Нутгийн иргэд уул уурхайн шийдвэр гаргалтын талаар мэдлэгтэй болов | WWF

Нутгийн иргэд уул уурхайн шийдвэр гаргалтын талаар мэдлэгтэй болов



Posted on 19 October 2017
Сургалтад тус аймгийн ЗДТГ-ын мэргэжилтнүүд, цагдаагийн газар, сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга, Байгаль хамгаалагчид, Байгаль орчны хяналтын байцаагч зэрэг 100 гаруй хүн оролцлоо.
© Дэлхийн байгаль хамгаалах сан
Сүүлийн жилүүдэд Монгол Улсад уул уурхай эрчимтэй хөгжиж тэр хэрээр эерэг, сөрөг үзэгдлүүд гарч байгаа билээ. Үүний нэг нь талуудад тулгардаг мэдээллийн хомсдол юм. Өөрөөр хэлбэл, уул уурхайн аливаа төслийг хэрэгжүүлэхэд талууд ямар эрх үүрэгтэй оролцохоо тэр бүр мэддэггүй. Энэ асуудлыг шийдэх, уул уурхайтай холбоотой шийдвэр гаргалтад талуудын эрх үүргийг мэдүүлэх, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх зорилгоор Дэлхийн байгаль хамгаалах сан(WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар Европын холбооны санхүүжилттэйгээр төсөл хэрэгжүүлж байгаа билээ. Төслийн хүрээнд хоёр газрыг сонгоод байгаа бөгөөд нэг нь Онон голын сав газарт байдаг юм.   
Төслийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд  малчид, иргэд, орон нутгийн засаг захиргаа, олон нийтийн байгууллагууд, уул уурхайн компаниудад зориулсан цуврал сургалтуудыг зохион байгуулж байгаа билээ. Тэгвэл уг төслийн хүрээнд боловсруулсан Хууль, эрх зүйн үнэлгээний тайланг танилцуулах, уул уурхайн шийдвэр гаргалтад талуудын тэгш оролцоог хангах хамтын ажиллагааны загвар тогтолцоог танилцуулах уулзалтыг  2017 оны 9-р сарын 19-нд Хэнтий аймгийн Чингис хотод зохион байгууллаа.            
Сургалтад тус аймгийн ЗДТГ-ын мэргэжилтнүүд, цагдаагийн газар, сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга, Байгаль хамгаалагчид, Байгаль  орчны хяналтын байцаагч зэрэг 100 гаруй хүн оролцлоо.  
Сургалтыг лекцийн болон оролцооны аргад суурилж мэргэжлийн хүмүүс удирдан явууллаа. Төслийн хүрээнд боловсруулсан гарын авлагуудыг сургалтын дараа оролцогчдод тараасан  нь олж авсан мэдлэг, мэдээллээ бататгах боломжийг нэмэгдүүллээ гэж тэд олзуурхаж байлаа. Сумдаас оролцсон төлөөллүүд сургагч багш нартай биечлэн уулзаж зөвлөгөө авсан бөгөөд уг сургалтыг орон нутагтаа дахин авах хүсэлтээ илэрхийлж байсан нь иргэдэд үнэн зөв мэдээлэл дутагдаж байсны нотолгоо боллоо гэж төслийн удирдагчид ярьсан юм.
  
 
Сургалтад тус аймгийн ЗДТГ-ын мэргэжилтнүүд, цагдаагийн газар, сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга, Байгаль хамгаалагчид, Байгаль орчны хяналтын байцаагч зэрэг 100 гаруй хүн оролцлоо.
© Дэлхийн байгаль хамгаалах сан Enlarge