Эрүүл монгол бөхөнг хамгаалж тусгаарлах, голомтын бүс рүү нэвтрүүлэхгүй байхад анхаарна | WWF

Эрүүл монгол бөхөнг хамгаалж тусгаарлах, голомтын бүс рүү нэвтрүүлэхгүй байхад анхаарна



Posted on 10 February 2017   |  
Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга У.Хүрэлсүх холбогдох сайд, агентлагийн удирдлага, зарим аймгийн Засаг дарга нарт үүрэг, чиглэл өглөө.
© Дэлхийн байгаль хамгаалах сан
Улсын Онцгой комиссын хуралдаан болж Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга У.Хүрэлсүхийн төв, зүүн аймгуудад ажилласан тухай танилцуулгыг сонслоо. Мөн мялзан өвчнөөр олон тооны бөхөн хорогдсонтой холбогдуулан газар дээр нь ажилласан Ажлын хэсгийн тайлан, мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаар хэлэлцлээ.
Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга У.Хүрэлсүх холбогдох сайд, агентлагийн удирдлага, зарим аймгийн Засаг дарга нарт үүрэг, чиглэл өглөө.
Тухайлбал:
- Гоц халдварт өвчнөөр өвчилсөн цагаан зээр, бөхөн болон бусад зэрлэг амьтны байдалд тандалт судалгааг мэргэжлийн байгууллагатай хамтран хийж, өвчлөлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр гадаад орон, олон улсын байгууллагаас ирж ажилласан шинжээч, зөвлөхийн зөвлөгөөг хэрэгжүүлэх
 -Орон нутгийн хэмжээнд тохиолдсон гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох, мал, амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх ажлыг цаг алдалгүй зохион, шаардагдах хөрөнгийг Засаг даргын нөөц хөрөнгөөс зарцуулж, тайлангаа Улсын Онцгой комисст ирүүлэх
-Гамшгийн голомтод дайчлагдан ажиллаж байгаа албан хаагчид, иргэдийг хоол хүнс, шатахуунаар хангах
-Мал, амьтны гоц халдварт шүлхий, цэцэг, мялзан гарсан аймаг, орон нутагт тогтоосон хорио цээрийн дэглэмд хяналт тавьж, мэргэжлийн байгууллагуудтай уялдаа холбоотой байх
-Сар шинийн баяр болон оюутан, сурагчдын амралтыг зөв зохицуулах
- Мал, мах, малын гаралтай бүтээгдэхүүнээс өөр төрлийн ачаа тээвэрлэж байгаа тээврийн хэрэгслийг хяналтын болон хорио цээр тогтоосон постуудаар нэвтрүүлэхдээ ариутгал, халдваргүйжүүлэлтийг сайн хийж, зорчиж байгаа чиглэлээсээ хазайхгүй байхыг анхааруулах
- Гоц халдварт өвчнөөр өвчилж хорогдсон мал, амьтны сэг зэмийг устгах, ариутгал, халдваргүйжүүлэлт хийн, шаардлагатай эм, бодисоор хангаж, болзошгүй эрсдэлээс хамтран сэргийлэх
- Гоц халдварт өвчин гарсан аймгуудад амьд малын худалдаа, дамжуулан тээвэрлэх болон мал, малын гаралтай түүхий эд, мах, махан бүтээгдэхүүнд тавих хяналт, шалгалт хийх, гарал үүслийн гэрчилгээ, ариун цэвэр, хорио цээрийн дэглэмийг чанд мөрдүүлэхийг үүрэг болголоо.
3818 бөхөн мялзан өвчнөөр хорогдоод байна
Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга У.Хүрэлсүхийн тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэг энэ сарын эхээр Говь-Алтай аймгийн Халиун, Шарга, Дарви, Ховд аймгийн Дарви, Чандмань сумын Шарга, Хүйсийн говь, Дөргөний хүрэн талд бөхөн мялзангаар өвчилж олноор хорогдож байгаатай танилцсан байна.
Одоогийн байдлаар 3818 бөхөн, 24 хар сүүлт хорогдоод байгаа бөгөөд Ажлын хэсгийнхэн аймаг, сумын Онцгой комиссын өргөтгөсөн хурал хийн, хяналтын болон бөхөн устгалын явцыг дүгнэж, үүрэг чиглэл, зөвлөмж өгчээ.
Тухайлбал, Шаргын говийн хяналтын пост хоорондын зайг ойртуулах, нэмэлт хүч, хэрэгсэл дайчлах, гуравдугаар сарын 01 хүртэл малын гоц халдварт өвчин гарсан үеийн хорио цээрийн дэглэмийн дагуу ажиллах, Шаргын болон Хүйсийн говь, Дөргөний хүрэн талд нутаглаж байгаа, хаваржих малчин өрх, малын тоо, байршлын судалгааг яаралтай гаргах болжээ.
Бөхөнгийн дархлаа суларсан учир ирэх хавраас цусан халдвараар өвчлөх магадлал өндөр байна. Иймээс олон улсын шинжээч болон мэргэжлийн байгууллагын зөвлөмжийн дагуу урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллаж эхэлжээ. Цаашид Шаргын говийн бөхөнгийн тандалт судалгааг яаралтай хийж, эрүүл бүс эсэхийг тогтоон байнгын тандалт хийхээр боллоо. Мөн Говь-Алтай аймгийн Халиун сумын 12 өрхийн 8000 малд вакцин хийж дуусган, Бигэр, Эрдэнэ, Чандмань сумын малыг вакцинжуулах юм.
Ховд аймгийн Дөргөнө сумын Агушийн арал дээр 22, Хомын талд 44, Манхан сумын Адгийн худаг, Дугуйн ам, Талын хар нутагт байгаа 100 гаруй эрүүл бөхөнг хамгаалж тусгаарлах, голомтын бүс рүү нэвтрүүлэхгүй байхыг зорьж байгаагийн зэрэгцээ бөхөн хамгаалах чиглэлээр малчдад ухуулга, таниулга хийж байна.
Эх сурвалж: zasag.mn
 
Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга У.Хүрэлсүх холбогдох сайд, агентлагийн удирдлага, зарим аймгийн Засаг дарга нарт үүрэг, чиглэл өглөө.
© Дэлхийн байгаль хамгаалах сан Enlarge
Монгол бөхөн
© Дэлхийн байгаль хамгаалах сан Enlarge

Comments

blog comments powered by Disqus