Экоклубын сурагчид Монгол бөхөнгийн өдрийг амжилттай тэмдэглэлээ | WWF

Экоклубын сурагчид Монгол бөхөнгийн өдрийг амжилттай тэмдэглэлээ



Posted on 01 May 2019
Сурагчдын санаачилсан ажлыг нутгийн малчид дэмжиж байгаа бөгөөд булаг шандыг хамгаалах ажилд санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр болсон нь чамлахааргүй амжилт байв.
© Дэлхийн байгаль хамгаалах сан
Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар монгол бөхөнгийн өдрийг жил бүрийн дөрөвдүгээр сард тэмдэглэдэг билээ. Энэ жилийн арга хэмжээг Алтай Соёны бүс нутаг дахь Говь-Алтай аймгийн Төгрөг суманд зохион байгуулсан бөгөөд баруун бүсийн 13 экоклубын 100 гаруй сурагчид оролцож өнгөрсөн нэг жилийн хугацаанд хийсэн ажлаа тайлагналаа.
Экоклубын хүүхдүүд зэрлэг амьтад ундаалдаг булаг шандыг хамгаалах ажлыг Монголд анх удаа санаачилан 2018 оноос амжилттай хэрэгжүүлж байгаа бөгөөд тэднийг Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар эхнээс нь дэмжин ажиллаж байна. Тэд талуудтай хамтран 3 булагийн эхийг хашиж хамгаалснаар урсац нь нэмэгдээд байгаа юм. Булаг шандны ойролцоо автомат камер суурилуулан булгаас зөвхөн хүн мал уудаггүй, зэрлэг  амьтад ч бас уудаг болохыг баталсан юм. Сурагчдын санаачилсан ажлыг нутгийн малчид дэмжиж байгаа бөгөөд булаг шандыг хамгаалах ажилд санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр болсон нь чамлахааргүй амжилт байв.
Тэд булаг шанд хаших ажлаас гадна хог хаягдлыг бууруулах, хуванцар савнаас татгалзах, улайсдаг гэрлийг лед гэрлээр сольж эрчим хүч хэмнэх зэрэг олон аян зохион байгуулж байгальд ээлтэй, хэмнэлттэй амьдрахыг өөрсдийн үйлдлээрээ уриалж чаджээ. Экоклубын төлөөлөл нийслэл Улаанбаатар хотод болсон экоклубын үндэсний чуулганд оролцож хийсэн ажлаа олон нийтэд танилцуулсан байна. Тэдний санаачилсан ажлуудыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат ихэд үнэлсэн бөгөөд байгальд ээлтэй ийм санаачилгуудыг улс орон даяар хэрэгжүүлэхийг уриалжээ. Тиймээс  экоклубынхан   эдгээр ажлыг цаашид ч үргэлжлүүлэн хийх юм байна.   
Энэ жилийн уулзалтын өмнө экоклубын сурагчид хээрийн аялал хийж нутгийнхаа булаг шандыг тоолсон бөгөөд нийт 64 булгийн эхийг зайлшгүй хамгаалах шаардлагатай байгааг онцолжээ. Тэдний ярьснаар булаг шандын эргэн тойронд мал амьтны сэг зэм дүүрч бохирдсон байжээ. Тиймээс булаг, шандыг цэвэрлэж, эх ундаргыг нь  хашиж хамгаалах ажилд малчид, орон нутгийн удирдлагыг татан оролцуулахад анхаарч ажиллахаар боллоо. Мөн малчдын амласан хандивыг цуглуулж булаг шанд хамгаалах ажлыг  идэвхжүүлэхэд санаачилгатай ажиллахаар болсон байна. Түүнчлэн монгол бөхөнгийн ундаалдаг зарим булаг шандын урсац болон талбайн хэмжилт хийснээ танилцуулав.  
Ийнхүү экоклубын сурагчид өнгөрсөн нэг жилийн хугацаанд хийсэн ажлаа танилцуулж, харилцан туршлага солилцох зэргээр  Монгол бөхөнгийн өдрийг амжилттай тэмдэглэлээ.
 
Сурагчдын санаачилсан ажлыг нутгийн малчид дэмжиж байгаа бөгөөд булаг шандыг хамгаалах ажилд санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр болсон нь чамлахааргүй амжилт байв.
© Дэлхийн байгаль хамгаалах сан Enlarge
Булаг шандны ойролцоо автомат камер суурилуулан булгаас зөвхөн хүн мал уудаггүй, зэрлэг амьтад ч бас уудаг болохыг баталсан юм.
© Дэлхийн байгаль хамгаалах сан Enlarge