What would you like to search for?

Our News

Хамтын менежментийн зөвлөл байгуулахаар боллоо

Нэн ховор монгол бөхөнг хамгаалах зорилгоор 1993 оны УИХ-ын тогтоолоор Шарга-Манханы байгалийн нөөц газрыг бий болгож улсын тусгай хамгаалалтад авсан юм. Тус байгалийн нөөц газар нь Алтай Соёны бүс нутаг дахь Ховд аймгийн хоёр сумын нутагт орших Манханы хэсэг, Говь-Алтай аймгийн дөрвөн сумдыг хамарсан Шаргын хэсэг гэсэн хоорондоо 200-гаад км зайтай хоёр хэсгээс тогтдог. Эдгээр нь монгол бөхөнгийн тархац нутаг юм. Монгол бөхөн зөвхөн Монголд байдаг уугуул амьтан юм.

Нэн ховор монгол бөхөнг хамгаалах зорилгоор 1993 оны УИХ-ын тогтоолоор Шарга-Манханы байгалийн нөөц газрыг бий болгож улсын тусгай хамгаалалтад авсан юм.  Тус байгалийн нөөц газар нь Алтай Соёны бүс нутаг дахь Ховд аймгийн хоёр сумын нутагт орших Манханы хэсэг, Говь-Алтай аймгийн  дөрвөн сумдыг хамарсан Шаргын хэсэг гэсэн хоорондоо 200-гаад км зайтай хоёр хэсгээс тогтдог. Эдгээр нь монгол бөхөнгийн тархац нутаг юм. Монгол бөхөн зөвхөн Монголд байдаг уугуул амьтан юм.
Хуульд зааснаар Байгалийн нөөц газрын менежментийг хариуцагч нь орон нутаг байдаг. Улсаас мөнгө өгдөггүй. Тодорхой хэлбэл, хамгааллын менежментийг хариуцах үүргийг аймгийн засаг дарга хүлээдэг. Гэвч аймгуудын засаг дарга нар идэвхгүй ажилладаг, төсөв мөнгөний хүрэлцээгүйгээс шалтгаалж тус байгалийн нөөц газрын хамгааллын менежмент сул байгаа юм. Өнөөдөр Шарга-Манханы байгалийн нөөц газарт хамгаалалтын захиргаа байхгүй, албан ёсны нэг ч байгаль хамгаалагч алга. Энэ нь монгол бөхөн хамгааллын ажилд сөргөөр нөлөөлж байгаа билээ.  
Энэ асуудлыг хэрхэн шийдэх талаархи уулзалтыг БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар, Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар хамтран 2019 оны тавдугаар сарын 8-нд зохион байгууллаа.  Уулзалтад БОАЖЯ-ны газрын дарга, мэргэжилтнүүд, Ховд, Говь-Алтай аймгийн БОАЖГ-ын удирдлага, тусгай хамгаалалттай газруудын Хамгаалалтын захиргааны дарга нар, эрдэмтэн судлаачид оролцож монгол бөхөн хамгааллын менежментийн талаар санал солилцов.  
Оролцогчид Шарга-Манханы байгалийн нөөц газрын зэрэглэлийг дээшлүүлж Байгалийн цогцолборт газар болгох боломжийн талаар яамны мэргэжилтнүүдээс асуулаа. Хэрвээ ийм зэрэглэлтэй болчихвол улсаас санхүүжүүлж хамгаалалтын захиргаа байгуулах боломж гардаг. Харин БОАЖЯ-ны мэргэжилтнүүдийн ярьснаар санхүүжилтийн дутагдлаас болж тус байгалийн нөөц газрын зэрэглэлийг дээшлүүлэх боломж одоогоор байхгүй аж.    
Тэгэхээр Шарга-Манханы байгалийн нөөц газрын хамгааллын менежментийг сайжруулахын тулд орон нутгийн оролцоог дээшлүүлэх нь зөв гэдэгт санал оролцогчид санал нэгдсэн юм. Харин энэ асуудлыг  одоогоор хэн нэг нь хариуцах шаардлагатай тул Хамтын менежментийн зөвлөл байгуулахаар болов. Хамтын менежментийн зөвлөлийн дүрэм журам, бүтцийг тодорхойлох ажлын хэсгийг таван хүний бүрэлдэхүүнтэй байгуулж БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар ахлахаар тогтлоо. Түүнчлэн монгол бөхөн сэргээн нутагшуулах, бөхөн нутагшдаг Хүйсийн говийг улсын тусгай хамгаалалтад авах асуудалд талууд анхаарч ажиллахаар боллоо.  
Сонирхуулахад, хамгийн сүүлд буюу 2018 оны арванхоёрдугаар сарын тооллогоор ердөө 3800 орчим бөхөн Монголд үлдээд байгаа ажээ.
 
© Дэлхийн байгаль хамгаалах сан
Өнөөдөр Шарга-Манханы байгалийн нөөц газарт хамгаалалтын захиргаа байхгүй, албан ёсны нэг ч байгаль хамгаалагч алга. Энэ нь монгол бөхөн хамгааллын ажилд сөргөөр нөлөөлж байгаа билээ.

SHARE THIS!

Help us spread the message