| WWF



 rel=
Монгол бөхөн
© Дэлхийн байгаль хамгаалах сан

Монгол бөхөнгийн гомдолт сүнс Дөргөний хүрэн талаар зүүдийтэл хатирч явдаг байхдаа

Дөргөний хүрэн талд монгол бөхөнгийн их хядлага үе үе болдог. Хулгайн анчид  дэлхийд нэн ховорт тооцогдох монгол бөхөнг хэдэн талаас нь машин, мотоциклиор шахаж байгаад л буудаж гардаг. Их талд буун дуу тасралтгүй тачигнаж, олон арван бөхөн бууны суманд шүүрэн шанага болтлоо буудуулж, үхэдхийн унадаг ажээ. Гэмт хэрэгтнүүд монгол бөхөнгийн төө хүрэхгүй шоргор эврийг авахын тулд л ийн их хядлага үйлддэг байна. Бургас шиг нарийхан турьхан хөлөө тас буудуулж санжлуулсан, бүх бие нь тэр чигтээ цусанд будагдаж, бууны суманд шүүрэн шанага шиг, сэг болтлоо буудуулсан  бөхөнгөөр хөндий тал дүүрсэн гэлтэй харагддаг байна. Мөн гэдэс нь цуваад хөвчихсөн, сэвс нь гоожчихсон, шархадсан биеэ дааж ядан, бөгсөө чирэн урагш тэмүүлэн үхлээс зугтах гэж сүүлчийн хүчээ шавхан зүтгэж байгаа, аниргүйхэн тэнэгэр хүрэн талдаа тэрий хадан унаад бүлээн амьсгалаа татаж байгаа улаан алаг бөхөнгүүд энд тэндгүй тийчилж хэвтдэг. Гэмт хэрэгтнүүд буудуулсан  бөхөнг өшиглөж унагаад л амьтай голтой тийчилж байхад нь эврийг нь мулт татаж аваад яваад өгдөг. Тэр амьтны бусад нь тэдэнд хэрэггүй.
Аймшигт яргалалаа  өдөр шөнө гэлгүй үйлдэж, монгол бөхөнг хэдэн арваар нь бууддаг байна.    
Бөхөнгийн эвэр БНХАУ-д дорнын анагаах ухааны  өвөрмөц эмүүдийн чухал түүхий эд болж зарагддаг учир гэмт хэрэгтнүүдэд ингэж хядуулдаг эмгэнэлтэй амьтан. Сүүлийн арав гаруй жилийн турш зөвхөн Дөргөний хүрэн талд нийтдээ 182 бөхөн агнасан хэрэг  гарсан байх юм. Ховд аймгийн Чандмань сумын нутаг Дөргөний хүрэн талд хулгайн анчид ингэж л  гаарч байна. Тэд дуртай цагтаа л бөхөн рүү буу шагайн, эр эм, хээлтэй, нялх гэлтгүй бүгдэн рүү нь бууны ам шагайж байна. Гэмт хэрэгтнүүдэд амьтныг хайрлах өрөвдөх өр нинжин сэтгэл гэж байхгүй. “Муусайн өгөр бөхөнг хэдээр нь буудсан ч яадаг юм. Хүнд хэрэгтэй амьтан биш. Арьс нь элдүүр даахгүй, махыг нь идэж болохгүй. Бэлчээр талхалж гай тарина” гээд л үзэн ядна.  
Их хядлага болж өнгөрсний маргааш хөндий талд үхсэн бөхөнгүүдийн улаан алаг бөндийсөн сэг зэм хэвтэх. Нутгийн иргэд сум, аймгийн хууль хяналтынханд хууль бус  ангийн талаар  хэл хүргэдэг. Цагдаа нар ирээд  хий хоосон мөрдлөгө үзүүлсэн болж, нутгийн хүмүүсээс гэмт хэрэгтнүүдийн талаар мэдээлэл байна уу гэж хэсэг явж байгаад эргээд аймгийн төв рүүгээ дахиад  явдаг  байна. Ингээд л таг чиг болдог. Ийм л байдалтайгаар арав гаруй жилийн нүүр үзэж байгаа аж. Эсвэл башир эвэрчид агнасан бөхөнгийнхөө сэг зэмийг нууж, далдлаад булж хаячихаад явах тохиолдол ч байдаг гэнэ.   
Чандмань сум зургаан байгаль хамгаалагчтай. Цагдаагийн хоёр ажилтантай. Гэвч Улаан номонд орсон бөхөнг хууль бусаар агнах хэргийн гаралт жилээс жилд нэмэгдэж байна уу гэхээс огт буурахгүй байгаа юм. Зөвхөн  нэг сумын нутагт эзэн холбогдогч нь тогтоогдоогүй 182 бөхөн агнасан хэрэг гарна гэдэг бөхөнгийн хувь заяа хэрхэж байгааг тодхон хэлээд өгнө. Мөстлөгийн үеэс хэдэн арван мянган жилийг элээж, олон зууны ган  зудыг даван ирсэн бөхөн сувдаг шунахай сэтгэлтнүүдийн нүдэнд мөнгө болж харагдан  хядуулж байгаа нь нэн харамсалтай.
Дөргөний хүрэн талд яагаад бөхөнгийн хууль бус ангийн хэрэг гардаг вэ
Чандмань сумын Дөргөний хүрэн тал гэж хараа гүйцэмгүй цэлийсэн сайхан хөндий байх. Жаргалантхайрхан, Бумбатхайрхан уулнын зүүн дор, Хар нуур, Дөргөн нуурын баруун хаяа, сумын төвийн наран ургах зүг, Дарвийн нуруу, Хүйсийн говь, Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын нутаг хүртэл үргэлжлэх их талыг Чандманы тал буюу Дөргөний хүрэн тал гэнэ. Үнэндээ энэ тал нэг ч гуу жалга, бартаа саад байхгүй. Тэв тэгшхэн тал газар. Монгол бөхөн, хар сүүлтий зэрэг амьтад нуур, оргилдог худагнаас ус уучихаад энэ талд сүргээрээ идээшилнэ. Тэгш тал гэмт хэрэгтнүүдэд түшиц газар болж байгаа юм. Хэдэн талаас нь гэнэт шахаад л гэрэл тусгаж байгаад буудчихдаг. Шөнөөр хаана хэн бөхөн агнаад байгааг мэдэх ямар ч боломж байхгүй. Үүнийг гэмт хэрэгтнүүд овжин ашигладаг хэмээн нутгийнхан ярьж байв.      
2008 оны аравнэгдүгээр сарын 2-ний өдөр Дэнгийн шилийн оргидог худгийн орчимд зам зуурын машин нэг бөхөн алаад машиндаа бүтнээр нь хийгээд явсныг эрэн сурвалжилсаар байна. 2008 оны арваннэгдүгээр сарын 6-ны өдөр Дөргөн нуурын баруун урд хэсэгт оршдог Арлын амны дээд талд Ширээгийн оргидог худгаас хойхнуур хоёр бөхөнгийн шинэвтэр сэгтэй  “Ирвэс-3” багийн гишүүд тааралдсан байдаг. Энэ хэрэг Хар-Ус нуурын улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт гарсан байдаг.  Мөн 13 бөхөн агнаад эврийг нь авч, худагт сэг зэмийг нь  хаясан хэрэг гарсан. Дээрх хэргийг үйлдэгчид Чандмань сумын цагдаа, зургаан байгаль орчны байцаагчаар тохуурхсан байдаг. 2014 онд гэхэд Чандмань сумын Жаргалант багийн нутаг Дөргөн нуурын хөвөөн дээр зургаан бөхөн хууль бусаар агнаж, эврийг нь авч явсан хэрэг гарсан. Гэвч гэмт хэрэгтнүүдийг цагдаа нар барьж чадаагүй л байна. Мөн Чандмань сумын Талын булаг гэх газарт мөн л зургаан тооны бөхөн агнасан хэрэг гарсан. Гэмт хэрэгтнүүд тогтоогдоогүй гэх шалтгаанаар хэргийг мөрдөн шалгах ажиллагааг түдгэлзүүлсэн байна лээ.   
Ингэж л Монголын Улаан номонд орсон бөгтөр бөхөнгийн хэрэг замхарч байна. Уг нь илэрдэггүй хэрэг гэж байдаггүй, харин илрүүлэхийг хүсэхгүй байна гэдэг өөр асуудал. Гэмт хэрэгтнүүд хэргийн газарт заавал нэг ул мөр үлдээж, нутгийн иргэдэд харагдсан байсан. Гэвч цагдаа нарт дээрх хэргийг илрүүлэх сонирхол үнэндээ алга байна гэж хэлэхэд болохоор байна. Монгол бөхөнгийн сүрэг буу  барьсан сувдаг шунахай сэтгэлтнүүдийн гайгаар үй олноороо хядуулж дууслаа. Гэмт хэрэгтнүүдэд  хөөрхий бөхөн  мөнгө болон харагдаж байна. Захгүй  талд согтуу хөлчүү нөхдүүдийн буун дуу тачигнаж үхлээс зугтах гэж оролдсон  бөхөн үхэдхийн унаж, хөх тэнгэрээ ширтээд сүүлчийн амьсгалаа хурааж байна. Амьдаараа шоргор эврээ хуга татуулан  хэвтэх монгол  бөхөнгийн хувь тавилан хөөрхий. Дэлхийн байгаль хамгаалах сангийн биологч, агнуур зүйч, доктор О. Мөнхтогтох “Чандманийн талаас цус үнэртэж байна” гэж бөхөнгийн хууль бус ангийн талаар бичиж байсан. Тийм ээ,  О.Мөнхтогтох докторын дуу алдан бичсэнчлэн Дөргөний хүрэн талаас монгол бөхөнгийн цус үнэртэж байна. Эхийн хэвлийгээс унаж, тоос татуулан эрх  дураараа хатирсан энэ л  хүрэн талынхаа элгэн дээр цусаа тунаруулж хэвтэх эмгэнэлт хувь заяа бөхөнгийнх биш баймаарсан.  Гэмт хэрэгтнүүдэд хядуулсан бөхөнгийн гомдолт сүнс Дөргөний хүрэн талаар  зүүдийтэл хатирч явдаг байхдаа.
Э.Хүрэлбаатар
 
 
 rel=
Монгол бөхөн
© Дэлхийн байгаль хамгаалах сан

Бид л хамгаалахгүй юм бол хятадууд өрөвдөхгүй

 Энэ амьтныг бөхөн гэдэг. Бөхийж явдаг болохоор нь ингэж нэрлэсэн байх. Их сонин хамартай. Сайн ажвал балар эртний амьтан харж байгаа мэт санагдана. Өөлбөл их “муухай” амьтан. Энэ нь ч аргагүй юм байна. Судлаачдын хэлж байгаагаар бол бөхөн маш эртний эрмэл амьтан аж. Эрмэл гэдэг нь эрт дээр үеэс өдийг хүртэл тэсч үлдсэн амьтныг хэлээд байгаа хэрэг. Дүр төрх нь яг л тэр үед байснаараа. Тиймдээ ч “муухай” харагдаж байгаа байх. Бөхөн ойролцоогоор 250 мянган жилийн өмнө амьдарч байжээ. Олон мянган бөхөн ноост хирс, арслан заан, бизонтой хөршлөн амьдарч байсан гэсэн үг.Эдгээр амьтад мөхөж алга болсон бол бөхөн эртний түүхээ ханхлуулан нутагтаа идээшилж явна. Монгол бөхөн их нууруудын хотгорт хязгаарлагдмал нутагт тархжээ. Тодруулбал, Ховдын Хар ус нуур, Дөргөн, Хяргас нуурын орчим түүнээс урагш Хүйс, Шаргын говьд байдаг. Монгол бөхөн нутгийнхаа “амьтан найз” нараасаа ялгарах нэг том онцлогтой. Тэр бол дэлхийд өөр хаана ч байхгүй Монголын уугуул амьтан юм. Монголчууд унаган адуу гэдэг дээ,яг л түүнтэй адил. 250 мянган жилийн өмнө Монголд л амьдарч байсан, одоо ч эндээ л бэлчиж байна. Азтай,бас азгүй амьтан. Тийм олон жил болоход мөхөлгүй төрөлх нутагтаа өдийг хүртэл амьдарсаар ирж бидэнд амьд “үзүүлэн” болж байгаа азтай. Харин ийм ховор амьтан гэдгээ “ойлгуулж” чадаагүй азгүй амьтан. Яагаад гэхээр монголчуудын олонхи нь бөхөнгийнхөө үнэ цэнийг мэддэггүй,ийм нэг амьтан явж л байдаг гэж ханддаг. Үнэ цэнэ гэдгийг мөнгөн утгаар нь биш харин маш ховор,нүдний цөцгий мэт хайрлан хамгаалах ёстой гэдгээр нь онцолж байгаа юм. Монголд олон мянган амьтан бий,харин бөхөн шиг эртний,унаган нутагтаа “насаараа” амьдарч байгаа нь байхгүй. Гэтэл бид дэлхийд өөр хаана ч байхгүй Монгол бөхөнгөөрөө бахархахын оронд бууны ам чиглүүлж байх юм.
 Ер нь бөхөнг яах гэж агнаад байдаг вэ. Мах нь час хийсэн амттай, арьс нь зөөлөн юм болов уу гэтэл тийм биш юм байна. Монголчууд бөхөнгийн махыг иддэггүй, арьсыг нь ашигладаггүй. Зөвхөн эврийг нь авах зорилгоор агнаж байна. Эр бөхөн хос шорон эвэртэй бол эм нь эвэргүй. Тэгэхээр хулгайн анчид эрийг нь онилдог болж таарах нь. Эврийг дорно дахины анагаах ухаанд дотор халуун бууруулах, бөөр савны өвчинг эмчлэх зорилгоор хэрэглэдэг гэсэн. Монголчууд өөрсдөө энэ зорилгоор бараг хэрэглэдэггүй, хятадуудад бэлдэж өгдөг гэхэд болно.Шууд хэлбэл, хятадууд захиалж мөнгөнд донтогсод тэдэнд эврийг нь худалдах гэж бөхөн агнаж байна.
Дорнын анагаах ухааны балгаар ховор амьтдаа алдаж байна
Монгол улс амьтны эд эрхтэн ашигладаг дорнын анагаах ухаан хүчтэй хөгжсөн Хятад улстай хөрш оршдог сул талтай. Тэнд эрэлт байнга нэмэгдэж байдаг, тэр хэрээр Монголын маань ховор амьтад “цаазлуулж” байдаг. Зөвхөн Монгол гэлтгүй дэлхийн олон орон дорнын анагаах ухааны балгаар ховор амьтдаа алдаж байна. Олон сая доллар зарцуулаад ч хамгаалж чадахгүй байгаа хирсний хууль бус агнуур олон улсын байгаль хамгаалах байгууллагуудын толгойн өвчин болоод байгаа юм. Өнөөдөр бодит байдал ийм л байна. Нэгэнт урд хөршид эрэлт байгаа юм чинь ховор амьтны эд эрхтэний наймаа,хууль бус агнуур гарч л таарна. Хэрэг гарлаа, гэмт этгээдийг баривчиллаа, шийтгүүллээ. Ийм замаар яваад байвал ховор амьтад маань улам л ховордоно. Хэн нэгнийг барьж хорилоо гээд амьтан босоод ирэхгүй. Тэгэхээр яах вэ. Бид бүгдээрээ энэ талаар нухацтай ярилцаж гарц олмоор байна. Монголын маань ан амьтан, байгалийг оросууд хамгаалахгүй, хятадууд өрөвдөхгүй.Бид л хамгаалах үүрэгтэй. Яагаад гэвэл бид энэ өргөн уудам нутгийн эзэд. Бид алийн болгон хувиа бодсон арчаагүй амьдралыг туулах ёстой юм бэ. Халхын хавтгай дотор байгаа юм бүхэн биднийх. Үүнийг ойлгосон цагт хятадууд хэчнээн их мөнгө амласан ч монгол хүн байгаль руугаа дайрахгүй. Эзэн нь юмаа мэдэж эрэг нь усаа хашдаг гэж өвөг дээдэс маань зүгээр ч нэг хэлээгүй шүү.
Н.Энх
 
 
  • saiga youth logo 
	© wwf mongolia

    Монгол бөхөн хамгааллыг дэмжигч хүүхэд залуучуудын бэлгэдэл