What would you like to search for?

Our News

10 мянга орчим монгол бөхөн тоологджээ

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын мэргэжилтнүүд, “Бөхөн хамгаалах сүлжээ” багийнхан хамтарч тооллого судалгааг 2021 оны 10 сарын 30-наас 11 сарын 8-ний өдрүүдэд хийлээ. Хээрийн судалгааны ажлын үр дүнд монгол бөхөнгийн тоо толгой 10 мянга орчим байгааг тогтоожээ. Өнгөрсөн жил 8500 орчим монгол бөхөн тоологдож байсан билээ.

Дэлхийд зөвхөн Монголд байдаг монгол бөхөнгийн тоо толгойг тогтоох, цаашдын хамгааллын арга хэмжээг зөв төлөвлөхөд шаардлагатай мэдээлэл цуглуулахдаа энэ нэн ховор амьтны тархац байршил, тоо толгой, өвчний мэдээлэл, тархац нутгийн нөхцөл байдлыг газар дээр нь баримтжуулан бүртгэх шаардлагатай байдаг. Энэ зорилгоор Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын мэргэжилтнүүд, “Бөхөн хамгаалах сүлжээ” багийнхан хамтарч тооллого судалгааг 2021 оны 10 сарын 30-наас 11 сарын 8-ний өдрүүдэд хийлээ. Хээрийн судалгааны ажлын үр дүнд монгол бөхөнгийн тоо толгой 10 мянга орчим байгааг тогтоожээ. Өнгөрсөн жил 8500 орчим монгол бөхөн тоологдож байсан билээ.
Судалгааг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шугаман замналын аргаар бөхөнгийн тархац нутаг болох Шаргын говь, Хүйсийн говь, Дөргөний хүрэн тал, Ховдын Манхан, Увсын Завхан сум, Завханы Дөрвөлжин сумын нутагт хийсэн байна. Мэргэжилтнүүдийн ярьснаар тооллогын үед өвчтэй болон үхсэн монгол бөхөн таараагүй ажээ.
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын зүйлийн асуудал хариуцсан мэргэжилтэн, доктор Б.Гантулга “Бөхөнгийн тархац нутагт энэ зун зуншлага сайн байсан нь бөхөнд эергээр нөлөөллөө. Гэхдээ ийм байдал жил болгон тохиогоод байхгүй тул хамгааллын ажилд талууд анхаарлаа сулруулахгүй байх шаардлагатай. Ялангуяа  сүүлийн үед бөхөнгийн тархац нутаг орчмоор малын халдварт өвчин их гарч байгаа нь зайлшгүй анхаарах ёстой асуудал юм” гэж ярилаа.  
Хэдийгээр монгол бөхөнгийн тоо толгой бага хэмжээгээр өссөн ч энэ нь сэтгэл тайвшрах үйл явдал биш юм. Учир нь, хууль бус агнуур, бэлчээрийн хомсдол, ган зуд, халдварт өвчин гээд монгол бөхөнд заналхийлэх аюул олон, үүнээс шалтгаалж амархан хорогддог эмзэг амьтан.  
2014 оны байдлаар 15 мянган монгол бөхөнтэй байв. Харамсалтай нь, 2017 онд дэгдсэн бог малын мялзан өвчин, зудны улмаас монгол бөхөн нэг дор олон мянгаараа хорогдож ердөө 3000 гаруй болж байсан гашуун түүх бий. Тиймээс бөхөнг түүхэн тархац нутагт нь сэргээн нутагшуулах, хэд хэдэн тусгаар бие даасан популяци үүсгэх нь ган, зуд, халдварт өвчний эрсдэлийг бууруулах боломжтой юм. Түүнчлэн бөхөнгийн үржил, төллөлт явагддаг бүс нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хууль бус агнуурыг бууруулах ажлыг хийх нь энэ нэн ховор амьтныг мөхлөөс аврах арга зам юм гэж судлаачид онцлон ярьж байна. 
МОНГОЛ БӨХӨНГИЙН ОНЦЛОГ   
-Монгол бөхөн сүүлчийн мөстлөгийн үед арслан заан, үст хирс, сэлмэн соёот бар зэрэг өнөө үед устаж мөхсөн амьтадтай зэрэгцэн оршиж байсан эртний эрмэл амьтан. Монгол бөхөн нь Монгол орны говийн экосистемийн шүхэр зүйлүүд болох хавтгай, мазаалай, хулан, хар сүүлт зээр, тахийн адил “Говийн гайхамшигт 6”-н амьтдын нэг юм.
-Дэлхий дээр Монгол бөхөн болон соргог бөхөн гэсэн хоёр зүйлийн бөхөн байдаг. Үүнээс Монгол бөхөн нь зөвхөн Монголд байдаг, өөр хаана ч байхгүй Монголын унаган амьтан.
-Монгол бөхөн цөлөрхөг хээрийн эрүүл байдлыг илтгэдэг чухал амьтан. Монгол бөхөн оршсоор байна гэдэг нь говь, цөлийн экологийн тэнцвэрт байдал алдагдаагүйн нотолгоо болдог.
-Монгол бөхөн эдүгээ зөвхөн Их нууруудын хотгорын Шаргын говь, Хүйсийн говь, Дөргөний хүрэн талд голчлон байршиж байна.
-Монгол бөхөн Монгол оронд буй аль ч амьтдаас хамгийн хурдан давхин зайлдаг. Тухайлбал, 80 км цаг хүртэл хурдалж чаддаг.
-Монгол бөхөнгийн хамрын хөндий нь бусад туруутан амьтадтай харьцуулахад илүү том. Энэ нь Монгол бөхөн хурдан гүйж, ялангуяа удаан хугацаагаар хүйтний улиралд гүйх боломжийг олгодог байгалийн зохилдлогоо. Гүйх явцад их хэмжээний хүйтэн агаар хамрын хөндийд байрлах маш олон тооны хялгасан судсууд бүхий ханын ачаар түргэн зуур бүлээцэж уушгийг гүйх явцад нэн шаардлагатай агаараар хангадаг.
 
 
Өнгөрсөн жил 8500 орчим монгол бөхөн тоологдож байсан билээ.

SHARE!

Бусдад түгээхэд бидэнд тусална уу