Хууль бус агнуурын эсрэг хамтарч тэмцэнэ | WWF

Хууль бус агнуурын эсрэг хамтарч тэмцэнэ



Posted on 07 November 2017
Уулзалтын үеэр талууд энэ талаар ярилцаж шийдэх арга замын талаар санал солилцов. Үүний үндсэн дээр талууд Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж, хамтарсан ажлын төлөвлөгөө боловсруулж ажиллахаар боллоо.
© Дэлхийн байгаль хамгаалах сан
Хууль бус агнуур, амьтны эд эрхтэний хууль бус худалдаатай холбоотой хэргийг илрүүлэх нь амар хялбар ажил биш. Яагаад гэвэл, ийм төрлийн гэмт хэрэг нарийн зохион байгуулалтад орсон байдаг. Хууль хүчний байгууллага, иргэд, олон нийтийн хамтын ажиллагааны үр дүнд л энэ аюулыг багасгах боломжтой юм. Түүнчлэн хууль бус агнуураас урьдчилан сэргийлэх, иргэдэд энэ талын зөв ойлголт өгөх нь маш чухал байдаг. Иймд эдгээр бэрхшээлтэй асуудлын талаар ярилцаж гарц хайх, талуудын хамтын ажиллагааг сайжруулах, мэдээлэл солилцох зорилгоор Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран Говь-Алтай аймгийн төвд уулзалт зохион байгууллаа. Уулзалтад тус аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтнүүд, цагдаа, шүүх, прокурорын төлөөлөл оролцлоо.    
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-ийн Монгол дахь хөтөлбөрийн газраас “Хууль бус агнуур, худалдааны чиглэлээр хийсэн ажлын тойм, хамтын ажиллагааны хэлбэр” сэдэвт илтгэл тавьсан нь оролцогчдын анхаарлыг татаж чадлаа. Уулзалтад оролцогч талууд Говь-Алтай аймгийн хэмжээнд байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн өнөөгийн байдал ямар байгаа, шийдвэрлэлт, хэрэгжүүлж буй арга хэмжээ, хамтран ажиллах боломжийн талаар харилцан мэдээлэл солилцов.
Говь-Алтай аймаг бол монгол бөхөн, цоохор ирвэс, хар сүүлтий, хавтгай, мазаалай зэрэг ховор амьтдын өлгий нутаг. Тиймдээ ч хууль бус агнуур, амьтны эд эрхтэний наймаа нэг бус удаа гардаг. Тиймээс үүнийг бууруулах, иргэдийн хуулийн мэдлэгийг дээшлүүлэх зайлшгүй шаардлага байгаа юм. Уулзалтын үеэр талууд энэ талаар ярилцаж  шийдэх арга замын талаар санал солилцов. Үүний үндсэн дээр талууд Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж, хамтарсан ажлын төлөвлөгөө боловсруулж ажиллахаар боллоо. 
 
Уулзалтын үеэр талууд энэ талаар ярилцаж шийдэх арга замын талаар санал солилцов. Үүний үндсэн дээр талууд Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж, хамтарсан ажлын төлөвлөгөө боловсруулж ажиллахаар боллоо.
© Дэлхийн байгаль хамгаалах сан Enlarge