Монгол бөхөн хамгаалагчдын цугларалт боллоо | WWF

Монгол бөхөн хамгаалагчдын цугларалт боллоо



Posted on 21 September 2020
Тэд энэ программыг ашиглаж эхлээд нэг жил болж байгаа юм.
© WWF Mongolia
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар монгол бөхөн хамгаалах сүлжээ  багийг дэмжин ажилладаг билээ. Бөхөнгийн тархац нутгийн хэмжээнд 10 бөхөн хамгаалагч ажилладаг бөгөөд сар бүр хариуцсан нутаг дэвсгэртээ хяналт шалгалт, мониторинг судалгаа болон нутгийн иргэдэд хандсан сургалт сурталчилгаа хийдэг. Тэд жил бүр цугларч хийсэн ажлаа дүгнэж, ирэх жил хийх ажлаа төлөвлөдөг юм. Энэ жилийн уулзалтыг 2020 оны 7 дугаар сард Хасагт хайрханы дархан цаазат  газарт  зохион байгуулав.
Уулзалтаар олон чухал асуудал ярилцсаны нэг нь бөхөнгийн байгаль хамгаалагчид мониторинг судалгаа хийхдээ “СМАРТ” программыг  хэрхэн ашиглаж байгаа талаар байв. Тэд энэ программыг ашиглаж эхлээд нэг жил болж байгаа юм. Бөхөн хамгаалагчдын ярьснаар бол цуглуулсан мониторинг мэдээнд дүн шинжилгээ хийхэд “СМАРТ” программ их дэм болж байгаа ажээ. Бөхөн хамгаалагчид өнгөрсөн нэг жилийн хугацаанд их ажил хийж амжуулжээ. Ялангуяа бөхөнгийн тархац нутгийн булаг шандын эхийг хашиж хамгаалах ажилд экоклубын сурагчид болон нутгийн иргэдтэй хамтран идэвхтэй оролцсон байна. Хашсан булгийн хажууд тавьсан автомат камерын бичлэгээс үзэхэд тэнд монгол бөхөн ирж ус ууж байгаа нь тодорхой болжээ.  
Хэдийгээр бөхөнгийн хууль бус агнуур буурч байгаа ч хууль хүчний байгууллагуудтай хамтарсан хяналт шалгалтыг тогтмол хийх шаардлагатай гэсэн саналыг бөхөн хамгаалагчид хэлж байлаа. Ингэснээр хууль бус агнуурын эсрэг ажил илүү үр дүнтэй болно гэж тэд найдаж байгаа юм.
Тэд энэ программыг ашиглаж эхлээд нэг жил болж байгаа юм.
© WWF Mongolia Enlarge