Бид үүнийг баримтална | WWF

Бид үүнийг баримтална



 rel=
Цоохор ирвэс гүемийн хамт
© Дэлхийн байгаль хамгаалах сан

Цоохор ирвэс

-Цоохор ирвэсийг хамгаалах чиглэлээр ажиллаж байгаа олон улсын болон дотоодын байгууллагуудтай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах замаар хамгааллын
ажлыг давхардуулж, хүчээ тарамдуулахгүй байх чиглэл баримтална. 
-Цоохор ирвэсийг хамгаалах үйл ажиллагаа аливаа бизнесийн байгууллагын ашиг сонирхолд хэт анзаарагдах, тэдний бизнесийн арга хэрэгсэл болох эрсдэлтэйг анхаарч, тодорхой төлөвлөгөөтэй ажиллана.
- Цоохор ирвэсийн  амьдрах орчны холбоос нутгуудын хэмжээг өргөтгөх, идэш тэжээл бологч амьтдыг хамгаалах, нутгийн иргэдэд түшиглэсэн хамгааллын ажлыг чухалчлах зэргээр сонгосон тодорхой газруудад ирвэсийн тоо толгойг бууруулахгүй байх хамтын хамгааллын үйл ажиллагаа явуулна.
-Шинжлэх ухаанд хүлээн зөвшөөрөгдсөн аргуудаар цоохор ирвэсийг талуудтай хамтран судалж мэдээлллийн нэгдсэн сантай болоход чиглэсэн бодлого баримтална.
-Цоохор ирвэс, хүн хоорондын зөрчлийг бууруулах зорилгоор эрсдэлд суурилсан хамгааллын менежментийн үр дүнтэй аргыг сонгож ажиллана.    
-Хууль бус агнуурыг бууруулахад нутгийн иргэд, хууль, хяналтын байгууллагуудтай хамтарна.     
 
 rel=
Монгол бөхөн
© Дэлхийн байгаль хамгаалах сан

Монгол бөхөн

-Монгол бөхөнгийн одоогийн болон түүхэн тархац нутгийн хүрээнд улсын болон орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг нэмэгдүүлэх, ашигт малтмал, газрын тос ашиглах зорилгоор эдгээр газрыг чөлөөлөхгүй байхад идэвхи санаачилга гаргана.
-Халдварт өвчний дэгдэлтийн үеэр хэрэгжүүлэх тусгай хөтөлбөр боловсруулж, өвчний тархалтыг бууруулахад талуудыг манлайлан оролцоно.      
-Монгол бөхөнгийн чөлөөтэй нүүдэллэх нөхцөлийг хадгалан, байгалийн жамаар түүхэн тархац нутагтаа сэргэн нутагших үйл явцыг дэмжих болон сэргээн нутагшуулахад шаардлагатай судалгаа хийх зэрэг цогц арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
-Монгол бөхөнгийн генийн чадамжийн судалгааг нарийвчлан хийх замаар бөхөнгийн сүргийг хадгалан үлдэх стратеги боловсруулж хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана. 
-Монгол бөхөнгийн шилжилт хөдөлгөөн, тархалт, тоо толгойн талаар мэдээлэл цуглуулах, амьдрах орчны байдлыг алдагдуулахад нөлөөлдөг байгалийн болон хүний хүчин зүйлсийг тодорхойлох, мэдээллийн сан бүрдүүлэх мониторинг, судалгааны ажилд анхаарал хандуулж талуудтай хамтран ажиллана.
-Монгол бөхөнгийн хууль бус агнуур, эд эрхтний хууль бус худалдааны сүлжээг таслан зогсооход нутгийн иргэд, хууль, хүчний байгууллагуудтай хамтран ажиллана.     
 
 rel=
Ой мод
© Дэлхийн байгаль хамгаалах сан

Ой

Байгаль хамгааллын өндөр ач холбогдол бүхий ойг улсын болон орон нутгийн тусгай хамгаалалттай нутгийн сүлжээнд нэмж хамруулах ажлыг үр дүнд хүргэхэд талуудтай хамтарна.
-Нутгийн иргэдэд түшиглэсэн ойн менежментийн үр ашгийг дээшлүүлэхэд онцгой анхаарч, шаардлагатай дэмжлэг үзүүлнэ. 
- Улсын тусгай хамгаалалттай газрын гадна орших ойд нөөцийн тогтвортой ашиглалт, хамгаалалт, биологийн олон янз байдлын хамгааллыг сайжруулах чиглэлээр төрийн, төрийн бус, ойн мэргэжлийн байгууллагууд, хувийн хэвшил болон бусад талуудтай хамтран ажиллана.   
- Монгол орны ойн экосистемийг доройтуулж буй шалтгаан, түймрийн аюулыг багасгах чиглэлээр талуудтай хамтран ажиллаж хүлэмжийн хийн шингээлтийг сайжруулна.
- Ойн экосистемийн үйлчилгээний төлбөрийг бий болгох, ойн нөөцийн тогтвортой ашиглалтын механизмыг бий болгоход чиглэсэн судалгаа шинжилгээ хийх, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр талуудтай хамтран ажиллана.  
 
 rel=
Цагаан зээр
© Дэлхийн байгаль хамгаалах сан

Туруутаны нүүдэл

-Зэрлэг амьтны нүүдэл, шилжилт хөдөлгөөнийг тасалдуулахгүй байхад чиглэсэн улсын стандартыг мөрдөх ажлыг үр дүнд хүргэх зорилгоор эрдэмтэд, байгаль хамгааллын бусад байгууллагатай хамтран авто, төмөр зам барих компанид мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлнэ. 
- Цагаан зээр, монгол бөхөн, аргаль хонь зэрэг зүйлүүдийн шилжилт хөдөлгөөнийг сансрын дохиолол бүхий хүзүүвч зүүн судалж, нүүдэлд саад болж буй хүчин зүйл, үржил, төллөлт явагддаг газруудыг тодорхойлж хамгааллын арга хэмжээнд тусгахад анхаарна.  
- Нүүдэллэдэг туруутнуудын үржил, төллөлт явагддаг газруудыг бүхэлд нь болон хэсэгчлэн хамгаалалтад авч ТХГН-ын сүлжээнд хамруулахад идэвхи санаачилга гаргана.      
-Зэрлэг амьтдын нүүдлийн зүйлүүдийг хамгаалах Боннын конвенцийн зорилго, үйл ажиллагааг сурталчилах, нүүдлийн зүйлүүдийн хамгааллын статусыг сайжруулахад анхаарал хандуулна. 
-Нүүдэллэдэг туруутан амьтдын идэш тэжээл болсон бэлчээр доройтож байгаа шалтгааныг тодорхойлох, бэлчээртэй холбоотой сөрөг нөлөөг зохицуулах хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгоход талуудтай хамтарна.                
 
 
 rel=
Хар-Ус нуур
© Дэлхийн байгаль хамгаалах сан

Цэнгэг ус

-Усны сан бүхий газар, урсац бүрэлдэх эхийн байгалийн хилийг хянан баталгаажуулж, гарсан үр дүнг шийдвэр гаргагчдад сурталчилж, улмаар төрийн захиргааны төв байгууллага, орон нутгийн ИТХ-аар шийдвэр гаргуулах замаар хэрэгжүүлэхэд аргазүйн дэмжлэг үзүүлнэ.  
-Алтай Соён, Амар мөрний эко бүс нутагт усны нөөцийн менежментийг бэхжүүлэх, Усны тухай хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь Сав газрын захиргаанд мэргэжил арга зүйн зөвлөмж, тодорхой дэмжлэг үзүүлж усны нөөцийн хомсдолоос урьдчилан сэргийлэх нөхцлийг бүрдүүлнэ.    
-Сэргээгдэх эрчим хүч, усны барилга байгууламжийг(усан цахилгаан станц, далан) нэмэгдүүлэх төрийн бодлогыг бидэнд тулгарч буй сорилт гэж үзэх бөгөөд үр дагаврыг тооцох үүднээс усан цахилгаан станцын хуримтлагдах байдлын  нөлөөллийн үнэлгээг Алтай Соёны эко бүс нутагт хийлгэж дүгнэлт, зөвлөмжийг шийдвэр гаргагчдад танилцуулна. Энэ асуудлаар төрд зөвлөгөө өгөх чиглэлийг баримталж ажиллана.        
 -Усны нөөц, ашиглалтын төлбөрийн орлогыг байгаль хамгаалалд зарцуулах бодлогын хэрэгжилтийг хангуулах, сайжруулах зэрэг хөндлөнгийн болон талуудын хяналтыг нэмэгдүүлэх ажилд тодорхой дэмжлэг үзүүлнэ.