Хууль бус агнуур | WWF

Хууль бус агнуур



Монгол Улсын хэмжээнд сүүлийн жилүүдэд зэрлэг  амьтдын тоо толгой цөөрсөөр байна.

Тухайлбал, 2000 оны тооллогоор 5000 орчим байсан монгол бөхөн 2017 оны гуравдугаар сарын байдлаар  4000 хүрэхтэй үгүйтэй байна. Ховор, нэн ховор амьтдын тоо толгой арав гаруйхан жилд  огцом буурч байна. Ховор амьтнаар ч зогсохгүй элбэг гэж яригддаг агнуурын ач холбогдолтой амьтад болох тарвага, цагаан зээр зэрэг амьтдын тоо толгой ч эрс цөөрсөөр.
Зэрлэг амьтдыг сүйрлийн ирмэгт хүргэж байгаа нэг том хүчин зүйл бол ангийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний хууль бус худалдаа юм. 
Тиймээс, Монгол оронд хууль бус агнуурыг бууруулах, амьтны эд эрхтэний худалдааг хязгаарлах нь чухал болоод байна. 
Амьтны эд эрхтэний хууль бус худалдаа хамрах хүрээ, хор нөлөөгөөрөө дэлхийд хар тамхины худалдааны дараа ордог бол Монголд үүнээс дутахгүй зах зээл бий болж магадгүй байна.
Иймд Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар зэрлэг амьтны эд эрхтэний худалдааг хязгаарлах зорилгоор хууль эрхзүйн орчинг сайжруулах, хуулийн хэрэгжилтийг хангах ажлуудыг дэмжин ажиллах чиглэлийг баримталж  байгаа юм. 

 
	© Д.Цэвээнравдан WWf Mongolia
Ирвэс
© Д.Цэвээнравдан WWf Mongolia
 rel=
Дэд зөвлөлийн гишүүд уулзалтаар хэлэлцсэн ажил, арга хэмжээний санал, зөвлөмжийг тусгасан нэгдсэн ажлын төлөвлөгөө боловсруулан ажиллаж, үр дүнг хагас жил тутамд дүгнэж хамтын ажиллагаагаа идэвхжүүлэхээр боллоо.
© Дэлхийн байгаль хамгаалах сан

Хууль бус агнуурын эсрэг тэмцэх Дэд зөвлөл анхны хуралдаанаа хийлээ

Хууль бус агнуур, амьтны эд эрхтэний хууль бус худалдаатай холбоотой хэргийг илрүүлэх нь амар хялбар ажил биш. Яагаад гэвэл, ийм төрлийн гэмт хэрэг нарийн зохион байгуулалтад орсон байдаг. Хууль хүчний байгууллага, иргэд, олон нийтийн хамтын ажиллагааны үр дүнд л энэ аюулыг багасгах боломжтой юм.
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-ийн Монгол дахь хөтөлбөрийн газар энэ чухал ажлын хүрээнд өнгөрсөн тавдугаар сард хууль, хяналтын байгууллагуудыг оролцуулсан уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулсан бөгөөд уг уулзалтын үр дүнд Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулж, мэргэжлийн удирдлагаар хангах үүрэг бүхий Дэд зөвлөл байгуулагдсан юм. Уг Дэд зөвлөлийг Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 8-р сарын 18-ны өдрийн тушаалаар байгуулсан бөгөөд бүрэлдэхүүнд нь хууль, хяналтын байгууллагынхнаас гадна Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-ийн Монгол дахь хөтөлбөрийн газрын төлөөлөл орсон байна.  
Дэд зөвлөлийн анхны хуралдаан 2017 оны 9-р сарын 21-ний өдөр боллоо.  Энэхүү хуралдаанаар дэд зөвлөлийн гишүүд зэрлэг амьтны хууль бус агнуур, худалдааг илрүүлэх, таслан зогсоох, чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ, учирч буй бэрхшээл, хийхээр төлөвлөж буй ажлуудаа танилцуулсан юм. Түүнчлэн мэдээлэл солилцох, хамтран ажиллах нөхцөл боломжийн талаар санал дэвшүүлж хэлэлцүүлэг өрнүүлэв. Дэд зөвлөлийн гишүүд уулзалтаар хэлэлцсэн ажил, арга хэмжээний санал, зөвлөмжийг тусгасан нэгдсэн ажлын төлөвлөгөө боловсруулан ажиллаж, үр дүнг хагас жил тутамд дүгнэж хамтын ажиллагаагаа идэвхжүүлэхээр боллоо.
 
 
 rel=
Бүгдийг нь рентген аппарат шууд илрүүлж байна лээ
© Дэлхийн байгаль хамгаалах сан

Монголын хилээр Хятадад хууль бусаар оруулж ирсэн болгоныг рентген аппарат шууд илрүүлж байна

БНХАУ-ын Такейшкен хилийн боомт дээр рентген аппарат суурилуулжээ. Сүүлийн үед үе үе гарах болсон Шинжаан Уйгарын бослоготой холбоотойгоор БНХАУ хилийн шалган нэвтрүүлэх боомтын үйл ажиллагаанд түлхүү анхаарах болсон аж. Хилээр  ямар нэгэн галт зэвсэг, хууль бус зүйлс ороод ирж магадгүй хэмээн хяналт шалгалтыг хэд дахин нэмэгдүүлээд байгаа юм байна. Үүнээс үүдэнд хилээр хууль бусаар эд зүйлс гаргадаг байдал зогссон байна. Өмнө нь шалгалт, хяналт их байсан ч хууль бус зүйл тасардаггүй байсан бол Такейшкен хилийн боомт дээр суурилуулсан рентген аппарат өдгөө юухныг ч хил нэвтрүүлэхгүй болсноороо онцлог. Энэ талаар бид хоёр улсын хил дээрээс сурвалжиллаа.
Ачаатай нүүрсэн дунд байсан эрэг, боолтыг хүртэл илрүүлэв
Монгол Улсын баруун хил Ховд аймгийн Булганы боомт дээр 09:00 цагт очлоо. Хөшөөтийн уурхайгаас ачигдсан нүүрс Булганы хилийн боомтоор гарч байгаа билээ. Нүүрс ачсан хүнд даацын 50 гаруй автомашин ар араасаа цувран зогсох аж. Мөн ОХУ-д үйлдвэрлэсэн чихэр тэргүүтэй амттан ачсан “амбаартай” портерууд ч ар араасаа эгнээд зогсож байв. Хилийн шалган нэвтрүүлэх дөнгөж нээгдэнгүүт л иргэд өглөө эртлэн хил гарчихаад оройдоо амжаад хилээр ороод ирэх гэж тус бүртээ яарцгааж байв. Бид Такейшкен хилийн боомт дээр бичиг баримтаа шалгуулж, штамб даруулаад гарцгаалаа. Хилээс хоёр километр хүрэхгүй газарт төв замын хойд талд цэлийсэн том хашаа барьжээ. Нүүрс ачсан машинууд ар араасаа цувран тэр хашаа руу орох юм. Бид ч дагаад орлоо. 30 гаруй метрийн урттай сендвичен барилга байх аж. Нүүрс ачсан машин орлоо. Байгууламж руу машинаа оруулаад жолооч нь буугаад явчих юм. Харин пүү бүхий тусгайлан бэлтгэсэн замаар 100 гаруй тонн нүүрс ачсан машиныг нэвтрүүлж хэдэн талаас нь рентген аппаратаар шалгав.
Зүүн талаас хоёр, дээрээс хоёр, доороос хоёр гэх мэтчилэн аппаратны нарийнхан улаан туяа машиныг хэдэн мянга хуваан шалгаж гарлаа. Тэгсэн машины баруун доод хэсэгт туяа тусахад дохиолол хангинаад явчихлаа. Гаалийн ажилтнууд ч дохиолол өгсөн газарт үзлэг хийж, тэрүүгээр нэг юм болов. Удалгүй тэндээс эрэг боолт гаргаад ирэв. Ердөө л 3-5 минутын дотор машины бүх эд ангийг нарийвчилан шалгаад дуусчихлаа. БНХАУ-ын хил, гаалийнхан “Танай талаас хил  нэвтэрч байгаа машин бүрийг шалгаж байна.  Нүүрс ачсан машин, чингэлэгтэй машиныг  шалгадаг. Автомашины эд анги өөрчлөгдөх, жин нь ихэсч багассахыг ч андахгүй мэдээлэл өгнө. Мөн нүүрсэн дор, машины доод эд анги зэрэгт ширхэг боолт ч сул байсан шууд илрүүлнэ. Өөрөөр хэлбэл, хилээр ямар нэгэн зүйлс хууль бусаар гаргах ямар ч боломжгүй болсон” хэмээн ярьж байна лээ. Машиныг тусгайлсан жин бүхий замаар шалгаж байхад баруун урд хэсэгт барьсан байшин дотор мэргэжилтнүүд камеруудаар хянаад сууж байх юм. Рентген аппарат  дуугарч дохиолол өгөх болгонд шалгалт хийж байгаа юм билээ. Монголын жолооч нарт машиныхаа тэвшин дээр нэг ч төмөр байлгаж болохгүй. Хэрэв нүүрсэн дотор нэг л эрэг боолт болон өөр төрлийн төмөр орсон бол нүүрсийг бүгдийг нь буулгаж шалгана. Тиймээс та бүхэн өөрсдийнхөө ажилд саад учруулахгүйн тулд ажилдаа хариуцлагатай хандах ёстой” гэсэн зөвлөмжийг байнга өгдөг болжээ. Энэхүү рентген аппарат хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж гэсэн. Монгол мөнгөөр 40 гаруй тэрбум төгрөгийн өртөгтэй гэнэ лээ.
“Жолооч нар машиныхаа дугуйнд хувцас, үстэй малгай хийж хүртэл үзсэн. Бүгдийг нь рентген аппарат  шууд илрүүлж байна лээ” гэв
 Хөшөөтийн уурхайгаас БНХАУ-ын Такейшкен хилийн боомт руу нүүрс тээвэрлэдэг  нэгэн жолоочтой уулзаж, хил дээр жолооч нар хэрхэн шалгагдаж байгаа тухай болоод рентген аппаратны хяналт, шалгалтын талаар цөөн асуултад хариулт авлаа.
-БНХАУ-ын хилийн боомтын хяналт шалгалт чангарч, рентген аппарат суурилуулаад байгаа юм байна. Рентген аппаратны хүчин чадлын талаар ярилцлагаа эхлэх үү?
-Өмнө нь хилийн боомтоор янз бүрийн зүйлс нүүрсэн дор, машины дугуйнд хийгээд гаргадаг байсан. Зарим жолооч ямар нэг аргаар хилээр хятадуудад хэрэгтэй юмыг нь гаргаж, борлуулаад цалингаас гадна орлого олдог байсан. Мөн нутгийн иргэд амьтны арьс, үс, эд эрхтэн гэх мэт зүйлс ч хилээр гаргадаг байсан тухай яриа байдаг. Машиныхаа запас дугуйнд хийхээс гадна машиныхаа доод хэсэгт жижигхэн төмөр хайрцаг гагнуулчихсан. Түүндээ ховор ургамал хийгээд гаргадаг. Нүүрсэндээ говийн үнэт чулуу хийгээд л гаргаад байдаг байсан гэсэн. Хууль бусаар амьтны эд эрхтэн, ургамал, байгалийн үнэт чулуу зэргийг гаргахаар БНХАУ-ын  хил гаалийнхан сүртэй шалгалт хийдэггүй. Яагаад гэхээр хятадууд энэ төрлийн бизнес хийдэг хүмүүсээ бодлогоор дэмждэг байсан юм байна лээ. Тэр нь ч үнэн байх. Харин өнгөрсөн оны арваннэгдүгээр сард рентген аппарат суурилуулснаас хойш  Хятадын хилээр хууль бус ширхэг ч юм нэвтрүүлэх боломжгүй болсон.
-Рентген аппаратын талаар та ярихгүй юу. Манай улсын нүүрс тээвэрлэж байгаа жолооч нар зөрчил гаргаж байна уу?
-Жолооч нар янз бүрийн аргаар л энэ рентген аппаратны хүчин чадлыг “сорьж” үзэж байна. Одоогоор сул талыг нь олсон жолооч алга. Нүүрсэн дотроо чулуу, төмөр хийж үзсэн. Илрүүлээд л гаргаад ирж байна. Тэгэхээр нь машиныхаа кабины дээд хэсэг, суудлынхаа доор хөлдүү мах хийгээд хилээр гаргах гэж үзсэн гэнэ. Бас л илрүүлчихэж байна. Саяхан манайхны нэг жолооч машиныхаа дугуйнд хувцас, үстэй малгай хийгээд рентген аппаратаар шалгуулсан гаргаад л ирж байна гэсэн. Мөн машиныхаа доор, кабин, тэвшний ар хэсэгт  наад хэсгээр нь өөр машины төмөр гагнаад дунд хэсэгт нь багахан зай гаргасан жолооч олон  байна. Машины нэг газар ямар нэгэн зүйл өөрчлөгдсөн гэдгийг тэр дор нь илрүүлээд гаргаад ирж байна. Төхөөрөмж санах ойтой юм шиг байгаан. Өмнө нь нэвтэрсэн машины мэдээлэл серверт нь хадгалагддаг бололтой. Бага зэргийн зүйл өөрчлөгдөхөөр шууд дохиолол нь ажиллаад эхэлдэг. Ингээд л жолооч нар баригдчихаж байгаа юм. Том машин ингэж баригдаж байгаа юм чинь бага оврын ачааны машинаар ямар нэгэн зүйл хил нэвтрүүлнэ гэж саналтгүй.
Жолооч ингэж  ярилаа. Эмнэлгүүдэд байдаг рентген аппарат хүний биеийг хэдэн мянга хэрчиж эд эсээр нь салгаад, дэлгэцэн дээр гаргаад ирдэг гэж ярьдаг даа. Яг л түүн шиг төмөр, нүүрс гээд бүх зүйлсийг нэвт хардаг гэсэн.  Хятадын хилийн боомтын хяналт ингэж чангарчээ. Жолооч нар хууль бусаар ямар нэгэн зүйл Монголынхоо хилээр гаргачихаж чадаж байна. Гэсэн ч  Хятадын хил дээр баригдах болно. Хятадын хил дээр ямар нэгэн асуудалд орвол хууль нь чанга хатуу. Шууд л олон жилийн хорих ял сонсоод шоронд орно гэсэн үг. Тийм болохоор амь амьдралаараа дэнчин тавьж, хууль бус зүйл хийх хүн одоо гарахгүй биз ээ.
Эх сурвалж: Ногоон сэтгүүл
 
 rel=
Ховд аймгийн Булган боомт
© Дэлхийн байгаль хамгаалах сан

Нэн ховор амьтны эд эрхтэн хилээр гаргадаг хоёр улс дамнасан гэмт хэрэг

Амьтны эд эрхтэн хилээр хууль бусаар гаргадаг сүлжээ бий болоод олон жилийн нүүрийг үзэж байгаа билээ. Дорноговь аймгийн Замын-Үүд, Өмнөговь аймгийн Гашуунсухайт, Шивээхүрэн, Сүхбаатар аймгийн Бичигт, Ховд аймгийн Булган боомтоор хууль бус ангийн эд эрхтэн их хэмжээгээр хилээр  байнга гарч байгааг Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Мөрдөн байцаах газар, Эрүүгийн цагдаагийн газрын Байгаль орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийнхэн онцлон хэлж байна. Мөн хоёр улсын хилээр нэн ховор болон ховор амьтдын эд эрхтэн их хэмжээгээр хилээр гаргадаг томоохон сүлжээ гэмт хэргийн бүлэглэлийг БНХАУ-тай хамтран шалгаж байгаа гэдгийг албаны эх сурвалж онцолж байв.
Замын-Үүдийн хилийн боомтоор гэхэд  хоосон чингэлэг хилээр гаргах гэж байхад нь мэргэжлийн хяналтын байцаагч нар шалгасан байдаг. Чингэлгийн хананд төмрөөр тусгайлан хана хийж, түүнийхээ завсараар амьтны эд эрхтэн битүү хийж хилээр гаргах гэж байгаад баригдсан тохиолдол гарсан. Мөн Шивээхүрэн, Гашуунсухайтын хилийн боомтоор цоохор ирвэсний арьс, баавгайн савар, доньд, тархи, монгол бөхөнгийн эвэр их хэмжээгээр гаргах гэж байгаад баригдсан хэд хэдэн гэмт хэрэг гараад байгаа. Мөн өнгөрсөн жил Ховд аймгийн Булган хилийн боомтоор бугийн эвэр, чонын арьс, байгалийн чулуу зэргийг хилээр гаргах гэж байгаад баригдсан тохиолдол бүртгэгдсэн байна.   
Ховд аймгийн Булган боомтоор Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс зэрэг аймгаас хууль бусаар ангийн эд эрхтэн гаргадаг байна. Үүнд мэдээж хамгийн эхэнд бөхөнгийн эвэр хилээр гаргадаг гэнэ. Гэмт хэрэгтнүүд машиндаа тусгайлан эд зүйлс нуун гаргах зориулалт бүхий тоноглол хийдэг байна. Автомашины шалан дээр дахиж нэмж шал суурилуулдаг. Завсараар нь  хилээр гаргах зориулалт бүхий хууль бус зүйлсээ хийдэг байна. Мөн машины дээд хэсэг, шатахууны банк, машиныхаа доод хэсэгт тусгайлан байршуулсан хайрцаг хийдэг гэнэ. Монголын ан амьтдын эд эрхтэн энэ мэт аргаар хил гардаг ажээ. Монголын хил гааль автомашиныг шалгадаг рентген аппарат байхгүй. Зөвхөн мэргэжлийн хяналтын байцаагч болон, гаалийн ажилтнуул “мэдрэмжээрээ” шалгалт хийдэг ажээ. Хил гаалийнхан дэгээ төмөр шиг нарийхан төмөр барьчихаад машин бүрийг тогшиж үзээд явдаг. Тогшиж үзэх үед ямар нэгэн бөглүү дуу гарвал түүнийг нягтлан шалгадаг байна. Мэргэжлийн хяналт, гаалийн ажилтнуудын “мэдрэмж” худлаа биш байдаг ажээ. Автомашинд нь задаргаа хийж, шалгаад үзэхэд гар аргаар олборлосон алт, цоохор ирвэсний арьс, бугын чив, хүдэрийн заар, бөхөнгийн эвэр тэргүүтэй ан амьтны эд эрхтэн, байгалийн чулуу, чонын арьс гараад ирдэг гэнэ. Ховд аймгийн Булган боомт дээр жилдээ амьтны эд эрхтэн хилээр гаргах гэсэн арав гаруй хууль бус зөрчил илэрдэг гэдгийг хил гаалийнхан бидэнд хэлж байв.
Хятадын ченжүүд манай улсын иргэнийг наймаа тохироогүй шалтгаанаар  барьж өгсөн
Амьтны эд эрхтэн хилээр хэрхэн нэвтэрдэг, БНХАУ-ын ченжүүд монголчуудтай хэрхэн холбогддог талаар өөрийнхөө нэрийг нууцлахыг хүссэн нэгэн албаны эх сурвалжтай  цөөн хором ярилцсан юм.
-Хууль бус ангийн эд эрхтэн хилээр хэрхэн гаргадаг талаар ярилцлагаа эхлэх үү?
-Энэ талаар ярихаас өмнө Монголын газар нутагт хууль бус ангийн хэрэг хэрхэн үйлдэгдэж байгаа талаар ярьмаар. Ховд, Говь-Алтай аймгийн түүхий эд байнга худалдаж авдаг ченжүүд болон зах дээр худалдаа наймаа эрхэлж байгаа хүмүүс хууль бус ангийн эд эрхтэн наймаалдаг гол сүлжээний эзэд гэж хэлж болно. Тэд БНХАУ-ын хууль бусаар амьтны эд эрхтэн худалдаж авдаг ченжүүдтэй холбоотой. Мөн сум орон нутгийн ан хийх сонирхолтой хүмүүстэй ч холбоотой байдаг. Ингээд хятадын ченжүүдтэй уулзаж ямар амьтны эд эрхтэн хэрэгтэйг асууж тодруулдаг. Ингээд өөрсдийн ан агнадаг хүмүүстээ тийм амьтны эд эрхтэн тэдэн ширхэг хэрэгтэй гэх мэтээр захиалга өгдөг. Ингээд хэсэг хугацааны дараа анчид эд эрхтнийг нь авчирдаг.
-Хөдөө орон нутагт  байгаль хамгаалагч, цагдаа нар байдаг биз дээ?
-Байнга хяналт шалгалтаар яваад байх боломж цагдаа нар болон аймгуудын байгаль орчны газар, мэргэжлийн хяналтын байцаагч, сумын байгаль орчны байцаагч нарт байхгүй. Ерөөсөө санхүүгийн баригдмал орчинд байдаг. Үүнийг хууль бус анчид овжин ашиглаж байна. Хөдөөгүүр ихэвчлэн хамаатан садангаараа айл саахалт нутаглаж байна. Тэгэхээр хаана ямар амьтан байгаа. Түүнийг хүнд мэдэгдэхгүй хэрхэн агнах вэ гэдгийг хууль бус анчид сайн мэддэг. Ингээд амьтнаа унагаад эд эрхтнийг нь аваад аймаг руу явдаг. Ченжүүдэд түүнийгээ хямд үнээр худалдаалдаг. Ченжүүд амьтны эд эрхтнээ тусгайлсан хөргөгч, хөлдөөгчинд хадгалж байгаад хилээр нууц хэлбэрээр гаргана. Нүүрсний компаниудын жолооч болон байнга хилээр гарч ордог машины жолооч нартай тохиролцдог. Өдөр бүр ачаа бараатай  хилээр гарч ордог болохоор хил гаалийнхан шалгахаа больчихдог. Тийм хүмүүс хил гаалийнхантай бүр сайн танил болчихсон байдаг. Ингээд хилийн цаана бараагаа хүлээж аваад хятадуудад өгдөг. Хятад ченжүүд Монголын иргэдээс  анх худалдаж авсан үнээс хоёр дахин илүү үнээр авдаг. Хил гааль дээрх асуудлыг ч гэсэн өвөрмонголчуудтай нийлж зохицуулж хяналт шалгалтыг давуулдаг юм.
-Хууль бусаар амьтны эд эрхтэн хилээр гаргаж байгааг манай улсын хууль хяналтын байгууллагынхан мэддэг үү?
-Мэддэг юмаа. Гэвч танилаараа дамжин нэг тал болсон байх нь элбэг. Ард нь мөнгөний асуудал яригддаг болохоор хоёр улсын хилийнхэн үүнийг нээх их тоодоггүй юм шиг байна лээ. Мөн ихэвчлэн нэг нутаг усны хүмүүс байдаг болохоор хил гаалийн ажилтнуудад хууль бус ангийн хэргийг илрүүлээд байх сонирхол бага байдаг юм. Хааяа янз бүрийн зүйлс хилээр гарч байгаа талаар мэдээлэл гардаг биз. Тэр болгон бусад хүний цаанаасаа өгсөн мэдээллийн дагуу илрүүлсэн ажлууд байдаг. Саяхан гэхэд манай улсын хоёр залуу Булган боомтоор бөхөнгийн эвэр Хятадын талд гаргаж байгаад баригдсан. Тэднийг Хятадын ченжүүд хил гаалийнхандаа хэлж барьж өгсөн гэх мэдээлэл иргэдийн дунд гараад байгаа. Өмнө нь бөхөнгийн эвэр гаргахдаа хүмүүстэйгээ тохиролцоонд хүрч чадахгүй өөр хүмүүс өгчихсөн юм шиг байна лээ. Энэ мэт  хууль бус ангийн эд эрхтэн хоёр улсын хилээр “ногоон гэрлээр нэвтэрч” байна.
Эх сурвалж: Ногоон сэтгүүл