| WWF



Монгол орныхоо байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах ариун үйлс

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар Монгол Улсад 1992 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн билээ. Энэ хугацаанд Монгол орныхоо биологийн олон янз байдлыг хамгаалах ариун үйлсэд зүтгэж, үргэлж шинийг санаачилж, баг хамт олноороо сэтгэл, зүрх, ур чадвараа дайчлан ажиллаж ирсэн юм.     
Тус хөтөлбөрийн газар нь олон улсын байгууллагын нэг хэсэг боловч үндэсний түвшинд үйл ажиллагаа явуулдаг. Олон улсын төдийгүй үндэсний байгууллагын шинж чанарыг өөртөө агуулдгаараа онцлог юм. Монгол орны биологийн олон янз байдлыг хамгаалах нь дэлхий нийтийн байгалийн тогтолцооны бүрэн байдлыг хадгалахад чухал үүрэгтэй. Монгол Улс байгалийн унаган төрхөө хадгалж үлдсэн бөгөөд сэрүүн бүсийн биологийн олон янз байдлаар баялаг нутагтай. Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гаас дэлхийн хэмжээнд зайлшгүй хамгаалах шаардлагатай хэмээн тодорхойлсон бүс нутгуудаас Алтай-Соён болон Амар мөрний бүс нутаг Монгол Улсад бий. Төв Азийн хэмжээнд Монгол орны зэрлэг байгаль хамгийн эрүүл, унаган төрхөө хадгалж үлдсэн билээ.        

Монгол Улс газар нутгийнхаа 30 хувийг хамгаалалтад авах үүрэг амлалтыг 1992 онд олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө  авсан билээ. Үүнийг бодит ажил хэрэг болгоход манай байгууллага үр дүнтэй ажиллаж байгааг онцлоход таатай байна. Одоо байгаа тусгай хамгаалалттай газар нутгийн 36,4 хувь нь Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын оролцоо, санаачилга, идэвхи зүтгэлийн үр дүнд байгуулагджээ.

Ирэх жилүүдэд ч бид Монгол орныхоо байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах ариун үйлсээ үргэлжлүүлэх бөгөөд бидний хүчин зүтгэл зөвхөн Монгол Улсын төдийгүй дэлхий нийтийн байгаль хамгаалалд чухал ач холбогдолтой байх юм.