Найман цагаан зээрэнд сансарын дохиолол бүхий хүзүүвч зүүлээ | WWF

Найман цагаан зээрэнд сансарын дохиолол бүхий хүзүүвч зүүлээ



Posted on 28 October 2019
Зээрэнд хүзүүвч зүүснээр энэ амьтны нүүдлийн замыг мэдэх боломж гардаг
© ДБХС
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар Тотторигийн их сургуультай  хамтран Дорноговь аймгийн Хатанбулаг суманд найман цагаан зээр барьж  сансарын дохиолол бүхий хүзүүвч зүүлээ.
Улаанбаатар-Замын-Үүдийг холбосон төмөр замын хаагуур нь цагаан зээр шилжилт хөдөлгөөн хийж байгааг судлах, шинээр баригдах төмөр замд зэрлэг амьтдад зориулсан гарц байгуулах боломжит газрыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тодорхойлоход судалгааны зорилго оршиж байна. 2019 оны 10 дугаар сард явагдсан судалгааны ажилд Дорноговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтнүүд, байгаль хамгаалагчид болон нутгийн иргэд оролцлоо.       
Цагаан зээрийг барьж, хүзүүвчлэх ажлын чухал хэсэг нь тор татах байлаа. 1.5 метрийн өндөртэй, олсоор хийгдсэн торыг зээрэнд харагдахгүй байх газрыг сонгож байршуулсан. Энэ тор нь олсоор хийгдсэн учир амьтны биед механик гэмтэл учруулахгүй. Зээр ирээд мөргөх үед тор амархан унах байдлыг тооцоолон шонгуудыг газарт гүехэн суулгаж, торыг сул татсан юм.  Мэргэжилтнүүд машин, мотоцикль ашиглан цагаан зээрийн сүргийг тор руу алгуурхан чиглүүлсэн. Торонд дөхөх үед цөөн тооны цагаан зээрийг тасдан хөөж торонд шахан  оруулж барьжээ. “Зээрийг торонд оруулж барьсны дараа  тайвшруулах  зорилгоор  нүдийг  нь зөөлөн даавуугаар боож, аль болох чимээ гаргахгүй байсан. Хүзүүвчээ зүүж нас, хүйсийн мэдээлэл авсны дараа буцааж тавьсан. Нэг зээрэнд таван минутаас хэтрэхгүй хугацаа зарцуулсан. Зээрэнд хүзүүвч зүүснээр энэ амьтны нүүдлийн замыг мэдэх боломж гардаг” гэж судалгаанд оролцсон мэргэжилтнүүд ярьсан юм.
Зээрэнд хүзүүвч зүүснээр энэ амьтны нүүдлийн замыг мэдэх боломж гардаг
© ДБХС Enlarge