Монгол Улс анх удаа Экологийн цагдаагийн албатай боллоо | WWF

Монгол Улс анх удаа Экологийн цагдаагийн албатай боллоо



Posted on 08 January 2020
Экологийн цагдаа нь улсын байцаагчийн эрхтэйгээс гадна байгаль орчинд хохирол учруулсан этгээдүүдэд хэрэг нээж бүртгэх эрхтэй байх юм байна.
© zasag.mn
Монгол Улсын Засгийн газрын 2019 оны нэгдүгээр сарын 6-ны өдрийн хуралдаанаар Экологийн цагдаагийн алба байгуулах шийдвэр гаргалаа. Энэхүү алба нь хүрээлэн буй орчныг хамгаалах, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, байгаль экологид учрах хохирлыг бууруулах бодлогыг хэрэгжүүлэх юм. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж” Арван аймаг, 100 гаруй суманд эхний ээлжинд байгуулна. Хариуцах ажил нь байгаль орчин, тэр тусмаа уул уурхайн олборлолттой холбоотой асуудлыг хянах чиглэлийнх байх юм. 2019 онд уул уурхайн хууль бус 150 лицензыг цуцалж, хууль зөрчсөн аж ахуйн нэгжүүдээр нь нөхөн сэргээлт хийлгэж эхэлсэн байдаг. Цаашид хууль бусаар уул уурхай эрхэлж, байгаль орчин сүйтгэж, дураараа авирладаг байдлыг бүрмөсөн зогсооно. Экологийн цагдаагийн албыг 170 хүний орон тоотой байхаар баталсан” хэмээн ярьжээ.
Экологийн цагдаа нь улсын байцаагчийн эрхтэйгээс гадна байгаль орчинд хохирол учруулсан этгээдүүдэд хэрэг нээж бүртгэх эрхтэй байх юм байна. Ийнхүү Монгол Улс анх Экологийн цагдаагийн албатай болсноор байгаль орчны эсрэг гэмт хэргийг бууруулах бодит боломж нээгдэж байгаа юм.
Экологийн цагдаатай болох санаачилгыг 2017 онд болсон “Говийн гайхамшигт-6” уулзалтын үеэр анх гаргасан бөгөөд байгаль хамгааллыг илүү үр дүнд хүргэх гэсэн  оролцогч талуудын санаачилга, хууль хяналтын байгууллагынхны хамтын хүчин зүтгэлийг ийнхүү Монгол Улсын төр дэмжлээ.
Сонирхуулахад, Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын санаачилгаар Монгол орны говийн зэрлэг амьтад болох хавтгай, мазаалай, тахь, хулан, монгол бөхөн, хар сүүлт, тэдгээрийн амьдардаг  экосистемийг хамгаалах, уг ажилд төрийн, төрийн бус байгууллага, нутгийн иргэдийг татан оролцуулах зорилгоор “Говийн гайхамшигт 6”  арга хэмжээг 2016 онд анх санаачилсан нь эдүгээ нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн байгаль хамгааллын томоохон арга хэмжээ болж өргөжөөд байна.
Санаачлагад нэгдсэн талууд жил бүр уулзаж говийн зэрлэг амьтдыг хэрхэн хамгаалах ажлаа төлөвлөдөг бөгөөд тэдгээрийн цөөнгүй нь үр дүнд хүрч, үүний ачаар амьтдын хамгаалал сайжирч байгаа юм. “Говийн гайхамшигт-6” санаачилгыг Байгаль орчин, аялал жуулчлалын яам бодлогын хувьд эхнээс нь дэмжиж байгаа нь талуудын оролцоог нэмэгдүүлэхэд ихээхэн түлхэц өгч байгаа билээ.    
Экологийн цагдаа нь улсын байцаагчийн эрхтэйгээс гадна байгаль орчинд хохирол учруулсан этгээдүүдэд хэрэг нээж бүртгэх эрхтэй байх юм байна.
© zasag.mn Enlarge