Ачит нуур, түүний орчмын ус, намгархаг газар нь Монгол орны баруун хязгаар Увс, Баян-Өлгий аймгийн хилийн дунд байдаг. Улаанбаатар хотоос 1516км, Увс аймгийн Улаангом хотоос 110км зайд, Баян-Өлгий аймгийн Өлгий хотоос 60км зайтай оршдог. Мөн нуураас баруун хойд зүгт 20км зайтай Бөхмөрөн сум, Ногоон-нуур сумын төв, зүүн урд зүгт 25км зайтай Ховд сум тус тус байдаг.
Монгол улсын улаан ном, Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенц (CITES), Зэрлэг амьтдын нүүдлийн зүйлийг хамгаалах тухай конвенц (CMS) болон Дэлхийн байгаль хамгаалах холбооны (IUCN) Улаан дансны шалгуураар нэн ховор, ховорд тооцогдох олон зүйл шувуудын нүүдлийн үедээ бууж амрах болон үржлийн чухал газар болдог. Нүүдлийн шувуудаас популяцийн 1% давсан тоогоор Отгот шунгуур (Podiceps cristatus), Хар өрөвтас (Ciconia Nigra) болон Хондон ангир (Tadorna ferruginea) тэмдэглэгдэж байсан. Мөн Ачит нуур, түүний орчмын ус, намгархаг газарт хэд хэдэн зүйл эндемик загас бүртгэгдсэн бөгөөд эдгээр нь Рамсарын конвенцын нийт 9 шалгуураас I, II, III, VI, VII гэсэн таван шалгуурыг хангадаг. Иймээс Ачит нуур, түүний орчмын ус, намгархаг газрыг Рамсарын конвенцын хавсралт жагсаалтанд 2004 оны 3 дугаар сарын 22-нд албан ёсоор бүртгэсэн.
Дэлгэрэнгүй үзэх
АЧИТ НУУР
SHARE!
Бусдад түгээхэд бидэнд тусална уу