Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс хэрхэн урьдчилан сэргийлэх, бууруулах талаар ярилцав | WWF

Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс хэрхэн урьдчилан сэргийлэх, бууруулах талаар ярилцав



Posted on 20 November 2017
“Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөл”-ийн гишүүн байгууллагуудын 2018 оны хамтарсан үйл ажиллагааны төлөвлөгөөнд орон нутгийн байгууллагуудаас гарсан санал, санаачлагыг тусган ажиллахаар болсон байна.
© Дэлхийн байгаль хамгаалах сан
“Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөл”-ийг Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны А/205 тоот тушаалаар байгуулан хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа билээ.
Тус дэд зөвлөлийн 2017 оны дөрөвдүгээр улирлын төлөвлөгөөнд тусгагдсан ажлын хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн яам, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба, “Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх Дэд зөвлөл”-өөс баруун бүсийн зөвлөгөөн, сургалтыг 2017 оны 11-р сарын 16, 17-ны өдрүүдэд Ховд хотод зохион байгуулж, зөвлөгөөнийг Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-ийн Монгол дахь хөтөлбөрийн газар дэмжин ажиллалаа.   
Зөвлөгөөн, сургалтад “Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөл”-ийн гишүүн болох Хууль зүй, дотоод хэргийн яам (ХЗДХЯ), Байгаль орчин, аялал жуулчлалын яам (БОАЖЯ), Шүүхийн ерөнхий зөвлөл (ШЕЗ), Улсын ерөнхий прокурорын газар (УЕПГ), Цагдаагийн ерөнхий газар (ЦЕГ), Гаалийн ерөнхий газар (ГЕГ), Мэргэжлийн хяналтын ерөнхий газар (МХЕГ), Хил хамгаалах ерөнхий газар (ХХЕГ), Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-ийн Монгол дахь хөтөлбөрийн газар болон тэдгээрийн аймаг, орон нутгийн байгууллагуудын төлөөлөл болсон баруун бүсийн Завхан, Говь-Алтай, Увс, Баян-Өлгий, Ховд аймгуудын хууль хяналт, төрийн захиргааны байгууллагуудын 80 гаруй албан хаагчид оролцов.  
Зөвлөгөөнөөр байгууллагууд өөрсдийн хийж буй үйл ажиллагааныхаа талаар орон нутгийн байгууллагуудын албан хаагчдадаа мэдээлэл хүргэж, тэдний санал бодлыг сонсов. Түүнчлэн тулгарч буй бэрхшээл, шийдвэрлэх арга замын талаар ярилцлаа.  Хууль бус агнуур, амьтны эд эрхтэний хууль бус худалдаатай холбоотой хэргийг илрүүлэх нь амар хялбар ажил биш. Яагаад гэвэл, ийм төрлийн гэмт хэрэг зохион байгуулалтад орсон байдаг. Хууль хүчний байгууллага, иргэд, олон нийтийн хамтын ажиллагааны үр дүнд энэ аюулыг багасгах боломжтой гэдэгт оролцогчид санал нэгдэж байв. Зөвлөгөөнөөр оролцогчид чухал олон санал дэвшүүлж байв. “Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөл”-ийн гишүүн байгууллагуудын 2018 оны хамтарсан үйл ажиллагааны төлөвлөгөөнд орон нутгийн байгууллагуудаас гарсан санал, санаачлагыг тусган ажиллахаар болсон байна.
  
 
 
“Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөл”-ийн гишүүн байгууллагуудын 2018 оны хамтарсан үйл ажиллагааны төлөвлөгөөнд орон нутгийн байгууллагуудаас гарсан санал, санаачлагыг тусган ажиллахаар болсон байна.
© Дэлхийн байгаль хамгаалах сан Enlarge