Зүүн бүсийн чиглэлийн замд тэмдэг, тэмдэглэгээ хийлээ | WWF

Зүүн бүсийн чиглэлийн замд тэмдэг, тэмдэглэгээ хийлээ



Posted on 20 January 2020
Энэ удаа мэргэжилтнүүд Сүхбаатар аймгийн Баруун-Урт-Хөлөнбуйр хүртэлх 543 км авто замын дагуу цагаан зээрийн сүрэг дамжин өнгөрдөг газруудад 30 ширхэг тэмдэг, тэмдэглэгээ хийлээ.
© ДБХС
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь  хөтөлбөрийн газар Сүхбаатар аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газартай хамтран нутгийн зүүн бүсийн чиглэлийн замд тэмдэг, тэмдэглэгээ хийлээ. Зүүн бүсийн авто зам дээр зэрлэг амьтан дамжин гарч болзошгүйг анхааруулсан тэмдэг, тэмдэглэгээ байхгүй нь энэхүү ажлыг хийх үндэслэл болсон юм. Энэ удаа мэргэжилтнүүд Сүхбаатар аймгийн Баруун-Урт-Хөлөнбуйр хүртэлх 543 км авто замын дагуу  цагаан зээрийн сүрэг дамжин өнгөрдөг газруудад 30 ширхэг тэмдэг, тэмдэглэгээ хийлээ. Ингэснээр жолооч нар зэрлэг амьтан гарч ирж болзошгүй газруудад хурдаа сааруулж тэр хэрээр зэрлэг амьтад осолдох магадлал буурах юм. 
Дашрамд сонирхуулахад, Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь  хөтөлбөрийн газар, талуудын хамтын хүчин зүтгэлийн дүнд “Тал хээр, говь цөлийн дагуух  зэрлэг амьтдад зориулсан гарц байгуулах” стандартыг 2015 онд Монгол Улс төв Азийн орнуудаас анх удаа баталсан юм. Харин гурван жилийн дараа “Уулархаг нутгийн зам, замын байгууламжийн дагуу зэрлэг амьтдад зориулсан гарц байгуулах” стандартыг батлуулсан билээ.  Ингэснээр шинээр авто зам болон төмөр зам тавихдаа зэрлэг амьтдад зориулсан гарц заавал байгуулах ёстойг стандартчилсан юм. Хэдийгээр стандартай болсон ч хэрэгжилтийг хангах нь маш чухал. Тиймээс Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь  хөтөлбөрийн газар талуудтай хамтран стандартыг сурталчлах цуврал уулзалтыг зохион байгуулж байгаа юм. Түүнчлэн шинээр барихаар  төлөвлөж буй замуудад гарц, гарам хийх боломжит газар нутгийг тодорхойлох судалгаа, мониторинг  хийж байна.  
Энэ удаа мэргэжилтнүүд Сүхбаатар аймгийн Баруун-Урт-Хөлөнбуйр хүртэлх 543 км авто замын дагуу цагаан зээрийн сүрэг дамжин өнгөрдөг газруудад 30 ширхэг тэмдэг, тэмдэглэгээ хийлээ.
© ДБХС Enlarge