“Цоохор ирвэсийн өдөр”-ийг амжилттай тэмдэглэлээ | WWF

“Цоохор ирвэсийн өдөр”-ийг амжилттай тэмдэглэлээ



Posted on 02 November 2017
Энэ жилийн гол онцлог нь анх удаа ирвэс бүхий 4 аймаг болон ОХУ-ын Тувагийн дархан газраас гээд 450 гаруй хүүхэд оролцлоо.
© Дэлхийн байгаль хамгаалах сан
Дэлхийд нэн ховор цоохор ирвэсийг таньж, мэдэх, байгаль экологийн ач холбогдлыг нь олон нийтэд ойлгуулж мэдрүүлэх, хайрлан хамгаалах үйл хэргийг уриалах зорилготой  “Цоохор ирвэсийн өдөр”-ийг 2017 оны аравдугаар сард  Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын санаачилгаар дөрөв дэх жилдээ тэмдэглэлээ.  Энэ жил Увс аймгийн  Улаангом хотод тэмдэглэсэн бөгөөд хот хоёр өдрийн турш ирвэсээр “амьсгалсан” юм.      
Энэ жилийн гол онцлог нь  анх удаа ирвэс бүхий 4 аймаг болон ОХУ-ын Тувагийн дархан газраас гээд 450 гаруй хүүхэд оролцлоо. Хүүхдүүдээс гадна ерөнхий боловсролын багш, 4 аймгийн Боловсрол соёлын газар, байгаль орчны газрын мэргэжилтэн, ТХГН, Хүүхэд хамгааллын төв гэсэн төрийн байгууллага, эцэг эхийн төлөөлөл зэрэг нийт 1100 хүн хамрагдлаа. Мөн Аймгийн Засаг дарга, ИТХ, хэлтэс, газрын дарга нар арга хэмжээний нээлт, хаалтад оролцлоо. Энэ өдөр сонирхолтой олон арга хэмжээ зохиогдсон юм.       
Цоохор ирвэсийг ард иргэд, сурагчдад таниулах, хамгаалах ажилд олон нийтийг уриалах ажлыг Багт наадам хэлбэрээр зохион байгууллаа. Хүүхдүүд аймгийн төвөөр ирвэсийн хувцас, дүрстэй багтай явж, дуу, бүжиг, уран нугаралт, уриалга, мессежтэй нээлтийг хийсэн нь олны анхаарлыг татсан.            
Түүнчлэн Улаангом хотын төв талбай болон төв захаар иргэдэд мэдээлэл хүргэх ажлыг хүүхдүүд зохион байгуулсан нь өмнө нь хийгдэж байгаагүй онцлогтой зүйл байлаа.
Бэлэг дурсгалын зүйлийг ирвэсээр төлөөлүүлж хийх даалгаврыг хүүхдүүд маш амжилттай хийсэн бөгөөд угсардаг ирвэс, савхи, модон материал дээр хийсэн, эсгэж оёсон гээд шинэлэг санаа авахуйц олон зүйл байлаа. Мөн ирвэсэнд тулгарч буй дарамт, энэ амьтны ач холбогдлыг харуулсан шторкны төрөлд 24 бүтээл ирсэн бөгөөд сайн бүтээл цөөнгүй байлаа.  
Ирэх 2018 онд болох цоохор ирвэсийн өдрийг  Баян-Өлгий аймагт хамтран тэмдэглэхээр болжээ.  
 
Энэ жилийн гол онцлог нь анх удаа ирвэс бүхий 4 аймаг болон ОХУ-ын Тувагийн дархан газраас гээд 450 гаруй хүүхэд оролцлоо.
© Дэлхийн байгаль хамгаалах сан Enlarge
Хүүхдүүд аймгийн төвөөр ирвэсийн хувцас, дүрстэй багтай явж, дуу, бүжиг, уран нугаралт, уриалга, мессежтэй нээлтийг хийсэн нь олны анхаарлыг татсан.
© Дэлхийн байгаль хамгаалах сан Enlarge
ОХУ-ын Тувагийн дархан газраас оролцогчид
© Дэлхийн байгаль хамгаалах сан Enlarge