What would you like to search for?

Our News

Г.Болортуяа: “Мойлхон чамд баярлалаа” аян төгөлтэй болох эхлэл тавигдлаа

Хаягдал үрээр моносны мод ургуулах санаачилгыг Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар гаргаж Хэнтий аймгийн Дадал сумын “Ногоон арал” экоклубын сурагчидтай хамтран 2019 оноос “Мойлхон чамд баярлалаа” аяныг өрнүүлж байна. Аяны талаар тус байгууллагын зүүн бүсийн салбарын зохицуулагч Г.Болортуяатай ярилцлаа.

Хаягдал үрээр моносны мод ургуулах санаачилгыг Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол  дахь хөтөлбөрийн газар гаргаж Хэнтий аймгийн Дадал сумын “Ногоон арал” экоклубын сурагчидтай хамтран 2019 оноос “Мойлхон чамд баярлалаа” аяныг өрнүүлж байна. Аяны талаар тус байгууллагын зүүн бүсийн салбарын зохицуулагч Г.Болортуяатай ярилцлаа.  
-Мойл жимсээр баялаг нутагт ийм аяныг өрнүүлэхээр зарим хүн гайхаж магад. Шалтгаан нь юу байв? 
-Бид байгалиа хайрлан хамгаалъя гэж ярьдаг мөртлөө цагаа тулахаар эсрэг зүйл олныг хийдэг. Байгалийн баялгыг зөв зохистой ашиглаж чаддаггүй. Нөгөө талаар боломж байхад дандаа байгалиасаа авна гэдэг зөв сонголт биш л дээ. Өөрсдөө тариад мойл идэх боломж байгаа. Тэгвэл хүүхдүүд үүнийг сайн ойлгож идэвхтэй байгаа нь үнэхээр талархууштай юм. Тэд хог болж хаягддаг үрээр  мойлны үрсэлгээ ургуулж чадаж байна. Мойлны үрсэлгээ ургуулах ажлыг экоклубын гишүүд нь хариуцаж ажилладаг. Бас энэ ажлын ач холбогдлыг үе тэнгийнхэндээ сурталчилдаг.     
- Хүүхдүүд хэр хүлээж авч байгаа бол?
-  Сайн шүү, хүүхдүүд идэвхтэй оролцож байна. Ач холбогдлыг нь сайн тайлбарладаг болохоор дэмжлэг ч сайн байна. Сүүлийн жилүүдэд экоклубын 40 гаруй сурагч монос модыг үрээр тарих, арчлах аргачлалд суралцжээ. Хүүхдүүд идсэн жимснээсээ авсан үрээ үрслүүлж мод болтол нь хайрлаж хамгаалж, улмаар төгөлтэй болно гэж зорьж байгаа нь гайхалтай шүү.
-Мэдээж бэрхшээл саад гарч байсан байх?
-Тэгэлгүй яахав. Энэ аянд эхний жилд сургуулийн нийт суралцагчдын 65% нь хамрагдаж 3,2 кг мойлны яс буюу үртэй болсон. Ингээд тэд 2 аргаар тарьсан боловч амжилтад хүрээгүй.  Гэвч хүүхдүүд шантраагүй. Энэ ажлаа хамтын хүчээр дараа жил нь ахин эхлүүлсэн. Хүүхдүүд үрийг дахин тарихдаа өмнөх алдаанаасаа суралцаж сургуулийнхаа гадна талд, нар бага тусдаг сүүдэр газарт хөрсөө сийрэгжүүлэн хоёр өөр нөхцөлд тарьсан юм билээ. Экоклубын гишүүдийн хоёр дахь оролдлого амжилттай болж 2021 оны 5-р сард тэд тарьсан үрнээсээ 1500 ш нэг настай суулгацтай болж чадсан юм. Сурагчид зуны амралтаараа 7 хоногоор ээлжлэн усалж, бойжуулах ажлаа хийдэг. Суулгац бэлдэнэ гэдэг амар ажил биш. Мойлны суулгацны өсөлтийг нь хэмжих, услах, хог ургамлыг нь түүх, хашаажуулах гээд ажил мундахгүй. Бидний зүгээс хүүхдүүдийн санаачилгыг дэмжиж, 4*8 хэмжээтэй хүлэмж 2 ширхэг, борооны ус цуглуулах хоолой, ус цуглуулах усны сав, мойлны суулгацыг услах зориулалтын сав болон хашаа барих банз  модыг худалдаж авч өгсөн.
- Ургуулсан суулгацаа бусдад өгч тариулдаг уу?
- Тэгдэг. 2024 оны тавдугаар сарын байдлаар тарих боломжтой 2-3 настай, нийт 3000 орчим моносны үрсэлгээтэй болжээ. Тэд өнгөрсөн тавдугаар сарын эхээр болсон Мод тарих үндэсний өдрөөр 600 ширхэг суулгацыг сумынхаа 120 өрхөд тус бүр 5 ширхэгийг өгч тариулсан. Үүнийг нутгийн иргэд талархалтай хүлээн авч хашаандаа нэмж мод тарихаа амлаж байсан нь энэ аян амжилттай үргэлжлэхийн нэг нотолгоо гэхэд болно.
-  “Мойлхон чамд баярлалаа” аяныг шийдвэр гаргагчид дэмжиж байгаа юу?
- Сум орон нутгийн удирдлагууд хүүхдүүдийн санаачилгыг дэмжиж хамтран ажиллаж байгаа. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар зохион байгуулсан  “Уур амьсгалын өөрчлөлт ба хүүхэд, залуучууд” олон улсын чуулганд “Ногоон арал” экоклубын сурагчид оролцож аяныхаа талаар үе тэнгийнхэндээ танилцуулсан нь тэдний сонирхлыг их татсан. Чуулганд оролцсон БОАЖЯ-ны удирдлагууд, олон улсын байгууллагын төлөөлөгчид тэдний хичээл зүтгэлийг ихэд сайшааж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход чиглэсэн чухал ажил боллоо хэмээн онцолж байсан юм.
-Энэ аяныг хэрэгжүүлсний ач холбогдол юу вэ?
“Мойлхон чамд баярлалаа” аяныг хэрэгжүүлсэн нь олон давуу талтай. Юуны өмнө бидний ирээдүй болсон хүүхдүүд маань байгалиа унаган хэвээр нь хадгалахад хувь нэмрээ оруулж, бусдад үлгэр дуурайлал болж байгаа нь том ололт амжилт юм. Үүнээс гадна олон талын ач холбогдолтой. Жишээлбэл, хүлэмжинд тарих боломжтой, өрх бүр моносыг үрээр тарьж ашигласнаар байгальд ирэх дарамт буурч уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хувь нэмрээ оруулна, сурагчид байгалийн баялгыг зөв зохистой ашиглах дадалд суралцсан зэргийг дурдаж болно. Манай суманд олон айл гэрийнхээ гадна мойл тарьдаг болсон.
-“Мойлхон чамдаа баярлалаа” төгөлтэй болох эхлэл тавигдсан гэсэн?
-Тиймээ, хүүхдүүдийн маань хичээл зүтгэл өргөжиж төгөлтэй болох эхлэл тавигдлаа. Экоклубын сурагчдын ургуулсан моносны үрсэлгээг сурагчид, багш нартайгаа хамтран төгөлдөө шилжүүлэн суулгаж нээлтээ хийсэн. Цаашид хийх ажил ч их байгаа. Хамгийн гол нь, хүүхдүүд өөрсдийн идэвхи зүтгэлийн илэрхийлэл болсон төгөлтэй болно гэдэгтээ итгэлтэй байна.   
 
 
 
© ДБХС
Г.Болортуяа

SHARE!

Бусдад түгээхэд бидэнд тусална уу