Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэгтэй хэрхэн тэмцэх талаар ярилцлаа | WWF

Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэгтэй хэрхэн тэмцэх талаар ярилцлаа



Posted on 23 May 2018
Хурлын үеэр эрдэмтэн, судлаачид байгаль орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэхэд тулгамдаж буй олон асуудлыг хэлэлцэж санал солилцлоо.
© Дэлхийн байгаль хамгаалах сан
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын санаачилгаар Монгол Улс дахь “Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх боломж” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг Хууль сахиулахын их сургуульд зохион байгууллаа. Хурлыг Байгаль орчин, аялал жуулчлалын яам дэмжиж, Улсын ерөнхий прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газар хамтран оролцов.
Монгол Улс дахь хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлуудын талаар хууль сахиулах чиглэлээр суралцаж буй оюутнууд болон судлаачдын хийж буй судалгааны ажлыг шүүн хэлэлцэх, шинэ санаа, санаачлагыг холбогдох байгууллага, олон нийтэд түгээхэд хурлын зорилго чиглэж байлаа. Түүнчлэн салбарын эрдэмтэн, судлаачид 30 гаруй илтгэл ирүүлснээс тодорхой шалгуурыг үндэслэн найман илтгэлийг хурлаар хэлэлцүүлсэн юм.         
Хурлын үеэр эрдэмтэн, судлаачид байгаль орчны  эсрэг гэмт хэрэгтэй тэмцэхэд тулгамдаж буй олон  асуудлыг хэлэлцэж санал солилцлоо. Тухайлбал, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэгт шинжилгээ хийх, хохирлыг тооцох нь нэлээд цаг хугацаа шаардсан, зардал ихтэй байдаг тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг цаг алдалгүй гаргадаг байх, төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах шаардлагын талаар ярилцлаа. Түүнчлэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг түшиглэн ховор, нэн ховор ургамал, амьтны зүйлүүдийн ДНХ-ийн санг бий болгож хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ашиглах, Хууль сахиулахын их сургуулийн хичээлийн хөтөлбөрт хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлийн хичээлийн сэдвүүдийг нэмж оруулах зэрэг олон санал, санаачлагууд гарлаа. Эдгээр саналд үндэслэж тодорхой санал зөвлөмж боловсруулан Хууль зүй, дотоод хэргийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Цагдаагийн ерөнхий газарт хүргүүлэхээр болжээ.         
 
 
Хурлын үеэр эрдэмтэн, судлаачид байгаль орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэхэд тулгамдаж буй олон асуудлыг хэлэлцэж санал солилцлоо.
© Дэлхийн байгаль хамгаалах сан Enlarge
Салбарын эрдэмтэн, судлаачид 30 гаруй илтгэл ирүүлснээс тодорхой шалгуурыг үндэслэн найман илтгэлийг хурлаар хэлэлцүүлсэн юм.
© Дэлхийн байгаль хамгаалах сан Enlarge