| WWF



Бидний засаглал

Дэлхийн   байгаль   хамгаалах   сан   (WWF)-гийн  Монгол  дахь  хөтөлбөрийн  газар  Ази, Номхон далайн орнуудын хөтөлбөрийг хариуцсан  менежерийн  удирдлага дор үйл ажиллагаа явуулдаг. Мөн Алтай-Соён, Амар мөрний хөтөлбөрүүдийн бүсийн Удирдах  зөвлөлүүд хөтөлбөрийг  боловсруулах,  менежментийг   хариуцах   үүрэгтэй.  Харин   тус   хөтөлбөрийн газрын  Захирлын   удирдлага дор Байгаль хамгааллын захирал, Хөгжил хариуцсан захирал, Санхүү хариуцсан захирлаас бүрдсэн Менежментийн Удирдах зөвлөл хөтөлбөрийн хүрээнд шийдвэр гаргах үүргийг хүлээдэг.            
Хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ Байгаль хамгаалах захирлын удирдлага дор экобүс нутгийг    хариуцсан хоёр менежер удирдан зохион байгуулж, Ховд, Хэнтий аймгийн Дадал суманд  байрлах  хоёр салбараар дамжуулан байгаль  хамгааллын  үйл  ажиллагаа  явуулдаг. Шаардлагатай үед богино хугацааны гэрээт мэргэжилтнүүдтэй хамтран ажилладаг. Хөгжил хариуцсан захирал Мэдээлэл харилцаа, маркетинг, хөрөнгө санхүүжилт босгох ажлыг удирдана.             
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар нь үндэсний болон орон нутгийн түвшинд идэвхтэй үйл ажиллагаа явуулж    байгаа    нь    бусад    байгаль    хамгаалах    байгууллагуудтай харьцуулахад гол давуу тал юм. Түүнчлэн  бүс  нутгуудад  урт хугацаанд  ажиллаж  байгаа  нь  тогтвортой  хамгааллыг  хангахад  чухал үүрэгтэй.        
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын  гол  санхүүжүүлэгчээр  сүүлийн жилүүдэд Герман,  Голланд, АНУ-ын  Дэлхийн  байгаль  хамгаалах сангууд, МАВА (MAVA) сан ажиллаж байна. Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын  яамнаас  хэрэгжүүлж  буй олон  улсын  хандивлагч  агентлагуудын байгаль хамгаалал, амьжиргаа сайжруулах  төслүүдэд  бид  мэргэжлийн байгууллагын   хувьд   хамтран ажиллаж, амжилттай хэрэгжүүлж ирсэн түүхтэй.  Мөн манай байгууллага Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк (ADB), НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр (UNDP), НҮБ-ын байгаль орчны байгууллага (UNEP) зэрэг олон улсын томоохон хандивлагчдын төслүүдийг үр дүнтэй хэрэгжүүлсэн, цаашид ч хэрэгжүүлэх чадамжтай, арвин туршлагатай юм.