Гутайг улсын тусгай хамгаалалтад авлаа | WWF

Гутайг улсын тусгай хамгаалалтад авлаа



Posted on 12 May 2020
Ингэснээр улсын тусгай хамгаалалттай газар нутгийн талбайн хэмжээ 32,891,617 га-д хүрч, нийт нутаг дэвсгэрийн 21 хувийг эзлэх юм.
© ДБХС
УИХ-ын чуулганы хуралдаанаар "Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай” тогтоолын төслийг эцэслэн баталлаа.  Тогтоолд байгалийн бүс, бүслүүрийн онцлог хэв шинж, унаган төрх, байгалийн өвөрмөц тогтоц, түүх, соёл, шинжлэх ухаан, танин мэдэхүй, экологийн хувьд онцгой ач холбогдол бүхий шинээр 5, өргөтгөлөөр 4, нийт 9 газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авахаар тусгасан юм.
Эдгээр 9 газар нь 6 аймгийн 13 сумын 1,291,249.48 га талбайг хамарч байна. Ингэснээр улсын тусгай хамгаалалттай газар нутгийн талбайн хэмжээ 32,891,617 га-д хүрч, нийт нутаг дэвсгэрийн 21 хувийг эзлэх юм. Рамсарын жагсаалтад бүртгэгдсэн Хурх Хүйтэний голын хөндий, Ачит нуур орчмын газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авснаар эдгээр газруудын хамгааллын статусыг дээшлүүлж Монгол Улс Рамсарын конвенцид нэгдсэн орны хувьд олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж байгаа билээ.
Түүнчлэн Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумын нутагт орших Гутайн давааг улсын тусгай хамгаалалтад авсан нь байгаль хамгааллын талаасаа маш чухал шийдвэр боллоо. Ингэснээр тухайн газарт алт олборлохыг хориглож байгаа юм.  Хэрвээ алт олборлолт эхэлсэн бол Хэнтий аймгийн найман сумын 20 мянга гаруй хүнийг ундаалдаг Онон гол, улмаар Онон голын сав газрын байгаль экологид нөхөж баршгүй хохирол учруулах эрсдэлтэй байлаа . Онон бол олон улсын хамгаалалтад орсон Амар мөрний эх юм.
Тусгай хамгаалалтад орсон газрууд:
1/ Онон Балжийн байгалийн цогцолборт газрын хилийн заагт Хэнтий аймгийн Дадал, Биндэр сумын зарим хэсгийг хамруулан өргөтгөлөөр,
2/ Дэвэлийн аралын байгалийн нөөц газрын хилийн заагт Увс аймгийн Ховд, Бөхмөрөн сум, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутагт орших Ачит нуурыг хамруулан өргөтгөж байгалийн цогцолборт газрын ангиллаар,
3/ Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт орших Хомын талыг байгалийн цогцолборт газрын ангиллаар,
4/ Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумын нутагт орших Гутайн даваа-Хөмүүл голын эхийг байгалийн цогцолборт газрын ангиллаар,
5/ Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт орших Хан уул орчмын газрыг Хангайн нурууны байгалийн цогцолборт газрын өргөтгөлөөр,
6/ Алтан хөхий уулын байгалийн нөөц газрын хилийн заагт Ховд аймгийн Мянгад сумын зарим хэсгийг хамруулан өргөтгөлөөр,
7/ Баянхонгор аймгийн Гурванбулаг, Завхан аймгийн Отгон сумын нутагт орших Хөх нуур-Бумбат орчмын газрыг байгалийн нөөц газрын ангиллаар,
8/ Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Батширээт, Биндэр, Баян-Адрага сумын нутагт орших Хурх хүйтний хөндий орчмын газрыг байгалийн нөөц газрын ангиллаар,
9/ Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт орших Баянхонгор хайрхан уулыг дурсгалт газрын ангиллаар авчээ.
Ингэснээр улсын тусгай хамгаалалттай газар нутгийн талбайн хэмжээ 32,891,617 га-д хүрч, нийт нутаг дэвсгэрийн 21 хувийг эзлэх юм.
© ДБХС Enlarge