What would you like to search for?

Our News

Цагаан зээр хамгаалах Тунхаг бичиг гаргалаа

Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар цагаан зээр хамгаалахад чиглэсэн “Янзаган хүрээг хайрлаарай” чуулга уулзалтыг экоклубын сурагчидтай хамтран Сүхбаатар аймгийн төвд амжилттай зохион байгууллаа. Энэ жилийн чуулга уулзалтыг "Цагаан зээрийн бэлчээр нутгийг хамгаалцгаая" уриан дор зохион байгуулсан бөгөөд экоклубын сурагчид, эцэг эхчүүд, төрийн байгууллагуудын төлөөлөл зэрэг 400 гаруй хүн оролцсон юм. Нээлтийн үеэр хүүхдүүд “Цагаан зээрийн дууль” урлагийн тоглолт толилуулсан нь оролцогчдын сонирхлыг татлаа.

Мөн  хүрэлцэн ирсэн зочид, хүүхэд багачуудад зориулж, “Байгальд ээлтэй Монгол” гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэлээ. Монгол орны зүүн хэсэг, хялганат хээрт нутагладаг зэрлэг, ховордсон амьтад, тэдгээрт уур амьсгалын өөрчлөлт, хүний хүчин зүйл хэрхэн нөлөөлж байгааг харуулсан гэрэл зургуудаас гадна зэрлэг амьтдыг хамгаалах, тэдний амьдрах орчныг сайжруулахын тулд хийсэн ажлуудыг харуулсан гэрэл зургууд багтсан юм.    
“Ногоон-ирээдүй” экоклубын сурагч С.Нандинтод “Зэрлэг амьтдын амьдрах орчин болсон бэлчээрийг хүмүүс бид санаатай, санамсаргүй байдлаар ихээр сүйтгэж байгааг энэ үзэсгэлэнгээс олж үзлээ.  Хялганат хээрийн чимэг болсон цагаан зээрээ хайрлан хамгаалахыг уриалж байна” гэж сэтгэгдлээ хуваалцсан юм.     
Уулзалтын үеэр болсон хэлэлцүүлэгт экоклубын хүүхдүүд идэвхитэй оролцож, цагаан зээрийн хамгаалалд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх олон шинэ санаа дэвшүүлж байв. Тухайлбал, цагаан зээрийг “Улаан ном”-д оруулах, улсын сайн малчныг шалгаруулахдаа орон нутгийнхаа байгаль хамгааллын ажилд идэвхтэй оролцсон байдлыг харгалзах ёстой зэргийг онцолж байлаа.
Сүүлийн үед цагаан зээрийн тоо толгой цөөрч байгаа нь бүс нутгийн хэмжээнд тулгамдсан асуудлын нэг болж буй. Энэ нь хадлангийн бүс нутгийн зохисгүй хуваарилалт, тал хээрийн түймэр, хууль бус агнуур зэрэг олон зүйлтэй холбоотой. Тиймээс нэн түрүүнд талууд хамтарч урьдчилан сэргийлэх ажлыг бодлогын хүрээнд хийх хэрэгтэй гэдэгт санал нэгдэж байлаа.
Экоклубын сурагчдын экологийн мэдлэг, идэвхи санаачилга  улам сайжирч байгаа нь энэ удаагийн уулзалтаар харагдлаа. Тэд цагаан зээрт тулгараад байгаа олон асуудлыг орон нутгийн шийдвэр гаргагчдад танилцуулж, асуудлыг хамтран шийдвэрлэх боломжуудын талаар онцолсон юм. Уулзалтын төгсгөлд оролцогчид цагаан зээрийн бэлчээрийг хамгаалах Тунхаг бичиг гаргаж, хэрэгжилт, үр дүнг нь дараа жилийн чуулганаар хэлэлцэхээр санал нэгдлээ. Тунхаг бичигт цагаан зээрийг хамгаалах үндэсний өдөртэй болох, зүүн бүсийн экоклубын хүүхдүүдийн лобби бүлэг байгуулах, сум бүр бэлчээр хариуцлагажуулах журамтай болох зэрэг чухал олон асуудлыг хөндсөн юм.   
© ДБХС
Нээлтийн үеэр хүүхдүүд “Цагаан зээрийн дууль” урлагийн тоглолт толилуулсан нь оролцогчдын сонирхлыг татлаа.

SHARE!

Бусдад түгээхэд бидэнд тусална уу