Зүүн бүсийн экоклубынхан баруун бүсэд зочилж туршлага судаллаа
Энэ жилийн хувьд ихээхэн онцлогтой нөхцөл байдалд монгол бөхөнгийн өдрийг тэмдэглэжээ.Учир нь, нэн ховор монгол бөхөнгийн сүргийн цөөнгүй хувь нь идэш тэжээлийн хомсдол, их хүйтрэл зэрэг байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас хорогдоод байгаа юм. Тиймээс экоклубынхан зэрлэг амьтдын ундаалдаг булаг шандыг хамгаалах аян өрнүүлсэн бөгөөд энэ чиглэлээр хийсэн ажилтай нь зүүн бүсийн экоклубынхан танилцлаа. Аяллын сонирхолтой хэсэг нь, монгол бөхөнгийн амьдрах орчинтой танилцсан явдал байсан бөгөөд энэхүү нэн ховор амьтны талаар мэдээлэлтэй болж чадсандаа сэтгэл хангалуун байгаагаа ярьж байв.
Зүүн бүсийн экоклубынхан зөвхөн танилцах аялал хийсэнгүй, өөрсдийн үйл ажиллагааг ч танилцуулжээ.Тэд зүүн бүсэд цагаан зээр хамгааллын талаар хийдэг кампанит ажлаа танилцуулсан бөгөөд жил ирэх тусам нутгийн иргэдийн дэмжлэгийг авч байгаа талаараа ярьсан юм. Түүнчлэн ой болон ойн нөөц баялаг, ховор шувуудыг хамгаалах зорилгоор хийдэг сурталчилгааны кампанит ажлуудаа ч онцолж, үр дүнд хүрсэн арга, мэдээллээ харилцан солилцож байхаар тохиролцлоо. Зүүн бүсийн экоклубынхан өөрсдийн бэлдсэн эмийн ургамал, нарсны үрийг баруун бүсийн 11 эко клубт бэлэглэж хэрхэн тарих талаар зааварчилгаа өгсөн байна. Ийнхүү туршлага судлах аялал амжилттай өндөрлөсөн бөгөөд энэ зун баруун бүсийн экоклубынхан зүүн бүсэд зочлохоор болжээ.