Монголд анх удаа булаг шандыг паспортжуулна | WWF

Монголд анх удаа булаг шандыг паспортжуулна



Posted on 08 June 2020
Паспортод булгийн байршил, урсац, усны температур, хүчиллэг чанар, булгийн ойролцоох ургамлын төрөл зүйл зэрэг бүх мэдээллийг багтаах юм.
© ДБХС
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар булаг шанд хамгаалах шинэ санаа олжээ. Тэд Хүйсийн говь, Цэцэг нуурын сав газрын захиргаа болон экоклубын сурагчидтай хамтран булаг шандыг паспортжуулах ажлыг эхлүүлсэн байна. Тухайн булгийн талаархи бүх мэдээллийг нэгтгэж паспорттой болгосноор хамгааллын ажилд дэвшил гарна гэж талууд найдаж байгаа ажээ. Паспортод булгийн байршил, урсац, усны температур, хүчиллэг чанар, булгийн ойролцоох ургамлын төрөл зүйл зэрэг бүх мэдээллийг багтаах юм. 
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар булаг шандыг паспортжуулах ажлаа сүүлийн хоёр жилд эхийг нь хашиж хамгаалсан Алтай Соёны бүс нутаг дахь говийн 9 булгаас эхлүүллээ. 2020 оны 5 сарын 8-11-нд явагдсан булгийн хэмжилт, шинжилгээний ажилд Хүйсийн говь, Цэцэг нуурын сав газрын усны мэргэжилтнүүд болон экоклубын сурагчдын төлөөлөл оролцов. Тэд  “Ковид-19” өвчлөлтэй холбоотой  гаргасан аймаг, орон нутгийн онцгой комиссын заавар, зөвлөмжийг баримталж цөөн хүний бүрэлдэхүүнтэй ажилласан байна. Cудалгааны үеэр усны мэргэжилтнүүд экоклубын багш, сурагчдад булгийн температур хэмжих аргыг зааж сургажээ. Ингэснээр цаашид экоклубын сурагчид өөрсдөө зарим төрлийн судалгаа, хэмжилт хийх боломжтой болж байгаа юм.     
Мэргэжилтнүүд авсан дээжээ  Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүлжээ.  Мэргэжилтнүүдийн ярьснаар хашиж хамгаалсан булгийн 56% нь цэвдгийн хайлалт идэвхитэй явагдаж байгаа булгууд байна. Цэвдгийн хайлалт хэр хурдтай явагдаж байгааг булгийн температур илтгэдэг бөгөөд + градус ихсэх нь цэвдгийн хайлалт хурдтай явагдаж буйг тодорхойлдог гол үзүүлэлт болдог ажээ. 
9 булгийн паспортонд орох мэдээлэл бэлэн болсон бөгөөд Хүйсийн говь, Цэцэг нуурын сав газарт хүлээлгэн өгнө. Усны асуудал хариуцсан мэргэжлийн байгууллагын хувьд тэд булгуудыг паспортжуулах асуудлыг холбогдох сумдын ИТХ-аар хэлэлцүүлж батлуулах үүрэг хүлээж байна. Батлагдсаны дараа тухайн булгийг хариуцаж хамгаалах эзэн тодорхой болох ажээ.
Паспортод булгийн байршил, урсац, усны температур, хүчиллэг чанар, булгийн ойролцоох ургамлын төрөл зүйл зэрэг бүх мэдээллийг багтаах юм.
© ДБХС Enlarge