Сэргээн нутагшуулснаар монгол бөхөнг аварна | WWF

Сэргээн нутагшуулснаар монгол бөхөнг аварна



Posted on 09 October 2019
Сэргээн нутагшуулах боломжтой газруудын судалгаа хийгдэж байгаа бөгөөд ирэх 2020 онд дуусна.
© B.Gantulga
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын санаачилгаар Монгол орны говийн зэрлэг амьтад болох хавтгай, мазаалай, тахь, хулан, монгол бөхөн, хар сүүлт, тэдгээрийн амьдардаг  экосистемийг хамгаалах, уг ажилд төрийн болон төрийн бус байгууллага, нутгийн иргэдийг татан оролцуулах зорилгоор “Говийн гайхамшигт 6”-г санаачилсан нь эдүгээ иргэдийн хүсэн хүлээдэг байгаль хамгааллын томоохон арга хэмжээ болж өргөжөөд байна.
Санаачлагад нэгдсэн талууд жил бүр уулзаж эдгээр амьтдыг хэрхэн хамгаалах талаар ярилцаж, хийх ажлаа төлөвлөдөг болоод байна. Үүний ачаар “Говийн гайхамшигт 6” амьтан тодорхой хэмжээгээр хамгаалалтад ороод байгаа юм.  
Анх 2016 онд Говийн их дархан цаазат газрын “Б” хэсгийн Хамгаалалтын захиргааны нутагт зохион байгуулсан бол хоёр дахь уулзалтыг 2017 онд Захуй Зармангийн говьд байх Баянтоорой тосгонд,  2018 онд Баянхонгор аймаг дахь Эхийн голын баянбүрдэд  зохион байгуулсан юм. 2019 оны арга хэмжээ 10 сарын 7-8-нд Хустайн байгалийн цогцолборт газарт амжилттай боллоо. Энэ жилийн арга хэмжээ “Говийн гайхамшигт 6”-Монголыг дэлхийд таниулна” гэсэн уриатай байв. Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Өмнөговь зэрэг  аймаг,  байгаль хамгаалах чиглэлээр ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагууд болон Байгаль орчин, аялал жуулчлалын яамны төлөөлөгчид, судлаачид, аялал жуулчлалын компаниудын төлөөлөл   оролцлоо.
Монголчуудын хамтран хийдэг зарим ажил явцын дунд ач холбогдлоо алддаг буруу жишиг байдаг бол “Говийн гайхамшигт 6” арга хэмжээ тэдгээрээс эрс ялгарч байгаа юм. Учир нь, жил ирэх тусам талуудын оролцоо нэмэгдэж, энэ жилээс Дорноговь аймаг албан ёсоор нэгдлээ. “Говийн гайхамшигт 6” зөвхөн дотооддоо бус гадаадынхны анхаарлыг ч  татах болсон. Олон улсын Тахь групп, Хавтгай хамгаалах Английн сан, Прагийн амьтны хүрээлэн зэрэг олон улсын байгууллагын төлөөлөл идэвхтэй оролцож “Говийн гайхамшигт 6”-г байгаль хамгааллын хамгийн сайн ажил болсон хэмээн дүгнэсэнд талууд баяртай байна.   
Олны сонирхлыг татсан энэ арга хэмжээний үеэр талууд “Говийн гайхамшигт 6”-г хамгаалах талаар 2019 онд ямар ажил хийсэн, цаашид юу хийхээ хэлэлцсэн юм. Мөн “Говийн гайхамшигт 6” амьтад тус бүрийн гарал үүсэл, тоо толгой, хамгаалах чиглэлээр хийж буй ажил, тулгарч буй бэрхшээл зэрэг сэдвээр оролцогчдод дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн.     
Энэ жилийн онцлог юу байв?
Хамтрагч талууд энэ жил “Говийн гайхамшигт 6”-г хамгаалахад идэвхи зүтгэлтэй ажиллаж нийт гурван тэрбум, 950 сая гаруй төгрөг зарцуулжээ. Өнгөрсөн жил хоёр тэрбумыг зарцуулж байсан бөгөөд санхүүжилт ийнхүү нэмэгдэж байгаа нь говийн ховор амьтдын хамгаалал тэр хэмжээгээр сайжирч байна гэсэн үг юм.  Үүнд, зэрлэг амьтдад зориулсан  худаг гаргах, хөв цөөрөм байгуулах, булгийн эх хашиж хамгаалах, биотехникийн арга хэмжээ зэрэг амьдрах орчныг нь сайжруулах чиглэлээр хийсэн олон ажил орж байгаа юм.  Мөн талуудын идэвх, зүтгэлийн хүчинд говийн ховор амьтад амьдардаг зарим нутгийг улсын тусгай хамгаалалтад оруулж, хамгаалалттай газар нутгийн хэмжээг 1 сая га-гаар нэмэгдүүлж чаджээ.    
Түүнчлэн  хууль бус агнууртай тэмцэх, хуулийн хэрэгжилтийг сайжруулах чиглэлээр тодорхой ажлууд хийжээ. Жишээлбэл, Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүрэг бүхий Дэд зөвлөлийг Говь-Алтай, Ховд аймагт байгуулсан байна. Монгол Улсын Засгийн газраас шинээр экологийн цагдаагийн алба байгуулах шийдвэр гаргаж 2020 оноос үйл ажиллагааг нь эхлүүлэхээр төлөвлөсөн нь байгаль хамгаалалд ирээдүйд гарах том амжилтын эхлэл юм.  
Хэдийгээр хамгааллын ажилд тодорхой ахиц гарч байгаа ч анхаарвал зохих асуудал цөөнгүй байгааг оролцогчид хүлээн зөвшөөрч байлаа.  Ялангуяа зөвхөн Монголд байдаг монгол бөхөн хамгаалалд талууд анхаарал хандуулан ажиллах шаардлагатай байгаа ажээ. Бог малын мялзан өвчин, ган зудтай холбоотой идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан энэ нэн ховор амьтны тоо цөөрч 2018 оны 12 дугаар сарын тооллогоор ердөө 3800 гаруй үлдээд байгаа юм. Монгол бөхөнг аварч үлдэхийн тулд зайлшгүй хийх шаардлагатай олон ажил байгаагийн нэг нь сэргээн нутагшуулах. Сэргээн нутагшуулах боломжтой газруудын судалгаа хийгдэж  байгаа бөгөөд  ирэх 2020 онд дуусна. Харин сэргээн нутагшуулах ажилд шаардлагатай санхүүжилт байхгүй байгаад оролцогчид сэтгэл зовнин ярьж байв. Тиймээс гадаад, дотоодын хандивлагчдад хандсан сурталчилгааг идэвхтэй хийх хэрэгтэй гэдэгт талууд санал нэгдлээ.   
Уулзалтаар олон чухал асуудал хэлэлцсэний нэг нь “Говийн гайхамшигт 6”-г хамгаалахад шаардлагатай  санхүүгийн тогтвортой эх үүсвэрийг хэрхэн бий болгох асуудал байв. Энэ тухай талууд илэн далангүй ярилцлаа. Орон нутгийн төсөвт байгаль хамгаалалд зарцуулах мөнгийг тэр бүр хангалттай хэмжээнд тусгадаггүй, байгалийн нөөц ашигласны төлбөрийн хураамжийн орлогыг хуульд заасан хэмжээгээр нь зарцуулдаггүй зэрэг шийдвэрлэх шаардлагатай олон асуудал байна. Ялангуяа байгаль хамгаалах итгэлцлийн сан байгуулах шаардлагатай байгааг оролцогчдын олонхи нь онцолж байв. Иргэд, компаниуд байгаль хамгаалалд хандив өргөх хүсэлтэй байдаг ч энэ мөнгийг хаана төвлөрүүлэх нь  өнөөгийн нөхцөлд тодорхой бус байгаа. Харин Итгэлцлийн сан бол хандивыг байгаль хамгаалалд зүй зохистой зарцуулах боломж билээ. Гэхдээ Монгол Улсад эдүгээ үйлчилж байгаа хууль, журманд энэ талаар тодорхой тусгаагүй, зарим хуультай зөрчилдөх магадлалтай учир эхний ээлжинд нарийн судлах, энэ чиглэлээр ажилладаг судлаачидтай санал солилцохоор болов.  
Санхүүгийн тогтвортой эх үүсвэрийг бий болгоход аялал жуулчлал чухал салбар бөгөөд “Говийн гайхамшигт 6”-гаар дамжуулан Монголын говийг дэлхийд сурталчлах боломж байгаа, энэ нь санхүүгийн тогтвортой эх үүсвэрийн нэг хэлбэр хэмээн аялал жуулчлалын компанийн төлөөлөл хэлж байлаа.
“Говийн гайхамшигт 6” уулзалтын төгсгөлд хамтрагч талууд ирэх жил хийх зарим ажлаа төлөвлөж “Хустайн тунхаг”-т тусгалаа. Үүнд, Говийн ховор амьтдын хамгааллын асуудлыг аймгуудын дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт тусгах замаар хамгааллыг эрчимжүүлэх, уул уурхайн төслүүдийн Биологийн олон янз байдлын дүйцүүлэн хамгааллын үйл ажиллагааг “Говийн гайхамшигт 6”  санаачилгатай уялдуулах зэрэг ажлыг хийхээр боллоо. Түүнчлэн улсын болон орон нутгийн төсөвт Говийн гайхамшигт зургаан амьтдын хамгаалалд зориулсан хөрөнгө төсөвлөдөг болгоход анхаарахаар болсон байна.
 
 
 
 
 
Сэргээн нутагшуулах боломжтой газруудын судалгаа хийгдэж байгаа бөгөөд ирэх 2020 онд дуусна.
© B.Gantulga Enlarge
Олны сонирхлыг татсан энэ арга хэмжээний үеэр талууд “Говийн гайхамшигт 6”-г хамгаалах талаар 2019 онд ямар ажил хийсэн, цаашид юу хийхээ хэлэлцсэн юм.
© WWF Mongolia Enlarge