The WWF is run at a local level by the following offices...
- WWF Global
- Adria
- Argentina
- Armenia
- AsiaPacific
- Australia
- Austria
- Azerbaijan
- Belgium
- Bhutan
- Bolivia
- Borneo
- Brazil
- Bulgaria
- Cambodia
- Cameroon
- Canada
- Caucasus
- Central African Republic
- Central America
- Chile
- China
- Colombia
- Croatia
- Democratic Republic of the Congo
- Denmark
- Ecuador
- European Policy Office
- Finland
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар нь Монгол улсын Засгийн газрын урилгаар анх 1992 онд байгуулагдсан бөгөөд дараагаар нь албан ёсоор Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн салбараар бүртгэгдсэн түүхтэй.
Тус хөтөлбөрийн газар нь Монголд үйл ажиллагаа явуулж буй байгаль хамгаалах хамгийн их баялаг туршлагатай байгууллагуудын нэг бөгөөд биологийн олон янз байдлаараа баялаг, дэлхийд хосгүй хоёр газар нутагт хамгааллын үйл ажиллагаа явуулдаг. Үүнд, баруун Монголын Алтай Соёны экобүс нутаг буюу “Цоохор ирвэсийн өлгий нутаг”, нутгийн зүүн хэсгийг багтаасан Амар мөрний экобүс нутаг юм.
Анх хоёр ажилтантай үйл ажиллагаагаа эхэлж байсан тус хөтөлбөрийн газар өргөжиж, одоо 30 гаруй мэргэжилтнээс бүрдсэн чадварлаг баг Улаанбаатар хот дахь төв оффис, түүнчлэн Ховд аймгийн төв болон Хэнтий аймгийн Дадал суманд тус бүр салбартайгаар үйл ажиллагаа явуулж, Монгол орныхоо байгаль, зэрлэг амьтдын хамгаалалд хувь нэмрээ оруулж байна.
Бид Байгаль орчин, аялал жуулчлалын яам, шинжлэх ухааны байгууллага, үндэсний тэргүүлэх ТББ, олон улсын төсөл, орон нутгийн төрийн захиргааны байгууллага, иргэний нийгмийн байгууллагууд, иргэдтэй нягт хамтран ажиллаж ирсэн олон жилийн арвин туршлагатай. Бусадтай эв нэгдэл, хүсэл эрмэлзэл, итгэлээр гагнагдсан бидний урт хугацааны түншлэл бол амжилтын үндэс суурь юм.
Хөтөлбөрийн газрын үйл ажиллагааны хамрах хүрээ нь Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)- гийн Дэлхийн хэмжээнд хэрэгжүүлэх зорилтуудтай нягт уялдсан байдаг. Бидний анхаарал хандуулж байгаа газар нутаг бол баруун дөрвөн аймгийг хамарсан Алтай-Соёны уулархаг нутаг болон зүүн гурван аймгийг хамарсан Амар мөрний экобүс нутаг юм. Эдгээр газрыг зайлшгүй хамгаалах шаардлагатай тэргүүн зэргийн газар нутаг хэмээн Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гаас тодорхойлсон билээ.
Тус хөтөлбөрийн газар байгуулагдсан цагаасаа хойш нийт таван удаа, тус бүр таван жилийн хугацаатайгаар байгаль хамгаалах хөтөлбөр хэрэгжүүлсэн. Харин 2021 оноос зургаа дахь хөтөлбөрөө эхлүүлж, нэн чухал экосистемүүд, зэрлэг амьтан, тэдгээрийн амьдрах орчинг хамгаалах чиглэлд зөв зохистой менежментийг хэрэгжүүлэхээр зорьж байна.
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF) Монгол улсад үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн цаг хугацаа 1992 оноос эхтэй. Энэ эхлэл Монгол улсын түүхийн нэн чухал цаг үетэй давхцдагаараа бүр ч онцлог юм. Тэр жил монголчууд шинэ Үндсэн хуулиа баталж, хөгжлийн шинэ зам сонгосон түүхэн он тооллын гарааны жил байлаа. Энэ чухал цаг үед тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг нэмэгдүүлэх, хамгааллын менежментийн үр дүнг эрчимжүүлэх чиглэлээр анхны төслөө эхлүүлсэн Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн үйл ажиллагааг монголчууд идэвхийлэн дэмжиж байв. Ажлынхаа цар хүрээ, далайцыг тэлсээр Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар Монгол улс дахь байгаль хамгааллын тэргүүлэх байгууллагын хэмжээнд хүрээд байна. Байгаль хамгаалал бүх нийтийн үйл хэрэг байдаг тул бид бүх талуудтай хамтран ажилладаг билээ.
Тус хөтөлбөрийн газар нь дэлхий дахины чиг хандлага, жишгийн дагуу ажилладаг олон улсын байгууллагын нэгэн салаа мөчир төдийгүй Монголын гэх тодотголыг зүүж, байгаль хамгаалах үндэсний байгууллагын шинжийг өөртөө цогцлоон шингээсэн билээ. Ялангуяа Монгол улсын төр засгийн бодлого, чиглэлтэй нягт уялдуулан үйл ажиллагаагаа явуулж, байгаль хамгааллын олон арван шинэ санал, санаачлагыг гарган, түгээн дэлгэрүүлсээр ирсэн түүхэн уламжлалтай.
Монгол орны биологийн олон янз байдлыг хамгаалах нь зөвхөн Монгол орон, монголчууд бидний хувьд ашиг тустай төдийгүй дэлхий нийтийн байгалийн тогтолцооны бүрэн байдлыг хадгалахад чухал ач холбогдолтой юм. Тэгээд ч Монгол улс бол байгалийн унаган төрхөө хадгалан үлдсэн дэлхийн цөөхөн орны нэг бөгөөд сэрүүн бүсийн биологийн олон янз байдлаар нэн баялаг билээ.
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF) тодорхой шалгуур, шүүлтүүрээр дэлхийн хэмжээнд зайлшгүй хамгаалах шаардлагатай 200 экобүс нутгийг тодорхойлсон бөгөөд үүнээс нэн тэргүүний ач холбогдолтой 35 экобүсийг сонгон авч, урт хугацааны хамгааллын арга хэмжээ авч хэрэгжүүлдэг. Энэ 35 экобүсэд Монгол орны баруун хэсгийг хамрах Алтай-Соёны экобүс, нутгийн зүүн хэсгийг багтаасан Амар мөрний экобүс ордог бөгөөд энэ хоёр экобүсэд Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар үйл ажиллагаагаа төвлөрүүлэн ажиллаж байна.
Манай хамт олон Монгол орныхоо байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах ариун үйл хэргээ ирэх он жилүүдэд ч идэвхийлэн үргэлжлүүлэх бөгөөд бидний хүчин зүтгэл зөвхөн Монгол улсын төдийгүй дэлхий нийтийн байгаль хамгаалах ариун үйлсэд жинтэй хувь нэмэр оруулах болно гэдэгт итгэлтэй байна.
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь
хөтөлбөрийн газрын захирал Д.Батболд