“Говийн гайхамшигт 6”-г дэмжигчдийн тоо нэмэгдсээр | WWF

“Говийн гайхамшигт 6”-г дэмжигчдийн тоо нэмэгдсээр



Posted on 07 February 2017
“Ландкруйзер 79” болон УАЗ-469, Фургон автомашинд иж бүрэн засвар, үйлчилгээг үнэ төлбөргүй хийж Говийн их дархан цаазат газрын А хэсгийн хамгаалалтын захиргаанд хүлээлгэн өглөө
© Г. Банди
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын санаачилгаар Монгол орны говийн зэрлэг амьтад болох хавтгай, мазаалай, тахь, хулан, монгол бөхөн, хар сүүлт болон тэдгээрийн амьдардаг экосистемийг хамгаалах, уг ажилд төрийн болон төрийн бус байгууллага, нутгийн иргэдийн хүчин чармайлтыг нэгтгэх хамтын ажлын хөрс суурийг бэлдэх зорилгоор “Говийн гайхамшигт 6” хэмээх санаачилгыг өрнүүлээд байгаа билээ. Энэ хүрээнд 2016 оны есдүгээр сарын 15,16-нд Говийн их дархан цаазат газрын “Б” хэсгийн Хамгаалалтын захиргааны нутагт нээлтийн арга хэмжээ зохион байгуулсан нь олны талархлыг хүлээсэн юм. Тэгвэл энэ санаачилгыг дэмжигчдийн тоо нэмэгдсээр байна. Монголын Бартаат замын авто спортын холбооны алтан гартай залуус нэн ховордсон мазаалай, бөхөн, хавтгай зэрэг амьтдыг хамгаалах үйлст зүтгэдэг “Ландкруйзер 79” болон УАЗ-469, Фургон автомашинд иж бүрэн засвар, үйлчилгээг үнэ төлбөргүй хийж Говийн их дархан цаазат газрын А хэсгийн хамгаалалтын захиргаанд хүлээлгэн өглөө. Монголын бартаат замын авто спортын холбооны тэргүүн Т.Ганболд “Дэлхийд ховордсон, "Улаан ном"-д орсон эдгээр амьтдаа эрүүл аюулгүй амьдрахад нь яавал тус дэм болох вэ, үүнийгээ нийгэмдээ хандуулж, хүмүүст уриалах гол зорилготой юм. Монголоо гэсэн зүрх сэтгэлтэй бүхий л хүмүүст ан амьтан, дархан цаазат газраа хайрлан хамгаалаарай гэж хэлмээр байна. Энэхүү гурван машиныг засварлахад нийтдээ 30 гаруй сая төгрөгийн зардал гарсан байна. Мөн маш олон клуб, хувь хүмүүс оролцсон. 100 гаруй тэмдэг тэмдэглэгээг хийсэн” гэв.
“Ландкруйзер 79” болон УАЗ-469, Фургон автомашинд иж бүрэн засвар, үйлчилгээг үнэ төлбөргүй хийж Говийн их дархан цаазат газрын А хэсгийн хамгаалалтын захиргаанд хүлээлгэн өглөө
© Г. Банди Enlarge