Зэрлэг амьтдад тусламж хэрэгтэй хэвээр л байна | WWF

Зэрлэг амьтдад тусламж хэрэгтэй хэвээр л байна



Posted on 02 March 2018
Зэрлэг амьтад, ялангуяа монгол бөхөн сайн идэж байгаа нь автомат камерын бичлэгээс тодорхой харагдаж байгаа юм.
© Дэлхийн байгаль хамгаалах сан
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын мэргэжилтнүүд дэлхийд нэн ховор монгол бөхөнг аврахаар  биотехникийн арга хэмжээ хэрэгжүүлж байгаа нь үр дүнд хүрч байна. Өнгөрсөн зун зуншлага муу байсан, 2018 он гараад цас их орсоноос шалтгаалж зэрлэг амьтад идэш тэжээлийн хомсдолд орсон тул өвс тавихаас өөр аргагүй болоод байсан юм.
Монгол бөхөнд зориулж Шарга-Манханы байгалийн нөөц газар, Шарга, Хүйсийн говьд хэд хэдэн удаа  өвс тавьсан нь амжилтад хүрч байна. Өмнө нь зэрлэг амьтад зориудаар тавьсан өвсийг бараг иддэггүй байсан бол энэ удаа сайн идэж байгаа ажээ. Энэ нь зэрлэг амьтад үнэхээр хэцүү байдалд орсны нотолгоо болж байгаа бөгөөд ийм эгзэгтэй үед Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрынхан тун мэдрэмжтэй ажиллаж олон зуун амьтны амийг аварлаа гэж нутгийн иргэд ярьж байгаа ажээ.
Бөхөн хамгаалах сүлжээ багийн ахлагч Б.Батсайхан” Бид өнгөрсөн хугацаанд 400 боодол өвсийг 40 уут тэжээлийн хамт Шарга, Хүйсийн говьд байгаа бөхөн болон бусад зэрлэг амьтдад зориулж хэсэгчлэн тавьсан. Зэрлэг амьтад, ялангуяа монгол бөхөн сайн идэж байгаа нь автомат камерын бичлэгээс тодорхой харагдаж байгаа юм. Хэдхэн хоногийн өмнө Хүйсийн говьд 70 боодол өвс, 5 уут тэжээл, 2 уут  хужир  тавьсан. Өчигдөр байгаль хамгаалагч шалгаад ирсэн, бөхөн өвс идэж эхэлсэн байна” гэж ярилаа.    
Гэхдээ энэ бол баярлаж, сэтгэл тайвшрах мэдээ биш. Хэдийгээр хаврын урь орж байгаа ч Хүйсийн говь, Шаргын говьд дулаарах болоогүй, цас ихтэй хэвээр байна. Мэргэжилтнүүдийн яриагаар ядахдаа цас ханзрах хүртэл өвс тавих шаардлагатай байгаа ажээ. Ядарч туйлдсан амьтад хаврын уртад олноороо хорогдохыг хэн ч үгүйсгэж чадахгүй байна. Тэгэхээр зэрлэг амьтдад тусламж хэрэгтэй хэвээр л байна.   
 
Зэрлэг амьтад, ялангуяа монгол бөхөн сайн идэж байгаа нь автомат камерын бичлэгээс тодорхой харагдаж байгаа юм.
© Дэлхийн байгаль хамгаалах сан Enlarge
Хэдийгээр хаврын урь орж байгаа ч Хүйсийн говь, Шаргын говьд дулаарах болоогүй, цас ихтэй хэвээр байна.
© Дэлхийн байгаль хамгаалах сан Enlarge
Ядарч туйлдсан амьтад хаврын уртад олноороо хорогдохыг хэн ч үгүйсгэж чадахгүй байна. Тэгэхээр зэрлэг амьтдад тусламж хэрэгтэй хэвээр л байна.
© Дэлхийн байгаль хамгаалах сан Enlarge