Хар Ямаатын байгалийн нөөц газарт судалгааны ажил үргэлжилж байна | WWF

Хар Ямаатын байгалийн нөөц газарт судалгааны ажил үргэлжилж байна



Posted on 23 October 2017
Судлаачдын ярьснаар бол өнгөрсөн долдугаар сард шавж, жижиг хөхтөн амьтдын тархалтын талаарх анхан шатны мэдээлэл цуглуулж, хэсэгчилсэн судалгаа хийжээ.
© Дэлхийн байгаль хамгаалах сан
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар Байгаль орчин, ногоон хөгжлийн яам болон Хэнтий, Сүхбаатар аймгийн удирдлагатай байгуулсан гэрээний дагуу Хар Ямаатын байгалийн нөөц газрын Хамгаалалтын захиргааны менежментийг хариуцан ажиллаж байгаа билээ. Энэ хүрээнд байгаль хамгааллын ажил ид үргэлжилж байна.
Байгаль хамгаалах ажилд судалгаа их чухал байдаг. Учир нь, тухайн газар нутгийн байгалийн онцлог, амьтны тоо, биологийн зүйлүүдийн уялдаа холбоог мэдэж авснаар хамгааллын оновчтой аргыг сонгох боломж бүрддэг юм. Тийм учраас МУИС-ийн судлаачидтай хамтран зэрлэг амьтан, ургамал, жижиг хөхтөн, шавьжийн судалгааг Хар Ямаатын байгалийн нөөц газарт хийж байна. Судлаачдын ярьснаар бол өнгөрсөн долдугаар сард шавж, жижиг хөхтөн амьтдын тархалтын талаарх анхан шатны мэдээлэл цуглуулж, хэсэгчилсэн судалгаа хийжээ. Тэд уулын хээрийн амьдрах орчноос хөх шишүүхэй (Cricetulus barabensis) гэсэн нэг зүйлийн хөхтөнг олж тэмдэглэсэн байна. Уг зүйл нь Монгол орны хээр, түүнчлэн ойт болон цөлөрхөг хээрт өргөн тархсан  юм. Түүнчлэн шөнийн идэвхтэй мэрэгчдийг гэрэлтүүлж барих, тодорхойлох судалгаа хийж Азийн хулгана (Apodemus peninsulae) гэсэн нэг зүйл хулганыг тэмдэглэлээ. Судалгааны явцад цуглуулсан шулуун далавчтан шавжийн сорьц дээжийг лабораторийн шинжилгээнд шилжүүлжээ.   
Цаашид Хар Ямаатын байгалийн нөөц газрын жижиг хөхтөн амьтны судалгааг нөөц газрын ялгаатай хэв шинж бүхий бүх амьдрах орчинг хамруулж хийсний үндсэн дээр тэдний популяцид нөлөөлж буй хүчин зүйлсийг тодруулах нь зүйтэй гэдэгт мэргэжилтнүүд санал нэгдэж байлаа.   
 
Судлаачдын ярьснаар бол өнгөрсөн долдугаар сард шавж, жижиг хөхтөн амьтдын тархалтын талаарх анхан шатны мэдээлэл цуглуулж, хэсэгчилсэн судалгаа хийжээ.
© Дэлхийн байгаль хамгаалах сан Enlarge