Эрдэм шинжилгээний бага хуралд урьж байна | WWF

Эрдэм шинжилгээний бага хуралд урьж байна



Posted on 19 September 2017
лого
© Дэлхийн байгаль хамгаалах сан
Алтай соёны бүс нутаг ба Амар мөрний сав газрын биологийн олон янз байдлын хамгаалал
Эрдэм шинжилгээний бага хурлын зар      
Зорилго:  
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF) Монгол Улсад үйл ажиллагаа явуулж эхлэсний 25 жилийн ойг тохиолдуулан дэлхий нийтэд ховордсон болон хүний нөлөөлөлд хамгийн ихээр өртөж буй ирвэс, монгол бөхөн, аргаль, тул, цагаан зээрийн амьдрах орчны  судалгаа, хамгаалал, цэнгэг ус, сэрүүн бүсийн шилмүүст ойн тогтвортой ашиглалт, хамгаалал, тогтвортой хөгжлийн боловсрол, нутгийн иргэдэд түшиглэсэн байгаль хамгааллын менежмент, зэрлэг амьтны хууль бус агнуур, худалдаа зэрэг сэдвээр хийсэн судалгааны сүүлийн үеийн ололт амжилт, хамгааллын менежментийн талаар мэдээлэл солилцох, хамтран ажиллах боломж олгох зорилгоор эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулах гэж байна.    
Хуралд Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн голлон анхаардаг бүс нутаг болох Алтай Соён болон Амарын сав газрын хүрээнд дээрх чиглэлээр ажиллаж байгаа мэргэжилтэн, судлаач, бусад сонирхогч талууд оролцох боломжтой. 
Хугацаа: 2018 оны 1-р сарын 17 (Лхагва гараг)            
Хаана болох: Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв/МУИС хурлын танхим (тухайн үед албан ёсоор мэдэгдэнэ)
Албан ёсны хэл: Монгол хэл         
Сэдэв:
Нэн ховор, ховор зүйлийн (цоохор ирвэс, монгол бөхөн, алтайн аргаль, тул) судалгаа, хамгаалал,
Тусгай хамгаалалттай газар нутаг, тулгамдаж буй асуудлууд, ирээдүйн чиг хандлага, Усны нөөцийн нэгдсэн менежмент, Тал хээрийн нүүдэллэдэг хөхтөн болон шувуудын судалгаа, хамгаалал, Нутгийн иргэдэд  түшиглэсэн байгалийн нөөцийн менежмент
Тогтвортой хөгжлийн боловсрол, түүний хэрэгжилт   
Хуралдааны илтгэл:
Сэдэв тус бүрийн хүрээнд 1-2 илтгэлийг сонгож хэлэлцүүлнэ. Хуралдаан эхлэхээс өмнө хурлын нарийн бичгийн компьютерт илтгэлээ хадгалуулна. Илтгэлийн хугацаа асуулт, хариултын хамт 25 минутаас хэтрэхгүй байна.
Ханын илтгэл:
Ханын илтгэлийн хэмжээ 120см өндөр, 90см өргөн байна.
Ханын илтгэлийг зориулалтын самбарт бүртгэлийн хугацаанд багтаан байрлуулж хуралдааны туршид байлгана.
Хурлын хөтөлбөрт тусгасан хугацаанд илтгэгч нар илтгэлээ танилцуулна.
Ханын илтгэлийг байрлуулахдаа бүртгэлийн хэсгээс тусламж авч болно (скоч, цавуу гм...)     
Хурлын бүтээл:
Бүтээлийг Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн 25 жилийн ойн хурлын эмхэтгэл болгож хэвлүүлнэ. Түүнчлэн бүтээлийг жил бүр уламжлал болгон
Бүтээл хүлээж авах эцсийн хугацаа: 2017 оны 12 сарын 15.
Дээрх сэдвийн хүрээнд өгүүлэл ирүүлэх бол info@wwf.mn хаягаар 2017 оны 12-р сарын 15-ны дотор ирүүлнэ үү. Өгүүлэлд тавигдах ерөнхий шаардлагыг Хавсралт 1-ээс үзнэ үү.
Холбоо барих:
Хуралтай холбоотой аливаа асуудлаар дараах хаягаар холбоо барьж тодруулна уу: enkhbayar@wwf.mn , info@wwf.mn  
Утас: 11-311659
Цахим хуудас: www.mongolia.panda.org
Хавсралт 1. Өгүүлэлд тавигдах шаардлага
·Өгүүллийг Монгол хэлээр бичих бөгөөд хураангуйг (summary) англиар давхар бичсэн байна.   
·Өгүүлэл нь хураангуй, түлхүүр үг, оршил, хэрэлэгдэхүүн, арга зүй, үндсэн хэсэг (зураг, график болон фото зураг, хүснэгт), дүгнэлт, хэлэлцүүлэг, ишлэл татсан бүтээл зэргийг оролцуулан 297x210мм (A4) хэмжээтэй 10 хуудсанд багтсан байна.
·Өгүүллийн эхийг А4 хэмжээтэй бичгийн цаасан дээр, дээр доороос нь 2.0 см, зүүнээс нь 3.0 см, баруунаас 2.0 см тус тус зайтай Microsoft Word программын Times New Roman үсгийн 12 хэмжээтэйгээр, мөр хоорондын зай Single хэмжээтэй байна.
·Хүснэгтэд дугаар өгч (Хүснэгт 1. ...,) баруун дээд хэсэгт байрлуулна. Харин хүснэгтийн нэрийг зэрэгцүүлж байрлуулна. Хүснэгтийн дугаарын дээр нь 12pt зай, харин доор нь 6pt зай үлдээнэ.
·Зураг, бүдүүвчийн дугаар, нэрийг дээр нь байрлуулах (1-р зураг..,) ба зураг, бүдүүвчийн дээр 12pt, харин зургийн нэр, тайлбарын доор 6pt хэмжээтэй мөр үлдээнэ.
·Математик бичлэгүүд equition программаар бичигдэнэ. Томьёо дээр, доороо тус тус 12pt зайтай, мөр голлон байрлах ба ардаа мөрний төгсгөлд (1, 2.., гм) дугаар заах цифртэй байна.
·Бүх дэд гарчигууд мөрний зүүн талд зэрэгцэх ба Bold үсгээр бичигдэнэ.
·Ишлэлийг тухайн бүтээлийн зохиогчийн нэр, оноор (Дорж, 2017 эсвэл Дорж ба Очир, 2017 гм) авна. Гурваас илүү зохиогчтой тохиолдолд эхний зохиогчийн нэрийн ард нар, он гэж тэмдэглэнэ (Дорж нар, 2017 гм). Зохиогч нэг жилд нэгээс олон бүтээл хэвлүүлсэнийг ашигласан бол оны ард цагаан толгойн жижиг үсгээр ялгана (Дорж, 2017a эсвэл Дорж, 2017б гм).    
Өгүүлэлд нэр томьёог товчилж бичихгүй. Харин амьтан, ургамлын зүйлийн нэрийг бичихдээ эхний удаад бүтэн нэрээр, дараа нь товчлон бичиж болно. Жишээ нь Oropsylla silantiewi гээд цаашид энэ нэр дахин давтагдах тохиолдолд О. silantiewi гэж бичнэ. Латин нэрийг налуу /italic/ үсгээр бичнэ.
Өгүүлэлд хэрэглэсэн хэмжигдэхүүнийг олон улсын CИ системээр тэмдэглэнэ.  
Өгүүлэлд оруулсан тахирмаг, бүдүүвч нь тод ялгарах өнгөөр тэмдэглэгдсэн байна. Тайлбарыг тусад нь бичсэн байна. Фото зураг, тахирмаг, бүдүүвчийг TIF, JPEG, GIF өргөтгөлтэй эх файлаар хүлээн авна. Зургийг text box-оор засварлахыг хориглоно.   
Өгүүлэл дараах бүтэцтэй байна. Үүнд:
Өгүүллийн нэр
12 хэмжээтэй, том үсгээр, Bold ТОМ ҮСГЭЭР, мөр голлоно /14 pt хэмжээтэй  хоосон мөр үлдээх/
Зохиогчийн нэр, хаяг
1-р зохиогч уг судалгааны ажлын үндсэн хэсгийг хийсэн байх, сүүлчийн зохиогч уг ажлыг удирдсан байх. Зохиогчдын нэрийн баруун дээд өнцөгт 1,2 гэх мэтээр тэмдэглэн нэрсийн доор зохиогчийн албан газрын нэр, 1-р зохиогчийн цахим хаяг бичсэн байна /зохиогчийн нэрс, албан газрын нэр, цахим хаяг хооронд 12pt хэмжээтэй хоосон мөр үлдэнэ/.
Хураангуй
Зорилго, таамаглал, арга, аргачлал, үр дүн, дүгнэлт гэсэн бүтэцтэйгээр 200-250 хүртэл үгэнд багтааж Italic хэлбэрээр бичнэ, зүүн талд зэрэгцэж байрлана /12pt  өндөртэй 2 хоосон мөр авна/.
Түлхүүр үг
Өгүүллийн санааг гаргахуйц ганц тоогоор илэрхийлэгдсэн 5 хүртэл нэр үг байна. Өгүүллийн нэрэнд орсон үг байж болохгүй, зүүн талд зэрэгцэж байрлана /12pt  өндөртэй 2 хоосон мөр/. 
Оршил
Судалгааны ажлын үндэслэл, шинэлэг тал, зорилгыг оруулан зүүн талд зэрэгцүүлж байрлуулна /12pt  өндөртэй хоосон мөр/.
Судалгааны хэрэглэгдэхүүн, арга зүй
Сонгосон судалгааны хэрэглэгдэхүүн, хэрэглэсэн аргын нэр, товч тайлбар, судалгаанд ашигласан багаж, эм урвалжийн нэр, статистик боловсруулалт ямар аргаар хийгдсэн зэрэг мэдээлэл багтана. Зүүн талд зэрэгцэж байрлана /12pt  өндөртэй  хоосон мөр/.
Судалгааны үр дүн
Судалгаанаас гарсан үр дүнг тодорхой бичнэ. Үр дүнгийн тайлбарыг хүснэгт болон зургаар илэрхийлэхдээ давхардуулж болохгүй. Зүүн талд зэрэгцэж байрлана /12pt  өндөртэй  хоосон мөр/.
Хэлэлцүүлэг
Өөрийн судалгааны үр дүнг бусад судлаачдынхтай харьцуулж өөрийн санал, дүгнэлтийг үндэслэлтэйгээр товойлгон гаргасан байна. Зүүн талд зэрэгцэж байрлана /12pt  өндөртэй  хоосон мөр/.
Дүгнэлт
Үр дүнд тулгуурласан товч тодорхой байх ба зүүн талд зэрэгцэж байрлана /12pt  өндөртэй хоосон мөр/.
Талархал
Уг судалгааг явуулахад тусалсан хамт олон, хүмүүст талархал бичнэ. Зүүн талд зэрэгцэж байрлана /12pt  өндөртэй хоосон мөр/.
Ашигласан хэвлэл
Зохиогчийн нэр, овгийн эхний үсгүүд, он, ашигласан материал, ном, сэтгүүлийн нэр, боть, дугаар, хуудас, web site-ийн хаягийг бүрэн бичнэ. Зүүн талд зэрэгцэж байрлана /12pt  өндөртэй хоосон мөр/. Жишээ нь:   
Чимэддорж, Б., Пүрэвсүрэн, С., Тэрбиш, Х., Гантулга, Б., Суран. Д., Пүрэвдорж, С. (2017). Амьтан, ургамал, тэдгээрийн эд эрхтнийг таних гарын авлага. Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар, Байгаль орчин аялал, жуулчлалын яам. Улаанбаатар хот. 200х Англи хураангуй
Өгүүллийн нэр, зохиогчийн нэр, албан газар, өгүүллийн товч утга, үр дүнг англи хэлээр 200-250 үгэнд багтааж бичсэн байна.
 
 
лого
© Дэлхийн байгаль хамгаалах сан Enlarge