“Говийн гайхамшигт 6”-гийнхан Баянтооройд цугларна | WWF

“Говийн гайхамшигт 6”-гийнхан Баянтооройд цугларна



Posted on 12 September 2017
GG-6 лого
© Дэлхийн байгаль хамгаалах сан
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын санаачилгаар Монгол орны говийн зэрлэг амьтад болох хавтгай, мазаалай, тахь, хулан, монгол бөхөн, хар сүүлт болон тэдгээрийн амьдардаг  экосистемийг хамгаалах, уг ажилд төрийн болон төрийн бус байгууллага, нутгийн иргэдийн хүчин чармайлтыг нэгтгэх хамтын ажлын хөрс суурийг бэлдэх зорилгоор “Говийн гайхамшигт 6”  арга хэмжээг 2016 онд зохион байгуулсан билээ.  Арга хэмжээ тахийн байгаль дээр ул мөрөө үлдээсэн сүүлчийн газар шороогоор түүхэнд тэмдэглэгдсэн Зүүнгарын говь, одоогийнхоор бол тахийг сэргээн нутагшуулж буй ТАХИЙН ТАЛ хэмээх газар, тодруулбал, Говийн их дархан цаазат газрын “Б” хэсгийн Хамгаалалтын захиргааны нутагт болсон юм.   
Олны сонирхлыг татсан энэ арга хэмжээний үеэр талууд говийн ховор амьтдыг хамгаалах ажилд хамтрахаар санал нэгдсэн бөгөөд энэ чиглэлээр тодорхой ажил хийхээр амлалт авсан юм. Өнгөрсөн хугацаанд талууд “Говийн гайхамшигт 6”-г хамгаалах талаар ямар ажил хийсэн, цаашид юу хийх шаардлагатайг хэлэлцэх уулзалт 2017 оны 9 сарын 25-26-нд Говь-Алтай аймгийн Цогт сумын нутаг дахь Баянтоорой тосгонд болно.  
Өнгөрсөн жилийн арга хэмжээний нэг гол үр дүн бол TTT буюу “ТАХИЙН ТАЛЫН ТУНХАГ” бичгийг санал нэгтэй баталж талууд тус бүрдээ хийх ажлаа төлөвлөсөн явдал юм. “Говийн гайхамшигт 6” нэрийн дор нэгдсэн цогц бодлого явуулснаар говь нутгийн экосистемийг хамгаалах асуудлыг ул суурьтай хөндөж, бодлого, хамтын ажиллагаа, судалгаа, хамгаалал, зохистой ашиглалтад дэвшил гарах билээ. Арга хэмжээг нутгийн иргэд, ялангуяа  орон нутгийн удирдлага ихэд дэмжих болсон нь бөгөөд энэ жилийн арга хэмжээг Говь-Алтай аймаг зохион байгуулж байгаа юм.
 
GG-6 лого
© Дэлхийн байгаль хамгаалах сан Enlarge