Монгол улсын нутаг дэвсгэрийн 19,8 хувь нь тусгай хамгаалалтад орлоо | WWF

Монгол улсын нутаг дэвсгэрийн 19,8 хувь нь тусгай хамгаалалтад орлоо



Posted on 07 May 2019
22 газарт есөн аймгийн 29 сумын нутаг дэвсгэр хамарч байгаа.
© Дэлхийн байгаль хамгаалах сан
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн барьсан Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Засгийн газар есөн аймгийн 22 газрыг улсын тусгай хамгаалалтад авахаар оруулж ирсэн юм. Санал оруулсан 22 газарт есөн аймгийн 29 сумын нутаг дэвсгэр хамарч байгаа бөгөөд энэ удаа өргөтгөлөөр буюу өмнө нь дархан цаазтай болон тусгай хамгаалалттай байсан хэд хэдэн газрын талбайг нэмжээ. Эдгээр газрыг улсын тусгай хамгаалалтад авснаар сүйдэж, эко байдал нь алдагдах эрсдэлтэй газруудаа хамгаалж, байгалийн унаган төрхийг нь хадгалан үлдэх боломж бүрдэж байгаа юм. Ингэснээр өнөөдөр Монгол улсын нийт нутаг дэвсгэрийн 19,8 хувь нь тусгай хамгаалалтад ороод байна.   
Дахин   давтагдашгүй   байгаль,   экологийн   үйл   явц,   нэн   ховор амьтдыг  ирээдүй  хойч  үедээ бүрэн бүтэн хамгаалан үлдээхийн  тулд  газар  нутгийнхаа  30 хувийг  тусгай  хамгаалалтад  авах  Монгол  улсын  Засгийн  газрын бодлогыг  Дэлхийн  байгаль  хамгаалах  сан  (WWF)-гийн  Монгол  дахь  хөтөлбөрийн  газар  дэмжиж  ажилладаг.  Тиймээс дээрхи 22 газрыг улсын тусгай хамгаалалтад оруулахад шаардлагатай бэлтгэл ажилд талуудтай хамтран идэвхтэй оролцлоо.   
Цаашид тусгай   хамгаалалттай   газар   нутгийн   (ТХГН)   сүлжээг   өргөтгөх, орон  нутгийн болоод хил  дамнасан  байгаль  хамгааллын  төлөвлөгөө боловсруулах  (байгаль  хамгаалах  төлөвлөлт - CAP/Miradi), үнэлгээ мониторинг хийх (нөхцөл байдалд тааруулан дахин боловсруулсан менежментийн үр ашигт байдлыг хянах арга-METT), зэрлэг амьтны судалгаа, мониторинг (Биологийн олон янз байдлын мониторинг ба цахим мэдээллийн сангийн тогтолцоо-Biosan) нэвтрүүлэх замаар одоо байгаа ТХГН-ын менежментийг сайжруулах зорилттой ажиллаж байна.  
Тусгай хамгаалалтад орсон газрууд:
1.Хөвсгөл аймгийн Цагаан уул, Цэцэрлэг, Шинэ-Идэр, Бүрэнтогтох, Завханы Тэлмэн, Их-Уул  сумын нутгийг дамнан орших Тэсийн гол, Булнайн нурууг байгалийн цогцолборт газрын ангиллаар;
2. Дарьгангын байгалийн цогцолборт газрын хилийн заагт Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутагт орших Шилийн богд уул, Хөргийн хөндийн байгалийн дурсгалт газрыг хамруулж, ангилал дээшлүүлэн байгалийн цогцолборт газрын ангиллаар;
3. Дорнод аймгийн Чойбалсан сумын нутагт орших Хөх нуурыг байгалийн нөөц газрын ангиллаар;
4. Дорнод аймгийн Халхгол сумын нутагт орших Ташгайн таван нуурыг байгалийн нөөц газрын ангиллаар;
5. Дорнод аймгийн Матад сумын нутагт орших Жаран тогооны тал “А” хэсгийг байгалийн нөөц газрын ангиллаар;
6. Дорнод аймгийн Матад сумын нутагт орших Жаран тогооны тал “Б” хэсгийг байгалийн нөөц газрын ангиллаар;
7. Дорнод аймгийн Матад сумын нутагт орших Мэнэнгийн цагаан хоолойг байгалийн нөөц газрын ангиллаар;
8. Дорнод аймгийн Баянтүмэн сумын нутагт орших Халхын таван уулыг байгалийн нөөц газрын ангиллаар;
9. Дорнод аймгийн Баяндун сумын нутаг дэвсгэрт орших Баяндун уулыг байгалийн нөөц газрын ангиллаар;
10. Дорноговь аймгийн Хөвсгөл сумын нутагт орших Гүн гашууны хоолойг байгалийн нөөц газрын ангиллаар;
11. Дорноговь аймгийн Айраг сумын нутагт орших Цагаан дэлийн агуйг байгалийн дурсгалт газрын ангиллаар;
12. Өвөрхангай аймгийн Хархорин, Хужирт, Өлзийт сумын нутгийг дамнан орших Дулаан хайрхан уулыг байгалийн нөөц газрын ангиллаар;
13. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт орших Зотол хаан уулыг байгалийн нөөц газрын ангиллаар;
14. Онгон таван булгийн байгалийн нөөц газрын хилийн заагт Сүхбаатар аймгийн Баяндэлгэр, Онгон сумын зарим хэсгийг хамруулан байгалийн нөөц газрын ангиллаар;
15. Ховд аймгийн Мөст, Говь-Алтай аймгийн Тонхил, Дарви сумын нутгийг дамнан орших Сутай хайрхан уулыг байгалийн нөөц газрын ангиллаар;
16. Хэнтий аймгийн Баян-Адарга, Норовлин, Батноров сумын нутагт орших Улз голын эхийг байгалийн нөөц газрын ангиллаар;  
17. Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутагт орших Дэлгэрхаан уулыг байгалийн нөөц газрын ангиллаар;
18. Говийн их дархан цаазат газрын “Б” хэсгийн хилийн заагт Ховд аймгийн Булган, Үенч, Алтай сум, Говь-Алтай аймгийн Бугат, Тонхил сумын зарим хэсгийг хамруулан дархан цаазат газрын өргөтгөлөөр;
19. Отгонтэнгэрийн дархан цаазат газрын хилийн заагт Завхан аймгийн Отгон сумын зарим хэсгийг хамруулан дархан цаазат газрын өргөтгөлөөр;
20. Нөмрөгийн дархан цаазат газрын хилийн заагт Дорнод аймгийн Халхгол сумын зарим хэсгийг хамруулан дархан цаазат газрын өргөтгөлөөр;
21. Монгол дагуурын “Б” хэсгийн дархан цаазат газрын хилийн заагт Дорнод аймгийн Гурванзагал, Дашбалбар сумын зарим хэсгийг хамруулан дархан цаазат газрын өргөтгөлөөр;
22. Булган гол-Их Онгогийн байгалийн цогцолборт газрын хилийн заагт Ховд аймгийн Булган, Үенч сумын зарим хэсгийг хамруулан байгалийн цогцолборт газрын өргөтгөлөөр.
 
22 газарт есөн аймгийн 29 сумын нутаг дэвсгэр хамарч байгаа.
© Дэлхийн байгаль хамгаалах сан Enlarge