Цагаан зээр хил дамнан нүүдэллэдэг нь тодорхой болжээ | WWF

Цагаан зээр хил дамнан нүүдэллэдэг нь тодорхой болжээ



Posted on 15 March 2018
Хүзүүвчтэй зээр
© Дэлхийн байгаль хамгаалах сан
Монгол орны зүүн бүсэд шинээр байгуулагдах төмөр замд зэрлэг амьтдад зориулсан гарц байгуулах боломжит газрыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тодорхойлох зорилгоор Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын мэргэжилтнүүд 2016, 2017 онд нийт 20 цагаан зээр барьж  сансарын дохиолол бүхий хүзүүвч зүүсэн юм. Мэргэжилтнүүд 2017 оны нэгдүгээр сараас 2018 оны 3 дугаар сар хүртэлх хугацааны мэдээллийг нягталж дууслаа. Тэдний ярьснаар цагаан зээр хоёр улсын хил дамнан нүүдэллэж байгаа нь тодорхой болсон аж.
Хүзүүвчтэй нэг цагаан зээр 2016 оны 11 сараас 2017 оны  4 сар  хүртэл ОХУ-ын нутагт байршиж байгаад буцаж Тосон хулстайн байгалийн нөөц газарт ирж төллөсөн байна. Бас нэг хүзүүвчтэй зээр  2018 оны 1 сарын 14-нд  БНХАУ руу хил дамнан нүүдэллэсэн бөгөөд одоогоор тэндээ байршиж байгаа нь хүзүүвчний мэдээллээс тодорхой байна. Тал нутгийн гайхамшиг болсон цагаан зээрийг зөвхөн Монгол Улсын хэмжээнд хамгаалах бус, хамтарсан  хамгаалал зайлшгүй шаардлагатай байгааг энэхүү  судалгааны үр дүн харуулж байгаа юм. 
Дашрамд сонирхуулахад, Монгол орны зүүн бүсэд гадаад, дотоодын  судлаачид олон жилийн өмнөөс цагаан зээрэнд хүзүүвч зүүж  судалгаа хийж  байсан. Харин Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын хийж буй судалгаа судлаачдын орхигдуулсан газар нутагт чиглэснээрээ онцлогтой. Эдгээр газарт олон тооны цагаан зээр амьдардаг юм.    
 
Хүзүүвчтэй зээр
© Дэлхийн байгаль хамгаалах сан Enlarge
Хүзүүвч зүүж байгаа нь
© Дэлхийн байгаль хамгаалах сан Enlarge