Тусгай хамгаалалттай газар | WWF

Тусгай хамгаалалттай газар



 rel=
Khan Khentii PA
© WWF Mongolia

Улсын тусгай хамгаалалттай газар нутаг Монголчууд эрт дээр үеэс байгалийн үзэсгэлэнт газар, ховор амьтнаа дархлан хамгаалж, онголон тахиж ирсэн өнө эртний хосгүй уламжлалтай билээ. Энэ асуудлыг төрийн бодлогодоо тусгаж өндөр ач холбогдол өгдөг байсны илрэл нь Чингэс хааны “Их засаг” хууль, Ойрадын цааз болон 16-р зууны үеийн хууль цаазат бичиг “Халх журам” зэрэг Монгол улсын хууль тогтоомжуудад нарийн тусгасан явдал юм. “ Халх журам”–д Богдхан уул, Хан Хэнтий, Хөгнөхаан, Жаргалтхаан, Баян, Суман, Улаан, Төвхөнхаан зэрэг байгалийн үзэсгэлэнт 14 ууланд ан агнах, газар хөндөх, мод огтлохыг хориглон зарлаж байв. Тэнгэрийг тэтгэсний 44 дүгээр он буюу 1778 онд Богдхан уулыг албан ёсоор дархалж 1809 оноос эхлэн 28 амыг цагдаатай болгож нутаг дэвсгэрт орох зөвшөөрлийг Богд хаан гардан олгодог байжээ. 1818 онд Отгонтэнгэр, Булган уулыг албан ёсоор дархлагдсан газар болгон зарлаж байв. 1911 онд Богдхаант Монгол улсыг тунхагласны дараа Богд уулыг “Богд хайрхан уул” гэж нэрлэн, уулыг хамгаалах захиргаа байгуулж байжээ. Иймээс ч Оросын эрдэмтэн И.Д.Лаптаев: ”Монголчууд байгальтай харьцах талаар Европчуудаас олон зуун жилээр түрүүлсэн байлаа…” хэмээн бичжээ.Үүнээс хойш 1950-иад оны үеэс газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах дэс дараатай арга хэмжээ авч эхэлсэн байна. Тухайлбал: 1957 онд Батхаан, Нагалхаан, 1965 онд Урантогоо-Тулга–Жалавч, Булган уул, Ёлын ам, Лхачинвандад уул зэрэг газруудыг БНМАУ-ын Ардын Их  Хурлын Тэргүүлэгчидийн зарлигаар дархан цаазтай болгосон байна.Мөн 1975 онд говийн байгаль, ховор амьтдыг хамгаалах зорилгоор Говийн их дархан газар, 1977 онд Хөх сэхийн нурууг тус тус дархалжээ. БНМАУ-ын СНЗ-өөс “БНМАУ-ын дархан газрын дүрэм”-ийг 1975 онд баталсан байна. 1991 онд ЗГ-аас “Тусгай хамгаалалттай газрын дүрэм” батлан, тусгай хамгааллттай горим, дэглэмийг тодорхойлж, улсын тусгай хамгаалалттай газар нутгийг 4 ангилалд оруулсан нь улсын тусгай хамгаалалттай газар нутгийн нэгдсэн сүлжээг бүрдүүлэх эхлэл болсон юм. 1997 онд “Улсын тусгай хамгаалалттай газар нутийн орчны бүсийн тухай” Монгол улсын хуулиуд шинээр гарч улмаар 1995 онд дархан цаазат газар, байгалийн цогцолборт газрын нийтлэг болон тусгай горимыг Засгийн газар, 1998 онд “Тусгай хамгаалалттай газар нутгийн үндэсний хөтөлбөр”-ийг УИХ батлан гаргаж мөрдүүлснээр тусгай хамгаалалттай газар нутгийн талаархи эрх зүйн үндэс үндсэндээ бүрдээд байна гэж үзэж болно.Өнөөдөр Төрийн бодлого, хууль тогтоомжуудыг хэрэгжүүлэх хүрээнд 30 орчим дүрэм, журам, заавар эрх бүхий байгууллагуудаар батлагдан хэрэгжиж байна.

Өнөөдөр тус улсын нутаг дэвсгэрийн 13,99% хувь буюу 21,8 сая га талбай бүхий 61 газар улсын тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээнд хамрагдаад байна.

Ангиллын хувьд:

-Дархан цаазат газар 12 буюу нийт хамгаалалттай газар нутгийн 48,21% •                     Байгалийн цогцолборт газар 22 буюу нийт хамгаалалттай газар нутгийн 42,16%                       Байгалийн нөөц газар 19 буюу нийт хамгаалалттай газар нутгийн 9,16% •                     Дурсгалт газар 8 буюу нийт хамгаалалттай газар нутгийн 0,47%-г эзэлдэг.Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтыг 24 хамгаалалтын захиргаа, зарим байгалийн дурсгалт болон нөөц газруудыг харьяа аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар хариуцаж үйл ажиллагаа явуулдаг.

Дэлгэрэнгүй...

Сургалтын хөтөлбөрийн үндэслэл гаргалаа

Тусгай хамгаалалттай газар нутаг (ТХГН)-ийн мэргэжилтэн, байгаль хамгаалагчдын чадавхийг дээшлүүлэх сургалтын хөтөлбөрийн үндэслэл гаргалаа.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалтай нутгийн Удирдлагын газар, Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газартай хамтран хэрэгжүүлж буй “Биологийн төрөл зүйлийн конвенцийн ТХГН-ийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Монгол улсад дэмжлэг үзүүлэх нь” төслийн хүрээнд Тусгай хамгаалалттай газрын мэргэжилтэн, байгаль хамгаалагчдын чадавхийг дээшлүүлэх сургалтын хөтөлбөр боловсруулахаар ажиллаж байна. Энэ хөтөлбөрийн үндэслэлийг гаргах зорилгоор холбогдох хууль, тогтоомж, ТХГН-ийн мэргэжилтэн байгаль хамгаалагчдын ажлын байрны тодорхойлолт, байгаль орчны чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг их дээд сургуулиудын хөтөлбөрийг харьцуулан судаллаа. “ТХГН-ийн мэргэжилтэн, байгаль хамгаалагчдыг чадавхижуулах хөтөлбөрийн үндэслэл гаргах үйл ажиллагааны тайлан”-тай танилцахыг хүсвэл энд дарна уу.

Тусгай хамгаалалттай газар нутгийн хөтөлбөрийн хэрэгжилтийн ээлжит үнэлгээ

Биологийн төрөл зүйлийн конвенцийн Оролцогч талуудын 2004 оны ээлжит 7-р хуралдаанаар “Тусгай хамгаалалттай газар нутгийн хөтөлбөр”-ийг баталсан билээ. Хөтөлбөрийн хэрэгжилтийг 2 жил тутам үнэлдэг. Энэхүү үнэлгээг Монгол улс хоёр дахь удаагаа хийгээд байна. Дэлгэрэнгүйг англи хэл дээр энд дарж үзнэ үү.

Тусгай хамгаалалттай газрын менежментийн төлөвлөгөөний хэрэгжилт, үр дүн сэдэвт сургалт-семинар явагдлаа

Тусгай хамгаалалттай нутгийн хамгаалалтын горимыг сайжруулах, үр ашигтай байлгах зорилгоор менежментийн төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлдэг. Алтай Соёны экобүс нутгийн Монголын дахь хэсгийн Тусгай хамгаалалттай газар нутгуудын менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг дүгнэх, туршлага солилцох, менежментийн төлөвлөгөөний хэргэжилтэнд учирч буй бэрхшээлээс гарах арга замыг хамтран тодорхойлох зорилгоор “Тусгай хамгаалалттай газрын менежментийн төлөвлөгөөний хэрэгжилт, үр дүн” сэдэвт сургалт-семинарыг 2008 оны 12 дугаар сарын 08-09-ны өдрүүдэд Ховд аймгийн төвд зохион байгуулав.

Сургалт-семинарт Алтай Соёны экобүс нутагт орших 6 дархан цаазат газар, 10 байгалийн цогцолборт газар, 2 байгалийн нөөц газрыг хариуцсан 7 хамгаалалтын захиргааны 25 мэргэжилтэн, удирдлагын хүмүүс оролцлоо. Та энд дарж сургалт-семинарын тайлантай танилцана уу.