Монгол орны аль ч хэсэгт авто, төмөр зам тавихдаа зэрлэг амьтдад зориулсан гарц байгуулах стандарттай болов | WWF

Монгол орны аль ч хэсэгт авто, төмөр зам тавихдаа зэрлэг амьтдад зориулсан гарц байгуулах стандарттай болов



Posted on 22 June 2018
Ийнхүү хоёр стандарттай болсноор Монгол орны аль ч хэсэгт авто зам, төмөр зам барихдаа зэрлэг амьтдад зориулсан гарц байгуулах ёстой болж байна.
© Б.Лхагвасүрэн
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын талуудтай хамтран ажиллаж боловсруулсан “Уулархаг нутгийн зам, замын байгууламжийн дагуу зэрлэг амьтдад зориулсан гарц” байгуулах стандартыг Стандартчилал, хэмжил зүйн газар албан ёсоор баталлаа.    
Олон талын судалгаанд үндэслэсэн энэ стандартыг боловсруулах, батлуулах ажилд Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар, Зам тээврийн хөгжлийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, биологчид идэвхи санаачилгатай ажилласан юм.  Өмнө нь 2015 онд Монгол Улс төв Азийн орнуудаас анх удаа “Тал хээр, говь цөлийн бүсийн авто болон төмөр зам дагуу нүүдлийн туруутан амьтдад зориулсан гарц” байгуулах стандарттай болсон билээ. Ийнхүү хоёр стандарттай болсноор Монгол орны аль ч хэсэгт авто зам, төмөр зам барихдаа  зэрлэг амьтдад зориулсан гарц байгуулах ёстой болж байна.     
Монгол Улсад уул уурхай эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд ойрын жилүүдэд тэргүүлэх салбарын нэг хэвээр байх нь тодорхой байгаа юм. Уул уурхай, шугаман дэд бүтцийн хөгжлийг дагаад зэрлэг амьтдын нүүдлийн зам хаагдах, амьдрах орчин тасархайтах өндөр эрсдэлтэй байдаг. Харин дээрх стандартуудыг хэрэгжүүлснээр дэлхийд ховор хулан, хар сүүлт, цагаан зээр, аргаль, янгир, монгол бөхөн зэрэг амьтдын нүүдлийн замд саад учрахгүй байх боломж бүрдэж, хамгааллын зөв эхлэл тавигдлаа гэж байгаль орчны салбарынхан онцлон хэлж байна.            
 
Ийнхүү хоёр стандарттай болсноор Монгол орны аль ч хэсэгт авто зам, төмөр зам барихдаа зэрлэг амьтдад зориулсан гарц байгуулах ёстой болж байна.
© Б.Лхагвасүрэн Enlarge