“Нөхөрлөл хөгжил-2017” наадам амжилттай боллоо | WWF

“Нөхөрлөл хөгжил-2017” наадам амжилттай боллоо



Posted on 04 October 2017
Наадмын үеэр нөхөрлөлүүд, сумдын нөхөрлөлийн холбоод, Онон голын загасчдын клубынхан болон Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар өөрсдийн үйл ажиллагаагаа олон нийтэд сурталчиллаа.
© Дэлхийн байгаль хамгаалах сан
Байгалийн нөөцийг зохистой ашиглах чиглэлээр ажилладаг нутгийн иргэдийн байгууллагуудын үйл ажиллагааг сурталчилах, туршлага солилцох гол цугларалт нь  “Нөхөрлөл хөгжил” наадам байдаг билээ. Анхны наадмыг Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын санаачилгаар 2010 онд Хэнтий аймгийн Норовлин суманд зохион байгуулсан түүхтэй.  Энэ жилийн наадмыг “Ногоон хөгжлийн  төлөө хамтдаа” уриатайгаар Чингис хотод зохион байгууллаа.    
Наадамд Хэнтий, Сүхбаатар аймгийн сумдын нөхөрлөлийн төлөөлөл болсон 200 гаруй хүн оролцлоо. Өмнө нь уг наадамд зөвхөн Онон голын сав газрынхан оролцдог байсан бол энэ удаа туршлага судлахаар төвийн аймгуудаас 100 гаруй хүн ирсэн нь онцлогтой байв.     
Наадмын үеэр нөхөрлөлүүд, сумдын нөхөрлөлийн холбоод, Онон голын загасчдын клубынхан болон Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар  өөрсдийн үйл ажиллагаагаа олон нийтэд сурталчиллаа. Уламжлал ёсоор шилдэг нөхөрлөлийн холбоо, шилдэг бүтээгдэхүүн шалгаруулсанаас гадна оролцогчдынхоо дунд “Дэвжээ” тэмцээн зохион байгуулав. Түүнчлэн “Нутгийн иргэдийн байгууллагуудад тулгамдаж буй асуудал, шийдэл” хэлэлцүүлэг зохион байгуулж тулгамдсан асуудлаа илэн далангүй ярилцлаа. Хэлэлцүүлгээс талууд нэгдсэн уриалга гаргаж тулгамдсан асуудлаа хамтын хүчээр шийдэхээр тохиролцсон юм. Наадмын төгсгөлд Онон голын Нөхөрлөлүүдийн нэгдсэн холбоо, Хэнтий аймгийн Худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран ажиллах  санамж бичиг байгууллаа. Ингэснээр нөхөрлөлүүд өөрсдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлэх бас нэг гарц нээгдэж байгаа юм.
Нөхөрлөлийн гишүүд туршлага солилцсон, иргэд байгалийн нөөц баялагаа зүй зохистой ашиглах замаар амьжиргаагаа дээшлүүлэх боломжтойг ойлгож чадсан чухал арга хэмжээ боллоо гэж “Нөхөрлөл хөгжил” наадамд оролцогчид ярьж байлаа.  
 
 
Наадмын үеэр нөхөрлөлүүд, сумдын нөхөрлөлийн холбоод, Онон голын загасчдын клубынхан болон Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар өөрсдийн үйл ажиллагаагаа олон нийтэд сурталчиллаа.
© Дэлхийн байгаль хамгаалах сан Enlarge
Энэ жилийн наадмыг “Ногоон хөгжлийн төлөө хамтдаа” уриатайгаар Чингис хотод зохион байгууллаа.
© Дэлхийн байгаль хамгаалах сан Enlarge