Байгаль хамгаалах уламжлалт мэдлэгийг сурталчиллаа | WWF

Байгаль хамгаалах уламжлалт мэдлэгийг сурталчиллаа



Posted on 23 September 2020
Сургалтын сэдвийг нутгийн аж төрөх ёсны онцлогт тулгуурлан бэлтгэжээ.
© ДБХС
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар Ховд аймгийн Дарви сумын Соёлын төвтэй хамтран  "Экологийн ёс зүй ба байгаль хамгаалах уламжлалт мэдлэг" сэдэвт нөлөөлөл, сурталчилгааны ажлыг 2020 оны есдүгээр сард зохион байгууллаа. Уг сурталчилгааны ажилд нутгийн иргэд идэвхтэй оролцож, байгаль хамгаалах уламжлалт мэдлэгээ хуваалцаж харилцан туршлага солилцов. Нүүдэлчдийн хувьд байгаль хамгаалах эртний уламжлалтай. Сүүлийн жилүүдэд энэ уламжлал алдагдсанаар байгальдаа зүй зохисгүй харьцаж, хор хохирол учруулах нь нэмэгдсэн юм. Тиймээс уламжлалт мэдлэгийг сэргээх, залуучуудад энэ талын ойлголт өгөх нь нөлөөлөл, сурталчилгааны ажлын зорилго байлаа. Сургалтын сэдвийг нутгийн аж төрөх ёсны онцлогт тулгуурлан бэлтгэжээ. Ялангуяа “Байгаль хамгаалах ёс, эртний сургаал номлол, цээрлэх ёсон”, “Тахилгат газар, хөшөө дурсгалыг хайрлах сэтгэлгээ, ухамсар, хүмүүжлийг хүүхэд залууст төлөвшүүлэхийн ач холбогдол” зэрэг сэдэв залуучуудын сонирхлыг их татаж, харилцан яриа өрнүүлсэн ач холбогдолтой сургалт болсон байна.
Байгаль хамгаалах уламжлалт мэдлэгийг сэргээх нь зүйтэй гэдэгт малчид санал нэгтэй байсан нь сурталчилгааны ажлын нэг ололт байв. Учир нь,  сүүлийн жилүүдэд малын тоо толгойн хэт өсөлтөөс шалтгаалж бэлчээрийн доройтол нэмэгдэж байгаа билээ. Хэрвээ бэлчээргүй болвол малаас гадна зэрлэг амьтад ч идэш тэжээлгүй болох аюултай юм.
Цаашид байгаль хамгаалах уламжлалт мэдлэгийн талаарх илүү өргөн хүрээг хамарсан мэдээлэл цуглуулж сурталчлах, энэ тухай урлагаар дамжуулан сэтгэхүйд нь суулгах, тодорхой үр дүнд хүрч болох ажлуудыг хамтдаа хийх шаардлага  байгааг нутгийн иргэд хэлж байлаа.  Түүнчлэн сурагчдын дунд Байгаль хамгаалах уламжлалт мэдлэгээр аян зохион байгуулснаар тэднийг байгаль хамгаалалд татан оролцуулах боломж байгааг ахмадууд онцолж байсан юм.   
Сургалтын сэдвийг нутгийн аж төрөх ёсны онцлогт тулгуурлан бэлтгэжээ.
© ДБХС Enlarge