Нутгийн малчин залуус монгол бөхөн хамгаалалд оролцож байна | WWF

Нутгийн малчин залуус монгол бөхөн хамгаалалд оролцож байна



Posted on 13 December 2019
Зохион байгуулагчдын ярьснаар тэмээтэй 14 залуу болон бөхөн хамгаалах сүлжээ багийн гишүүд аянд нэгдсэн бөгөөд тэд бөхөнгийн тархац нутагт амьдардаг 60 өрхийн 100 гаруй малчидтай уулзаж бэлчээр, монгол бөхөнгийн үнэ цэнийн талаар сурталчилжээ.
© ДБХС
Энэ жил Алтай-Соёны бүсийн ихэнхи нутгаар  бэлчээрийн гарц муу, өвөл цас их орж хүйтрэх төлөвтэй байгаа нь монгол бөхөн идэш тэжээлийн хомсдолд орж  тоо толгой нь улам цөөрөх аюул ойрхон байна. Тэр тусмаа монгол бөхөнгийн тархац нутагт малчид олноороо нутаглаж байгаа нь бэлчээрийн хомсдол үүсгэж зэрлэг амьтан ч, гэрийн мал ч идэш тэжээлгүй болох магадлалтай байгаа юм. Тиймээс Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь  хөтөлбөрийн газар бэлчээрээ хэрхэн зохистой ашиглах талаар малчдын сэтгэгдлийг сонсох, малчдад монгол бөхөнгийн үнэ цэнийг сурталчлах зорилгоор “Тэмээтэй залуус” явуулын аяныг 2019 оны арваннэгдүгээр сард зохион байгууллаа. Энэ аян онцлогтой байлаа. Учир нь, аянд нутгийн малчин залуус оролцсон бөгөөд тэд зөвхөн тэмээ хөлөглөж явуулын сурталчилгаа хийсэн юм. Зохион байгуулагчдын ярьснаар тэмээтэй 14 залуу болон бөхөн хамгаалах сүлжээ багийн гишүүд аянд нэгдсэн бөгөөд тэд бөхөнгийн тархац нутагт амьдардаг 60 өрхийн 100 гаруй малчидтай уулзаж бэлчээр, монгол бөхөнгийн үнэ цэнийн талаар сурталчилжээ.
Малчид ”Энэ жил монгол бөхөн их цөөхөн байна. Арай ч ингэж ховорддоггүй юмсан. Өвөл хэцүүхэн л болох байхдаа” гэж ярьж байлаа. Түүнчлэн бэлчээрийн талаар ч санал бодлоо хуваалцжээ. ”Бэлчээрийг хуваарьтай ашигладаг болох хэрэгтэй. Энд эрх зүйн зохицуулалт дутагдаж байна. Олон малтай байхын оронд чанартай цөөн малтай байх нь эдийн засгийн хувьд ч, бэлчээрийн даацад ч хэрэгтэй.” гэж малчид санал нэгтэй хэлж байв.
Сүүлийн гурван жилд бог малын мялзан төст өвчин,  идэш тэжээлийн хомсдол, их хүйтрэлийн улмаас монгол бөхөн олноороо хорогдож 2018 оны арванхоёрдугаар сарын тооллогоор 3800 хүрэхгүй үлджээ. Уг нь, 2014 оны байдлаар монгол бөхөнгийн тоо толгой 14 мянгад хүрч, тархац нутгаа тэлж байв. Харамсалтай нь, 2016 оны сүүлээр дэгдсэн бог малын мялзан өвчний улмаас тоо толгой нь эрс цөөрч эхэлсэн. Хэдийгээр өвчний тархалт зогссон боловч 2017, 2018 онд жил дараалан үргэлжилсэн ган, зуд, идэш тэжээлийн хомсдол монгол бөхөнгийн тоо толгой цөөрөх шалтгаан болсоор байна.
Зохион байгуулагчдын ярьснаар тэмээтэй 14 залуу болон бөхөн хамгаалах сүлжээ багийн гишүүд аянд нэгдсэн бөгөөд тэд бөхөнгийн тархац нутагт амьдардаг 60 өрхийн 100 гаруй малчидтай уулзаж бэлчээр, монгол бөхөнгийн үнэ цэнийн талаар сурталчилжээ.
© ДБХС Enlarge