатай байна.
АЖЛЫН ЗОРИЛГО: Ойн менежментийн төлөвлөгөө боловсруулах аргачлалыг сайжруулан Хэнтий аймгийн Норовлин сум, Хар ямаат, Улз голын эх БНГ-ын ойн менежментийн жишиг төлөвлөгөөг талуудын оролцоотойгоор боловсруулахад хамтран ажиллах, зөвлөхөд энэхүү ажлын зорилго оршино.
ГҮЙЦЭТГЭХ АЖИЛ:
Ойн менежментийн төлөвлөгөө боловсруулах аргачлал сайжруулах, сонгосон газруудад ойн менежментийн жишиг төлөвлөгөө боловсруулах техникийн ажлын багтай хамтран ажиллах, зөвлөх. Энэхүү ажлыг хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөө боловсруулан тохирох.
Олон улс болон Монгол улсад ойн менежментийн төлөвлөгөө боловсруулах, ойн зохистой менежментийг хэрэгжүүлэхэд ашиглаж байгаа арга аргачлалыг харьцуулан дүн шинжилгээ хийж давуу болон сул талыг тодорхойлох. Ойн менежментийн төлөвлөгөө боловсруулах үлгэрчилсэн загварыг сайжруулах боломж, чиглэлийг тодорхойлон зөвлөмж гаргах, хэлэлцүүлэх;
Улс, аймаг, сум, нөхөрлөл, ААН байгууллага зэрэг түвшин бүрд ойн менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд гарсан амжилт, сургамжийг тодорхойлох, хэлэлцүүлэх;
Тусгай хамгаалалттай газар нутагт ойн менежментийн төлөвлөгөөг боловсруулахад харгалзах шалгуур үзүүлэлтийг тодорхойлох (ТХГН-ийн менежментийн төлөвлөлтийн арга зүйг харгалзах), хэлэлцүүлэх;
Дээрх нөхцөл, дүн шинжилгээ (2-4 дэх даалгавар)-ний үр дүн, хэрэгцээнд тулгуурлан уур амьсгалын өөрчлөлтийг харгалзсан ойн менежментийн төлөвлөгөө боловсруулах шинэлэг, цогц арга зүйн төсөл санал болгох, хэлэлцэн тохирох;
Техникийн ажлын хэсгийн гишүүдтэй хамтран Хэнтий аймгийн ойн тооллого, ой зохион байгуулалт болон судалгаа шинжилгээний материал, тайланг үндэслэн Хэнтий аймгийн Норовлин сум, Хар ямаат, Улз голын эх БНГ-ын ойн менежментийн жишиг төлөвлөгөө боловсруулах нарийвчилсан ажлын төлөвлөгөө гаргах;
Санал болгосон шинэлэг арга зүйн дагуу Хэнтий аймгийн Норовлин сум, Хар ямаат, Улз голын эх БНГ-ын ойн менежментийн жишиг төлөвлөгөөг талуудын оролцоотойгоор боловсруулахад зөвлөх, чиглүүлж хамтран ажиллах;
Эдгээр жишиг төлөвлөгөөний амжилт, сургамжид тулгуурлан ойн менежментийн төлөвлөгөө боловсруулах цогц арга зүйн төслийг сайжруулан талуудаар хэлэлцүүлэн эцсийн хувилбарыг хүлээлгэн өгөх. Түвшин бүр (улс, аймаг, сум, нөхөрлөл, ААН байгууллага, ТХГН гэх мэт)-т хамаарах зөвлөмж гаргах. 
ЗОРИЛТ, ХҮЛЭЭЛГЭН ӨГӨХ ҮР ДҮН:  
Уур амьсгалын өөрчлөлт, тусгай хамгаалалттай газар нутгийн менежмент, орчны бүсийн ойн нөөцийн зохистой ашиглалтын болон бусад нэмэлт шаардлагыг харгалзсан, талуудын оролцоог хангасан ойн менежментийн төлөвлөгөө боловсруулах цогц арга зүй /аргачилсан заавар, эсвэл журмын төсөл хэлбэрээр байж болох ба хэлбэрийг ажлын явцад хамтран тодорхойлно/ боловсруулж, шинэлэг арга зүйн төсөл, зөвлөмж гаргасан байна.
Шинэлэг арга зүйн дагуу Хэнтий аймгийн Норовлин сумын ойн менежментийн жишиг төлөвлөгөө боловсруулж, эцсийн хувилбараар өгсөн байна.
Шинэлэг арга зүйн дагуу Хар ямаат, Улз голын эх БНГ тус бүрд менежментийн төлөвлөгөөтэй нь уялдсан ойн менежментийн жишиг төлөвлөгөөг боловсруулж, эцсийн хувилбараар өгсөн байна.
Орон нутагт ажилласан (сургалт, уулзалт) тайланг өгсөн загварын дагуу 3 хоногийн дотор төслийн нэгжид ирүүлнэ.
Дээрх гүйцэтгэх ажлын 2-4 дэх даалгаврын үр дүнг нэгтгэсэн дүн шинжилгээ, дүгнэлт, зөвлөмж бүхий цогц тайлангийн товч хувилбарыг англи хэлээр гаргасан байна. 
ХАМРАХ ХҮРЭЭ:
Хэнтий аймгийн Норовлин сум
Хар ямаатын БНГ (Хэнтий аймгийн Баян-Овоо, Сүхбаатар сумын Түмэнцогт сум)
Улз голын эх БНГ (Хэнтий аймгийн Баян-Адрага, Норовлин, Батноров сум) 
ГҮЙЦЭТГЭХ ХУГАЦАА: Гэрээ батлагдсанаас хойш 6 сарын хугацаанд
АРГАЗҮЙ: Ойн менежментийн төлөвлөгөө боловсруулах үлгэрчилсэн загвар, олон талт сайн туршлагад тулгуурласан шинэлэг арга зүйг санал болгон ашиглах. Бусад шаардлагатай судалгаа, дүн шинжилгээ хийхэд зохих аргачлалыг санал болгон урьдчилан тохирч ашиглах.
ЗӨВЛӨХӨД ТАВИХ ЕРӨНХИЙ ШААРДЛАГА:
Зөвлөх баг нь 2 гишүүнтэй байна.
Багийн гишүүд нь ойн мэргэжилтэй, уур амьсгалын өөрчлөлт, нөлөөлөл, эрсдэлийг бууруулах судалгаа хийж байсан туршлагатай байх; тус бүр мэргэжлээрээ 10-аас дээш жил ажилласан туршлагатай байх;
Түвшин бүрд ойн менежментийн төлөвлөгөө эсвэл аргачлал, арга зүй боловсруулахад оролцож байсан туршлагатай байх;
Ой, ялангуяа төгөл болон татмын ойн чиглэлээр судалгаа хийж, хамгаалах, нөхөн сэргээх, зохистой ашиглахад чиглэсэн менежментийг хэрэгжүүлж байсан туршлагатай бол давуу тал болно;
Англи хэлний мэдлэгтэй бол давуу тал болно;
Сонгосон газар нутгуудад очиж сургалт, уулзалт зохион байгуулахад хамтран ажиллах боломжтой байх. 
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ИРҮҮЛЭХ МАТЕРИАЛ
Сонгон шалгаруулалтад материал ирүүлж буй зөвлөх баг нь уг ажил, үйлчилгээг гүйцэтгэх чадвартайгаа нотлох дараах мэдээллийг info@wwf.mn хаягаар 2024 оны 5-р сарын 21-ны өдрийн 17:00 цагаас өмнө ирүүлнэ. Материалыг зөвхөн Монгол хэл дээр, цахимаар ирүүлнэ. Гадаадын иргэн оролцох боломжгүй.
Багийн гишүүдийн товч намтар (CV), ажлын туршлага
Мэргэжлийн үнэмлэх, дипломын хуулбар
Практик туршлагыг нотлох баримт 
Үнийн санал /зардлын задаргаатай/
 
© ДБХС
лого

SHARE!

Бусдад түгээхэд бидэнд тусална уу