“Мод дагаж ус-Ус дагаж амьдрал” аяныг иргэд дэмжихээ илэрхийлэв | WWF

“Мод дагаж ус-Ус дагаж амьдрал” аяныг иргэд дэмжихээ илэрхийлэв



Posted on 21 February 2017   |  
хортон шавжийн тандалт судалгааг татмын ойд зохион байгуулж, зохих арга хэмжээг авч, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг иргэд хүслээ.
© Дэлхийн байгаль хамгаалах сан
Онон голын сав газар хэдийгээр ойн багагүй нөөцтэй ч замбараагүй ашиглалтыг зогсоох, хамгаалалтын менежментийг сайжруулах шаардлагатай байгаа билээ. Энэ үүднээс “Ойн менежментийг сайжруулахад талуудын оролцоо” сэдэвт уулзалтыг Хэнтий аймгийн Биндэр, Баян-Адрага, Норовлин, Дадал суманд зохион байгуулав. Энэ удаагийн уулзалтын зорилго нь  ойн ашиглалт, нөхөн сэргээлт, хамгаалалтын менежментийг сайжруулах, талуудын оролцоог хэрхэн нэмэгдүүлэх, ойг ашиглагч талуудын  хамтын ажиллагааны төлөвлөлтийг боловсруулах, цаашид юу хийж болох талаар санал солилцоход чиглэж байв.
Талуудын сонирхлыг татсан уг  уулзалтад Онон голын сав газрын сумдын засаг дарга нар, Хэнтий аймгийн БОАЖГ-ын удирдлага, Онон Балжийн байгалийн цогцолборт газрын  хамгаалалтын захиргаа, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын мэргэжилтнүүд, сумдын ойн анги, байгаль орчны хяналтын улсын байцаагчид, байгаль хамгаалагчид, сумдын нөхөрлөлийн холбоо, нөхөрлөлийн гишүүд, сумын иргэдийн төлөөллөөс бүрдсэн 300 гаруй хүн оролцсон юм.
2016 онд зохион байгуулсан ойн талуудын уулзалтаас гарсан Харилцан ойлголцлын санамж бичгийн дагуу зохион байгуулсан үйл ажиллагааны тайланг танилцуулж амжилт, алдаа оноогоо илэн далангүй ярилцаж уг санамж бичгийг боловсронгуй болгож дахин талуудтай байгуулахаар боллоо.Уулзалтаар багагүй хэмжээний ой хортон шавжинд өртсөн байдлыг хэрхэн шийдэх талаар иргэд асууж байсан бөгөөд үүнд онцгой анхаарах хэрэгтэй гэдэгт оролцогчид санал нэгдэж байв. Үүнтэй холбоотойгоор хортон шавжийн тандалт судалгааг татмын ойд зохион байгуулж, зохих арга хэмжээг авч, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг иргэд хүслээ. Түүнчлэн ойн баялгыг байнга ашиглах бус өрх бүхэн жимсний аж ахуйтан болох ажилд хамрагдах өрхийн тоог нэмэгдүүлэх, тариалалт  болон арчилгааны сургалт зохион байгуулах саналуудыг оролцогчид хэлж байсан юм.       
Ойн нөхөрлөлүүдийн талбайд байгалийн дагалдах баялагийн ашиглалт, үүний төлбөртэй холбогдсон асуудал, зөрчил байнга гардаг нь иргэдийн дунд үл ойлголцол үүсгэдэг ажээ. Үүнд орон нутгийн удирдлага анхаарал хандуулж хууль эрх зүйн хүрээнд зохицуулахаа илэрхийлсэн байна. Иргэдэд хуулийн мэдлэг олгох талаар анхаарч ажиллах цаг болсныг ч тэд дурдлаа.  
Уулзалтын үеэр Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын мэргэжилтнүүд “Мод дагаж ус-Ус дагаж амьдрал” аяны зорилго, чиглэлийг танилцуулж, оролцогч талуудаас санал авав. Оролцогчид энэ аяныг ихэд дэмжиж байгаа бөгөөд аяны үеэр тодорхой ажилд хамтрахаа илэрхийлсэн байна.   
 
 
 
хортон шавжийн тандалт судалгааг татмын ойд зохион байгуулж, зохих арга хэмжээг авч, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг иргэд хүслээ.
© Дэлхийн байгаль хамгаалах сан Enlarge

Comments

blog comments powered by Disqus