Оролцогчид Дэлхийн байгаль хамгаалах сангийн хавхны аяныг ихэд үнэллээ | WWF

Оролцогчид Дэлхийн байгаль хамгаалах сангийн хавхны аяныг ихэд үнэллээ



Posted on 01 September 2017
Хавхны эсрэг аяныг Дэлхийн байгаль хамгаалах сангийн ерөнхий захирал Марко Ламбертини ихэд үнэлжээ.
© Дэлхийн байгаль хамгаалах сан
Цоохор ирвэс, түүний амьдрах орчныг хамгаалах хоёрдугаар чуулга уулзалт Киргизийн Бишкек хотод 2017 оны 8-р сарын 24-25-нд боллоо. Энэ чуулга уулзалтад дэлхийн 22 улсын Засгийн газрын төлөөлөгчид, байгаль хамгаалах байгууллага, донор байгууллагуудын төлөөлөл оролцож цоохор ирвэсийг хэрхэн хамгаалах талаар ярилцав. Монгол Улс цоохор ирвэсийн тоогоороо дэлхийд хоёрдугаарт ордог улсын хувьд уг чуулга уулзалтад өргөн бүрэлдэхүүнтэйгээр оролцсоны дотор Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын мэргэжилтнүүд байв.   
Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар цоохор ирвэс хамгааллын ажилд онцгой анхаарал хандуулдаг бөгөөд мониторинг судалгаа хийх, олон нийтэд хандсан сургалт сурталчилгааг шинэлэг байдлаар хийх зэргээр идэвхи зүтгэлтэй ажилладаг юм. Үүнийхээ талаар чуулга уулзалтад оролцогчдод танилцуулсан бөгөөд үүнээс хавхны эсрэг аян тэдний сонирхлыг ихэд татлаа. Энэ аяныг Ховд аймгийн Манхан сумын экоклубын хүүхдүүдийн санаачилгаар Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар хамтран хэрэгжүүлсэн билээ. Экоклубын хүүхдүүд хавхны аюулыг малчдад ойлгуулж, улмаар гэр ахуйн хэрэгслээр хавхыг сольж авсан юм. Олны талархлыг хүлээсэн энэхүү кампанит ажлын үр дүнд малчдаас нийт 468 хавх цуглуулсан байна. Туршлагатай байгаль хамгаалагчдын яриагаар нэг хавх 10 амьтны амийг хөнөөдөг аж. Тэр утгаараа 468 хавхийг аюулгүй болгож чадсан нь олон мянган амьтны амийг аварч чадсан сайн ажил болсон юм.  Энэхүү кампанит ажлыг Монгол Улсын Байгаль орчны сайд дэмжиж улс орны хэмжээнд хэрэгжүүлэхээр болсон билээ.          
Танилцуулгын үеэр хавхны төмрийг ашиглаж хийсэн ирвэсийн хөшөөг оролцогчдод үзүүлсэн нь тэдний сонирхлыг ихэд татлаа. Хавхны эсрэг аяныг Дэлхийн байгаль хамгаалах сангийн ерөнхий захирал Марко Ламбертини ихэд үнэлсэн бөгөөд “Байгаль хамгааллын бодит үр дүнтэй ийм ажил олныг санаачилж ажиллаарай” гэж хэлсэн юм.                      
 
Хавхны эсрэг аяныг Дэлхийн байгаль хамгаалах сангийн ерөнхий захирал Марко Ламбертини ихэд үнэлжээ.
© Дэлхийн байгаль хамгаалах сан Enlarge