Хууль бус агнуурын эсрэг хамтарсан хяналт, шалгалт хийв | WWF

Хууль бус агнуурын эсрэг хамтарсан хяналт, шалгалт хийв



Posted on 22 December 2016   |  
Хууль бусаар долоон зээр агнаж гэрийнхээ ойролцоо нуусан байсныг нь илрүүлжээ
© Дэлхийн байгаль хамгаалах сан
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар  Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах газрын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтэс, Дорнод аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газартай хамтран хууль бус агнуурын эсрэг хяналт, шалгалтыг Монгол орны зүүн бүсийн Дорнод аймгийн нутаг дэвсгэрт хийлээ. Ес хоногийн хугацаатай хийсэн шалгалтад Дорнод аймгийн төв болон таван сумын нутаг дэвсгэр, тэдгээрт нутагладаг иргэд хамрагдлаа.     
Хяналт, шалгалтыг  үр дүнд хүргэх үүднээс оролцогчид хоёр багт хуваагдаж ажилласан бөгөөд хууль бус агнуур гарч болзошгүй газруудыг Дорнод аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтнүүдийн саналаар сонгосон юм. Энэ удаагийн шалгалтын онцлог нь тал хээрийн гайхамшиг гэгддэг цагаан зээрийн хууль бус агнуурт гол анхаарлаа хандуулсан явдал байв. Цагаан зээрийг олноор нь агнаж байна гэсэн мэдээлэл ирж байсан ч газар дээр нь очиж шалгахад байдал өөр байлаа. Цагдаа нарын ярьснаар хууль бус агнуур, эд эрхтэний наймаа зохион байгуулалтад орсон нь хэргийг илрүүлэхэд  багагүй саад болж байгаа ажээ.    
Хяналтын баг иргэдээс ирүүлсэн мэдээллийн дагуу Дорнод аймгийн Чулуунхороот сумын нутагт нэгэн иргэнийг шалгаж хууль бусаар долоон зээр агнаж гэрийнхээ ойролцоо нуусан байсныг нь илрүүлжээ. Түүнчлэн тус сумын бас нэг иргэн хууль бусаар найман  зээр агнаж өвсөнд нуусан үйлдлийг цагдаагийнхан илрүүлж холбогдох хуулийн дагуу нөхөн төлбөр ногдуулж, торгуулийн арга хэмжээ авсан байна. Иргэд идэшний зориулалтаар цагаан зээр агнах нь бараг хэвийн үзэгдэл болсон, үүнээс болж тоо толгой нь цөөрч байгаа талаар Дорнод аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтнүүд харамсангуй ярьж байлаа.  Тэд хяналт, шалгалтаас гадна  Амьтны тухай хууль, нөхөн төлбөр ногдуулах журам, амьтны экологи эдийн засгийн үнэлгээ, ан агнах зөвшөөрөл хэрхэн авах талаар нутгийн иргэдэд мэргэжлийн зөвлөгөө өгч, холбогдох хууль тогтоомжийн сурталчилгаа хийсэн байна.          
 
Хууль бусаар долоон зээр агнаж гэрийнхээ ойролцоо нуусан байсныг нь илрүүлжээ
© Дэлхийн байгаль хамгаалах сан Enlarge
Зээрийн эвэр
© Дэлхийн байгаль хамгаалах сан Enlarge

Comments

blog comments powered by Disqus