Монголчууд “Эх дэлхийн цаг”-т ес дэх удаагаа нэгдлээ | WWF

Монголчууд “Эх дэлхийн цаг”-т ес дэх удаагаа нэгдлээ



Posted on 27 March 2018
Анх 2007 онд зохион байгуулж байсан уг арга хэмжээнд дэлхийд 188 орон нэгдэн нэг цагийн турш гэрлээ унтраасан юм.
© Дэлхийн байгаль хамгаалах сан
Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын санаачилгаар 2010 оноос эхлэн “Эх дэлхийн цаг”-ийг Монголд тэмдэглэж байгаа билээ. Энэ жилийн  “Эх дэлхийн цаг” 2018 оны гуравдугаар сарын 24-ны бямба гаригт орон нутгийн цагаар 20:30-21:30 цагийн хооронд болсон бөгөөд Улаанбаатар хотоос гадна Ховд, Говь-Алтай, Увс, Баян-Өлгий, Дорнод аймгуудад тэмдэглэсэн. Энэ жил “Эх дэлхийнхээ төлөө нэгдье” гэсэн уриатайгаар явагдлаа. Анх 2007 онд зохион байгуулж байсан уг арга хэмжээнд 188 орон нэгдэн нэг цагийн турш гэрлээ унтраасан юм.             
Алтай Саяны бүсийн Ховд хотынхон “Эх дэлхийн цаг-2018” арга хэмжээг өмнөх жилүүдийн адил нижгэр тэмдэглэлээ. Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын мэргэжилтнүүд Ховд их сургууль дээр “Эх дэлхийн цаг ба уур амьсгалын өөрчлөлт” сэдвээр хичээл заалаа. Ховд хотын төв Ард Аюушийн талбайд зохион байгуулсан үдшийн арга хэмжээнд нийт 1500 гаруй  хүн нэгэн хүсэл тэмүүлэл, зорилгын дор нэгдэж чадлаа.  Түүнчлэн улайсдаг шар гэрлийг эрчим хүчинд хэмнэлттэй сүүн чийдэнгээр солихыг уриалсан кампанит ажлыг эхлүүллээ.   
Улаанбаатар хотын хувьд Сүхбаатарын талбайд тэмдэглэсэн бөгөөд “Байгаль орчны манлайлагчид” төрийн бус байгууллага , нийслэлийн Байгаль орчны газар, Эрчим хүчний зохицуулах хороо, Ариг банк хамтран зохион байгуулав. Энэ үдэш амьд хөгжмийн хамтлагын тоглолт, галын үзүүлбэр зэрэг сонирхолтой олон арга хэмжээ болсон юм. Гэрлээ унтраасны дараа тэнд хүрэлцэн ирсэн иргэд лаагаа асааж 60+ тэмдэглэгээг хийлээ. Ерөнхийдөө энэ үдэш эх дэлхийнхээ төлөө гэсэн сэтгэлтэй хүмүүсийн цугларалт болж чадлаа.  
Түүнчлэн энэ өдөр МҮОНРТВ-ээр “Эх дэлхийн цаг ба эрчим хүчний хэмнэлт” сэдэвт шууд нэвтрүүлгийг Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар, Эрчим хүчний зохицуулах хороо хамтран зохион байгууллаа. Нэвтрүүлгийн өмнө нэг цаг гэрлээ  унтраахыг уриалсан бөгөөд  энэ хугацаанд эрчим хүчний хэмнэлт хэр явагдсаныг Диспетчерийн үндэсний төв дээр хэмжсэн юм. Нэвтрүүлэгт мэргэжилтнүүд оролцож  уур амьсгалын өөрчлөлт Монголд хэр нөлөөлж байгаа, сэргээгдэх эрчим хүчний давуу талууд, шийдэх арга замын тухай болон эрчим хүчээ хэмнэх аргуудын талаар ярилцсан юм. Диспетчерийн үндэсний төвийн мэргэжилтнүүдийн тооцоогоор нэвтрүүлэг болсон нэг цагийн хугацаанд улсын хэмжээнд 35мВт эрчим хүчийг хэмнэж чадсан бөгөөд энэ нь 5-6 аймгийн нэг өдрийн эрчим хүчний хэрэглээ юм байна. Мөн энэ нь дотоодын импортын цахилгааны есөн сая төгрөгтэй дүйцэх ажээ.  
 
Анх 2007 онд зохион байгуулж байсан уг арга хэмжээнд дэлхийд 188 орон нэгдэн нэг цагийн турш гэрлээ унтраасан юм.
© Дэлхийн байгаль хамгаалах сан Enlarge
Гэрлээ унтраасны дараа тэнд хүрэлцэн ирсэн иргэд лаагаа асааж 60+ тэмдэглэгээг хийлээ. Ерөнхийдөө энэ үдэш эх дэлхийнхээ төлөө гэсэн сэтгэлтэй хүмүүсийн цугларалт болж чадлаа.
© Дэлхийн байгаль хамгаалах сан Enlarge