13 цагаан зээрэнд сансарын дохиолол бүхий хүзүүвч зүүлээ | WWF

13 цагаан зээрэнд сансарын дохиолол бүхий хүзүүвч зүүлээ



Posted on 26 October 2017
Судлаачдын ярьснаар хүзүүвчнээс гурван жилийн хугацаанд мэдээлэл авах ажээ.
© Дэлхийн байгаль хамгаалах сан
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар Сүхбаатар аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газартай хамтран нутгийн зүүн хэсэгт 13 цагаан зээр барьж  сансарын дохиолол бүхий хүзүүвч зүүлээ. Монгол орны зүүн бүсэд шинээр байгуулагдах төмөр замд зэрлэг амьтдад зориулсан гарц байгуулах боломжит газрыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тодорхойлох, цаашид гарцын ашиглалтад мониторинг хийхэд шаардагдах мэдээллийг бүрдүүлэх зорилгоор энэхүү судалгааны ажлыг өнгөрсөн жилээс эхлэн хийж байгаа билээ. 2017 оны 10 дугаар сарын 9-25-нд явагдсан энэ удаагийн судалгааны ажилд Онон Балжийн байгалийн цогцолборт газрын Хамгаалалтын захиргааны мэргэжилтнүүд, байгаль хамгаалагчид, нутгийн иргэд хамтрагчаар оролцлоо.           
Монгол орны зүүн бүсэд гадаад, дотоодын  судлаачид олон жилийн өмнөөс цагаан зээрэнд хүзүүвч зүүж  судалгаа хийж  байсан. Харин Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын санаачилгаар хийж буй судалгаа судлаачдын орхигдуулсан газар нутагт чиглэснээрээ онцлог байв. Эдгээр газарт олон тооны цагаан зээр амьдардаг юм. Энэ удаагийн судалгааны бас нэг онцлог нь Хэнтий аймгийн ойт хээрийн бүсэд  тогтмол байршдаг цөөн тооны цагаан зээр  ОХУ руу хил дамнан хаагуур нүүдэлж байгааг судлах, нүүдлийн замыг нь шинжлэх ухааны үндэслэлтэй тогтооход оршиж байв.  
Цагаан зээрийг барьж, хүзүүвчлэх ажлын чухал хэсэг нь тор татах байлаа. 1.5 метрийн өндөртэй, олсоор хийгдсэн торыг зээрэнд харагдахгүй байх газрыг сонгож байршуулсан. Энэ тор нь олсоор хийгдсэн учир амьтны биед механик гэмтэл учруулахгүй. Зээр ирээд мөргөх үед тор амархан унах байдлыг тооцоолон шонгуудыг газарт гүехэн суулгаж, торыг сул татсан юм.  
Мэргэжилтнүүд машин, мотоцикль ашиглан цагаан зээрийн сүргийг тор руу алгуурхан чиглүүлсэн. Торонд дөхөх үед цөөн тооны цагаан зээрийг тасдан хөөж торонд шахан  оруулж барьжээ. “Зээрийг торонд оруулж барьсны дараа  тайвшруулах  зорилгоор  нүдийг  нь зөөлөн даавуугаар боож, аль болох чимээ гаргахгүй байсан. Хүзүүвчээ зүүж нас, хүйсийн мэдээлэл болон үсны дээж авсны дараа буцааж тавьсан. Нэг зээрэнд таван минутаас хэтрэхгүй хугацаа зарцуулсан. Зээрэнд хүзүүвч зүүснээр энэ амьтны нүүдлийн замыг мэдэх боломж гардаг” гэж судалгаанд оролцсон мэргэжилтнүүд ярьсан юм. Судлаачдын ярьснаар хүзүүвчнээс гурван жилийн хугацаанд мэдээлэл авах ажээ.    
 
 
 
Судлаачдын ярьснаар хүзүүвчнээс гурван жилийн хугацаанд мэдээлэл авах ажээ.
© Дэлхийн байгаль хамгаалах сан Enlarge
Энэ удаагийн судалгааны бас нэг онцлог нь Хэнтий аймгийн ойт хээрийн бүсэд тогтмол байршдаг цөөн тооны цагаан зээр ОХУ руу хил дамнан хаагуур нүүдэлж байгааг судлах, нүүдлийн замыг нь шинжлэх ухааны үндэслэлтэй тогтооход оршиж байв.
© Дэлхийн байгаль хамгаалах сан Enlarge
1.5 метрийн өндөртэй, олсоор хийгдсэн торыг зээрэнд харагдахгүй байх газрыг сонгож байршуулсан.
© Дэлхийн байгаль хамгаалах сан Enlarge